АН-ынхан баяраа тэмдэглэж байна

2015 оны 12 сарын 6

Энэ өдрүүдэд Монгол Улсад Ардчилсан хувьсгал өрнөсний 26 жилийн ойн өдөр тохиож байна. Түүх сөхвөл одоогоос 15 жилийн тэртээ буюу 2000 оны арванхоёрдугаар сарын 6-нд Үндэсний Ардчилсан нам, Социал демократ нам, Шашинтны Ардчилсан нам, Уламжлалт Сэргэн мандлын намууд нэгдэж өнөөгийн Ардчилсан намыг байгуулсан юм. Харин 1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд ардчиллыг хүсэмжилсэн залуусын анхны цуглаан болжээ. Гол хөдөлгөгч хүч нь МоАХ байсан аж.

Олон улсын хүний эрхийн өдөртэй давхцуулан хийсэн анхны цуглаанаа МоАХ-ныхан Хүүхэд залуучуудын соёлын төвийн өмнө хийж МАХН-ын Төв хорооны YII бүгд хурал, БНМАУ-ын АИХ-ын YIII чуулганд хандаж 13 зүйл бүхий улс төрийн шаардлага өргөн барих болсноо олон нийтэд хүргэжээ. 
Энэ шаардлагад “Намаас төр засгийн үйл ажиллагааг шууд удирдан чиглүүлэх замаар нөлөө үзүүлэх явдлыг зогсоож, тус улсын улс төрийн амьдралыг олон намын системийн үндсэн дээр зохицуулах....” “Хүний эрхийн түгээмэл тунхаглалд тодорхойлсон хүн ард иргэдийн дархан эрхийг ....дээдлэн хүндлэх...” зэрэг ардчиллын үндсэн зарим болсон заатуудыг тусгасан байсан юм. 

Шаардлага ажил хэрэг болсноор 70 шахам жил нэг намын тогтолцоотой байж, харийн гүрний хараат явсан Монгол оронд хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, ардчилсан нийгэм байгуулахын эхлэл тавигдсан юм.

Ардчилсан намаас дээрх түүхт өдрүүдийг арванхоёрдугаар сарын 6-10-ний өдрүүдэд тэмдэглэх гэж байна. Тухайлбал, өнөөдөр 11.40 цагт Төрийн ордны ёслол хүндэтгэлийн Баганат танхимд “Ардчилсан хувьсгал 25-Бүтээн байгуулалт” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг нээнэ. Тус арга хэмжээг Ардчилсан намын Хэрэг эрхлэх газар, Гамма агентлагтай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд үзэсгэлэнд Ардчилсан намын  дарга З.Энхболд, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нар оролцох юм байна.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна