Н.Түвшинбаяр VII байр эзлэв

2015 оны 12 сарын 6

18.10

Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр VII байр эзлэв.

Тэрбээр Тажикстаны С.Сайдов, Чехийн Лукас Крпалек нарыг ялж, хэсгийн аваргын төлөөх барилдаанд БНСУ-ын тамирчин Чо Гухамд цэвэр ялагдснаар торгуулийн барилдаан хийхээр болсон юм. Манай бөх Казахстаны Максим Раковтой барилдах байсан ч дэвжээнд гарч ирсэнгүй. Ингээд шүүгч ялалтыг Раковт өглөө.

Н.Түвшинбаяр жиндээ шагналт VII байр эзлэв.

Энэ оны сүүлийн "Их дуулга" тэмцээнд манай баг тамирчид 2 хүрэл, шагналт V байрт 1, VII байрт 3 жүдоч орлоо.


10.10 цаг.

Японы нийслэл Токио хотноо болж буй жүдо бөхийн “Их дуулга” тэмцээний сүүлийн өдөр хүндийн жингийн барилдаанууд болох юм. Энэ өдөр манай жүдочдоос эрэгтэйчүүдийн 100 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр барилдана. Түүний жинд нийт 37 жүдоч барилдахаас тэмцээнийг зохион байгуулагч орноос дөрөв, Гүрж, Чех, Бразил улсаас тус бүр хоёр, ОХУ, АНУ, Казахстан, Куба, Итали зэрэг улсаас нэг жүдоч барилдах юм.

Н.Түвшинбаяр “С” хэсэгт багтсан бөгөөд Тажикстаны Сайдов Сайдзалолтой эхний барилдаанаа хийнэ.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 90, 100, +100 кг, эмэгтэйчүүдийн 78, +78 кг-ын жингийн барилдаан болж, “Их дуулга” тэмцээн өндөрлөх юм.

Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн олимпийн эрхийн оноо олгох "Их дуулга"-д дэлхийн 91 орны 474 (эрэгтэй 294, эмэгтэй 180) жүдочид өрсөлдөж байгаагаас манай улсаас шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Ардын багш Одвоогийн Балжиннямын удирдлагад нийт 10 тамирчин оролцож байна.

Манай 9 жүдоч Токиогийн татамид гарснаас эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд ОУХМ Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Д.Сумъяа нар ХҮРЭЛ медаль, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Ц.Мөнхзаяа V, эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Амартүвшин, эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг нар шагналт VII байр эзлэв. 11 орон ямар нэгэн медаль хүртээд байгаагаас Япон улс эрэгтэйчүүдийн 81, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд түрүүгээ алдаж, 7 алт, 4 мөнгө, 5 хүрэл медальтайгаар итгэл төгс тэргүүлж байгаа бол Гүрж, Герман нэг алт, БНСУ 2, ОХУ, Франц, Словени улс тус бүр 1 мөнгөн медальтай удаалж байна. Манай баг тамирчид 2 хүрэл, шагналт байранд 3 жүдоч орсноор жагсаалтын IX байрт бичигдэж буй.

Токиогийн "Их Дуулга"-ыг ETV телевиз 15.00 цагаас эх орон даяар шууд дамжуулна. Мөн олон улсын жүдо бөхийн холбооноос www.youtube.com шууд дамжуулж байна.

Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна