Математикийн уралдааныг албан ёсны эрхтэйгээр зохионо

2015 оны 12 сарын 6

Олонлог сургуулийг  үүсгэн байгуулагч, математикийн гоо сайхны соён гэгээрүүлэх Олонлог сэтгүүлийн эрхлэгч, Б.Баясгалантай ярилцлаа.


-Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойд зориулсан Математикийн улсын уламжлалт уралдааныг удахгүй Олонлог төв сургууль зохион байгуулах гэж байна. Энэ жилийн уралдаан ямар онцлогтой байх вэ?

-Энэ уралдаан анх 2011 онд Тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны 100 жилийн ойд зориулан зохиогдсон. 2012, 2014 онуудад эчнээ уралдаан хэлбэрээр, 2013 онд 2-р уралдаан зарлагдаж амжилттай явагдсан юм. Энэ жилийн хувьд 3-р уралдаан энэ 12-р сарын 8-13-ны өдрүүдэд Олонлог сургууль дээр болно. Уралдаан олон онцлогтой байх юм. Уралдааны мэдээллийн ивээн тэтгэгчээр news.mn сайт, Өдрийн сонин байдаг уламжлалтай.

Математикийн сургалтандаа Олонлог сургуулийн олсон амжилтуудыг үнэлэн энэ оны 5-р сард Монголын математикийн 51-р олимпиадыг Олонлог сургуулийн нэрэмжит болгон зохион байгуулсан онцлогтой жил бол 2015 он байлаа. Энэ олимпиадыг Олонлог сургуулийн хамт олон гайхамшигтай сайн зохион байгуулж, оролцогчдод хүндэтгэлтэй хандсан, олон улсын олимпиадын жишигт хүрсэн гэсэн үнэлгээ авч буухиагаа Архангайчуудад хүлээлгэн өгсөн билээ.

Улсын хэмжээний уралдаан, олимпиадыг цөөнгүй зохион байгуулсан өргөн туршлага, түүнд шаардлагатай мэдлэг боловсрол, бүтээлч хамт олондоо түшиглэн энэ уралдааныг улсын хэмжээнд уламжлал болгон зохион байгуулах санаачлагыг албан ёсоор гаргасан жил юм. Энэ санаачлагыг маань Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам албан ёсоор дэмжсэн шийд гаргалаа. Бид Нийслэлийн Боловсролын газартай ч уралдааныхаа талаар зөвлөлдсөн юм. Монгол улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр төрийн бодлогын холч хараа, уян хатан чанарыг илтгэсэн чиглэл өгснөөр энэ уралдаан албан ёсоор явагдах болсонд математикийн боловсролын төгөлдөршлийн төлөө зүтгэдэг бүх хүмүүсийн өмнөөс талархал илэрхийлэе. БСШУ-ны яамны газрын дарга Насанбаяр, мэргэжилтэн Болормаа болон Нийслэлийн Боловсролын газрын дарга Отгонбагана нарт бид бүхнийг дэмжиж уралдаан албан ёсоор явагдах боломжийг нээж өгсөнд талархаж байна.

Энэ жилийн уралдааны хамгаас тод онцлог нь манай сургууль үйл ажиллагаагаа явуулдаг Чингэлтэй дүүрэгтэй холбоотой. Учир нь Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд энэ жилийн уралдааныг ивээлдээ авч бидний ажилд жинтэй тус дэм үзүүлэхээр боллоо. Энэ дүүргийн баг, хамт олон энэ уралдаанд үнэн сэтгэлээсээ туслалцаа үзүүлж ажиллаж байгаад бид туйлын баяртай байгаагаа уламжилая. Тусгаар тогтносон Монголыг боловсрол, эрдэм мэдлэг, зөв оюун ухаан авч явна гэсэн үзэл баримтлалыг Засаг дарга Д.Ганболд илэрхийлж, түүний баг нь бүрэн дүүрэн хэрэгжүүлж байгаад бид урамшиж хамтран ажиллаж байгаадаа сэтгэл өндөр байна.

Математикийн улсын хэмжээний энэ уралдаанд дэвшигдэх бодлогын гоо сайхан, чанар чансаанд анхаарч, шагнал урамшууллын оновчтой хувилбарыг сонгосон гэж бодож байна.

-Сүүлийн үед математикийн олон төрлийн олимпиад, уралдаан энд тэнд зохион байгуулагдах боллоо. Үүнийг та юу гэж хардаг вэ? Нэг талаас хүүхдүүдийг хөгжүүлж, өөрсдийгөө сорих боломж олгосон гэж эергээр тайлбарладаг. Гэтэл нөгөө талаас хэт олон, болсон болоогүй олимпиад болж шагнал, урамшуулал үнэгүйдэж байна гэх нь ч бий?

-Өнгөн талаас нь харвал буруу ч зүйл байхгүй л дээ. Гагцхүү хариуцлагын тухай асуудал юм. Уралдаан зохион байгуулагчид болон уралдаанд шавь нараа оруулж байгаа багш, хамт олны хариуцлага, мөс чанар, ур чадварын тухай яриа гарах юм. Хариуцлагагүй, бие биенээ дуурайсан, адилхан хэв загвартай олон уралдаан эцэг эхчүүдэд сөрөг сэтгэгдэл төрүүлж, уралдаанаас үлдэх үр ашиг, сургамжит чанарууд алдагдснаас суралцагчид ч олимпиадын талаар өрөөсгөл төсөөлөлтэй, сургууль, багш нарт ч хэт улайрсан, явцуурсан хандлага харагдаж эхэлснийг хэлэх хэрэгтэй. Тийм ч учраас олимпиад, уралдааныг хориглох агуулгатай хандлагууд олон нийтийн зүгээс гарсан байх.

Олимпиадын хөдөлгөөнийг ганцхан манай улсад ч биш, дэлхий даяараа хэлэлцэж, хэтийн төлөв хандлагыг нь зөв чиглэлд оруулах гэсэн санаа зовинол, санаачлага их байна. Юуны өмнө математикийн олимпиадын спортлог хандлагыг багасгах санаа их яригдаж байгааг хэлэе. Өөрөөр хэлбэл, зөвхөн медаль авах, түрүүлэхийн төлөөх тэмцэл гэсэн байр суурийг эргэж харахыг хэлсэн хэрэг л дээ. Харин олимпиадыг математик болон бусад эрдэм ухаанд нэвтрэн орох боломжит нэг хаалга, шинэ мэдлэг, эрдэм ухааныг оновчтой эзэмших бас нэг эхлэл гэж үзэх нь зөв байр суурь л даа. Олимпиад уралдаанд математикийн гоо сайхны ямар нэгэн шинэ зүй тогтлыг шингээсэн, шинжлэх ухаан, судалгаанд хамаатай бодлого сэдвүүдийг оруулдаг байх нь илүү чухал гэсэн үг л дээ. Энэ бүхэн хуримтлагдсаар шинэ мэдлэг, өндөр түвшин болж төлөвшдөг. Олимпиад өөрөө баригдмал, стандарттай байж хэзээ ч болохгүй.

Нөгөө талаас, даяаршсан дэлхий, мэдлэг оюун ухааны нийтийн зах зээл дээр сайн оюун ухаан, хурдтай сэтгэлгээ үнэтэй байсаар байх юм. Олон улсын математикийн олимпиад буюу Дэлхийн математикийн аварга шалгаруулах жил бүрийн тэмцээн дээр өрсөлдөөн ихэсч, улс орнууд ихээхэн ач холбогдол өгдөг болсныг анзаарахгүй байх аргагүй юм. Бид авъяас чадвартай сурагчдаа эрт илрүүлж тэднийг олон улсын түвшинд бэлтгэж байхгүй бол оюун ухаан, бодох урлагийн чансаагаар хойгуур орж, улмаар монгол үндэстнийг тархи, толгой муутай гэх хандлага гарахыг үгүйсгэх аргагүй юм. Математикийн олимпиадад амжилттай оролцож байсан суралцагчид хожим нь нэг их муу явдаггүй мэт санагддаг л даа. Энэ туйлшрал байж болох л доо. Гэхдээ томоохон алба хашч байгаа хүмүүсийг анзаарахад цөөнгүй нь олимпиадчин байсан намтартай байдаг л даа. Google, Facebook энэ тэр гээд том компаниудад ажиллаж байгаа монголчууд дотор олимпиадын аваргууд цөөнгүй байна лээ. Энэ бол олимпиадад оролцдоггүй суралцагчдыг баалж байгаа хэрэг огт биш шүү. Гагцхүү олимпиадын үр ашигт зарим нэг талыг л хэлэх гэсэн оролдлого байлаа.

-Та бүхний зохион байгуулдаг олимпиад цар хүрээний хувьд өргөн болж байгаа харагддаг. Энэ юутай холбоотой вэ?

-Анхдугаар уралдаанд 1700, 2-р уралдаанд 1900 гаруй оролцогчид өрсөлдсөн байдаг. Бодлогын сонголт зөв, зохион байгуулалт сайн байсны л үр дагавар байх. 1993 оноос тогтмол хэвлэгдэж байгаа Олонлог сэтгүүлийн олон жилийн хуримтлагдсан материал, Олонлог сургуульд багшилдаг чадалтай олон багш нарын нэр хүнд нөлөөлдөг л байх. Оролцогч бүр Олонлог сэтгүүлийн тусгай дугаар авч, оролцогчдын 10 хүртэлх хувь хөдөлмөрөө үнэлүүлж улам ахиж дэвших урмаар шагнагддаг уламжлал ч бас бий. Математикийн шинэ үр дүн, чиг хандлагаас хоцрохгүйн тулд тогтмол хийгддэг Улаанбаатарын Математикийн нээлттэй семинар, Математикийн Баасан гаригийн сургалт-семинарын үр нөлөө ч бий.

-Ер нь сурагчдын математикийг харах хандлагыг багаас нь зөв төлөвшүүлж чадвал ямар ч шинжлэх ухааны суурь болж өгдөг гэдэг. Үүний тулд юун дээр анхаарч ажиллах хэрэгтэй гэж боддог вэ?

-Үнэн л дээ. Ертөнц ерөөсөө математик зүй тогтолтой гэсэн үзэл баримтлал үнэмшилтэй сонсогдох болсон л доо. Би ч тэгж боддог. Хүүхэд бүр математикт амжилттай суралцах албагүй юм. Гэхдээ хүүхэд бүр математикийг ухаарах, зүй тогтлыг нь анзаарах чадвартай гэж би үздэг. Энэ бол уралдах, түрүүлэхтэй огт хамаагүй асуудал юм. Математикт суралцах арга энгийн шүү дээ. Эхнээс нь эхэл, оролд, оролд, асууж мэд, тэвчээртэй бай, хэзээ ч битгий бууж өг, дахиад оролд.

-Зарим хүүхдийн хувьд “математик гэхээр толгой хүрдэггүй” гэх мэтээр зүрхшээдэг. Ийм хүүхдийн математикт хандах хандлагыг өөрчлөхийн тулд яах хэрэгтэй вэ?

-Математикт толгой хүрэхгүй гэсэн байр суурь хамгийн бурангуй, бас худал зүйл мөн. Олонлог сургуулиар жишээлж болно л доо. Энэ сургууль элсэгчдийг ангилж, шалгаруулж шилж авдаггүй цөөн сургуулиудын нэг. Орон тоо байвал элсэн сурч болно. Суралцагчдад Олонлогийн багш нарын тэвчээртэй, хүлээцтэй, хүндэтгэлтэй ханддаг байдал амжилт авчирдаг. Бүр багаас нь хөтлөн алхам алхмаар, шат шатаар ахиулсаар ердийн нэг сурагчийг олон улсын түвшинд хүртэл сургадаг нь энд бий болсон уур амьсгал, уламжлал, нөр их хөдөлмөрийн л үр дүн юм. Дийлэнх суралцагчид стандартаас давсан мэдлэг, чадвартай болоод төгсдөгийг бидний 13 жилийн түүх нотолдог. Багш маш чухал. Математикийг гоё, хялбар, уран заахад л анхаарах шаардлагатай. Маш энгийн зүй тогтолтой зүйл болохыг суралцагчдад мэдрүүлэх учиртай. Багш сурагчийн хамтын хөдөлмөр, харилцан ойлголцол хамгаас чухал. Өөр юу ч байхгүй.

-Эцэст нь асуухад, Олонлог зэрэг хэд хэдэн сургуульд хоолны хордлого гарч, халдвар үүссэн талаар мэдээлэл цацагдлаа. Энэ дээр та тайлбар өгөхгүй юу?

-Олонлог сургуулийн хувьд 10-р сарын дундуур 1-5-р ангийн цөөнгүй хүүхэд Баасан гаригт бүрэн хичээллэчихээд Даваа гаригт нь халуурах, бөөлжих, гүйлгэх шинж тэмдэг илэрсэн гэснээр хичээлдээ ирээгүй юм. Сургуулийн удирдлага ч анхаарал тавьж гэдэсний хордлого гарсан байх гэсэн хамгийн муу хувилбараар тооцож арга хэмжээ авсан. Гэхдээ адилхан хоол ундаар үйлчлүүлдэг 6-12-р ангийн сурагчдаас нэг ч хүүхэд өвчлөөгүй нь хоолноос болоогүй гэсэн найдлагыг бидэнд үлдээж байсан л даа. Мэргэжлийн хяналт, Халдвартын баг ч тандан шинжилгээ хийж сургалтыг хязгаарлах, гуанзанд тандалт хийх зэрэг шуурхай арга хэмжээнүүдийг авч шинжилгээг ул суурьтай хийсэн. Азаар энэ бүхэн хоолноос болоогүй нь тогтоогдсон бөгөөд бид бүхний ажилд хариуцлага, дэг журам илүүдэхгүйг сануулсан сургамжтай үйл явдал болоод өнгөрсөн юм.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр шинжилгээний хариу бүрэн гараагүй байхад олон давтамжтайгаар хоолноос хордсон хэмээн мэдээлсэн нь манай зарим эцэг эхчүүдэд цохилт болж, сургууль хамт олон руу дайрч давшлах шалтгаан болсонд харамсч явдаг. Бид ч гэсэн ингэж дайрч давшлуулах боломжийг олгосон нь буруу гэдгээ хүлээх учиртай. Сургуулийн удирдах ажилтнууд эцэг эхчүүдтэй уулзаж ийм явдал гарсанд уучлал гуйгаад хичээл сургалтаа жигдрүүлсэн л дээ. Гэхдээ л Олонлог сургууль бүтэн сарын хугацаанд бүх зүйлээр хохирч, сургалтын хэм алдагдсан харамсалтай явдал байлаа. Хүүхдүүд маань ноцтой, урхагтай өвчлөөгүйд л санаа амар яваа. Одоо эргээд сурвалжлахад халуурах, бөөлжих, гүйлгэх шинж тэмдэгтэй вирусын гаралтай байж мэдэх өвчлөл бага насныхны дунд элбэг байсан юм билээ.

Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна