З.Энхболд: Шатахууны үнийг бууруулахад үр ашгийг дээшлүүлнэ

2015 оны 12 сарын 5

З.Энхболд: Баруун бүс нутгийн шатахууны үнийг бууруулах нь эдийн засгийн үр ашгийг дээшлүүлнэ
 
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.12.05/ Увс аймагт ажиллах үеэрээ бүтээн байгуулалттай танилцаж, Улаангом суманд хэрэгжсэн “Гудамж” төслийн замыг хүлээн авах ёслолд оролцсон юм. Мөн алслагдсан бүс нутгуудад шатахууны үнийг бууруулж, төвийн бүсийнхтэй ойролцоо түвшинд хүргэх ажлын хэрэгжилтийн нээлтэд оролцлоо. 
 
Улсын Их Хурлын дарга З.Энхболд энэ үеэр хэлэхдээ, Монгол Улсын эдийн засаг тэлэхийн хэрээр сүүлийн  арван  жилийн дотор шатахууны хэрэглээ 2.2 дахин өссөн болохыг дурдаад “Энэ их өсөлт бүс нутгийн хүн амын амжиргаа, эдийн засгийн хөгжилд харилцан адилгүй нөлөөж ирсэн. Засгийн газраас энэ асуудлыг шийдвэрлэж, үр дүнд нь алслагдсан баруун бүс нутгийн шатахууны жижиглэн борлуулалтын үнийг төвийн бүсийн үнэтэй ойролцоо түвшинд хүртэл буулгаж чадлаа” хэмээн хэлсэн юм. Түүнчлэн олон жил яригдсан энэ асуудлыг шийдвэрлэж чадсан Монгол Улсын Засгийн газар, Уул уурхайн яам, Газрын тосны газар, шатахуун түгээгч аж ахуйн нэгжүүдийн хамт олонд баяр хүргэв. 
 
 
Сүүлийн жилүүдэд орон нутгийн эдийн засгийн чадавхийг сайжруулах чиглэлд хийсэн бас нэг чухал ажил бол аймгуудыг Улаанбаатар хоттой холбосон хатуу хучилттай зам болохыг Улсын Их Хурлын дарга тэмдэглээд “Монгол Улс 2006-2012 онд жилд дунджаар 265 км авто зам шинээр ашиглалтад оруулсан бол 2013-2015 онд дунджаар 750 км,  нийт 2250 км авто замыг барьсан байна” гэв. Баруун бүсийн авто тээврийн хэрэгсэлүүд энэ замаар явж цаг хугацааг асар их хэмнэж байгаа бөгөөд баруун бүсийн аймгуудын шатахууны үнийг өнөөдөр литр тутамд 120-260 төгрөгөөр бууруулсан нь эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх төдийгүй авто замын ашиглалтыг сайжруулах боломж болохыг онцлон тэмдэглэлээ. 
 
 
Судалгаанаас үзэхэд баруун бүсийн аймгуудын иргэд Улаанбаатар хоттой харьцуулахад шатахуунаа дунджаар 10 шахам хувийн өндөр үнээр худалдан авч байсан бөгөөд 2009 онд энэхүү зөрүү хамгийн өндөр буюу 21 хувьд хүрч байжээ. Харин Засгийн газраас бүс нутгийн шатахууны үнийн зөрүүг бууруулах зорилгоор 2015 оны 11 дүгээр  сарын 09-ний өдрийн 438 дугаар тогтоолоор онцгой албан татварын хувь хэмжээг баруун, зүүн болон төвийн бүсэд ялгавартай тогтоох шийдвэр гаргасан юм. 
 
Улаангом хотноо болсон тус арга хэмжээнд Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Г.Өлзийбүрэн оролцсон юм. Тэрээр, Улсын Их Хурлаас олгосон эрхийн дагуу Засгийн газар манай улсад нийлүүлэгдэж байгаа нефть, нефтийн бүтээгдэхүүний онцгой албан татварыг бүсийн ялгавартайгаар тогтоохоор шийдвэрлэн, хилийн боомтуудад онцгой албан татварын хэмжээг харилцан адилгүй тогтоосон болохыг энэ үеэр хэллээ. Татварын ийм зохицуулалт хийснээрээ алслагдсан бүс нутгууд болон төвийн бүсийн шатахууны үнийн зөрүүг ойртуулах, орон нутагт шатахууны үнийг бууруулах боломж бүрдсэн байна.
 
 
Улсын Их Хурлаас олгосон эрхийн хүрээнд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн алслагдсан аймгуудын шатахууны үнийг бууруулах арга хэмжээ нь баруун бүс нутгийн иргэдийн амьжиргаанд бодит үр нөлөө үзүүлэхүйц, эдийн засгийн дэмжлэг болсныг талаар Улаангом сумын иргэд хэлж байв. 
 
 
Увс аймагт ажилласан томилолтынхоо төгсгөлд Улсын Их Хурлын дарга “Увс аймаг дахь Ардчилсан засаглалын 1000 өдөр”-ийн үр дүнг тайлагнах арга хэмжээнд оролцсон юм. 
 
 
Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга “Увс аймаг дахь Ардчилсан засаглалын 1000 өдөр” арга хэмжээг зохион байгуулан 2013-2015 онд дэвшүүлсэн бодлого, өмнөө тавьсан зорилтынхоо хэрэгжилтийг өрх бүрээр орж иргэддээ тайлагнасан байна. Энэ бол Монгол Улсад жишиг болохоор ажил болсныг Улсын Их Хурлын дарга уг арга хэмжээний үеэр онцлон тэмдэглээд иргэд, аймгийн удирдлагууд Монгол Улсын Их Хурал, Засгийн газартайгаа нэг баг болж, илүү эрч хүчтэй ажиллаж , төрөлх Увс нутгаа, монгол эх орноо хамтдаа хөгжүүлэхийн төлөө зүтгэхийг уриалсан юм. 
 
 
Улсын Их Хурлын даргыг Увс аймагт ажиллах үеэр Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн, аймгийн удирдлагууд болон албаны бусад хүмүүс дагалдан ажиллалаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна