Хүүхдийн овгийг буруу бичсэнээс 21000 олгогдохгүй болжээ

2015 оны 12 сарын 6

Засгийн газрын харьяа 11-11 төвд өнгөрсөн ажлын өдрүүдэд иргэдээс ирүүлсэн гомдлыг түүвэрлэвэл, нийтийн тээврийн үйлчилгээ, УИХ, газрын алба, Иргэний бүртгэлийн газар зэрэг төрийн бүхий л ажил үйлчилгээтэй холбогджээ.

Тухайлбал, Завхан аймгаас холбогдсон иргэн хүүхдийн овгийг буруу бичиж, улсын бүртгэлд оруулснаас наймдугаар сард мэндэлсэн хүүхдийн мөнгийг өнөөг хүртэл авч чадахгүй он дуусгах болж байгаагаа учирлажээ. №1512047088 дугаартай зочин энэ тухай “Завхан аймгаас холбогдож байна. Манай хүүхэд шинээр мэндэлж өнгөрсөн наймдугаар сард Чулуунбатын Ганцацрал гэж төрсний гэрчилгээ авсан байгаа. Иргэний бүртгэлийн газар дээр шүүлгэхэд Сэрээтэргаравын Ганцацрал гэж ээжээр нь овоглож буруу шивсэн байна. Үүнээс болж хүүхдийн мөнгө орохгүй байна. Энэ асуудлыг яаралтай шийдэж өгнө үү” гэжээ.

Мөн №1512048709 дугаараар холбогдсон зочин “УИХ-ын дарга З.Энхболд танаа,  ард түмнийхээ амьдралыг захын дүүргүүдээр явж судалж үзэх хэрэгтэй байна. Гэмт хэргийн тухай хууль хэлэлцэж байж яагаад ард түмнийхээ амьдралыг доог тохуу болгон хүлээж аваад байна вэ? гэжээ.

Улсын хэмжээнд 15 аймгийн 37 суманд өвөлжилт хүндэрч, зарим малчин бусад аймаг, сумын нутаг руу оторлохоос аргагүй болсон. Харин отроор явж байгаа малчдаас малын хөлийн татвар өвч байгааг 1512040500 дугаар холбогдсон иргэн учирлажээ. Тэрээр “Өвөрхангай аймгаас холбогдож байна. Отроор явж байгаа иргэдээс малын хөлийн татвар авч байна. Энэ ямар учиртай юм бэ. Авах ёстой юм уу” гэсэн бол, №1512043993 дугаарын зочин “Би ипотекийн зээлтэй. Зээлийн графикаа өөрчлүүлэх хүсэлтийг  2015 оны наймдугаар сард гаргасан боловч одоо болтол шийдэж өгөхгүй байна. Энэ талаар Голомт банкнаас асуухад Монголын Ипотекийн Корпораци/МИК/-аас шийдэж өгөхгүй байна гэлээ. Энэ асуудлаар МИК-руу залгасан боловч утсаа авахгүй байна. Шийдэж өгнө үү.

№1512046512 дугаарын зочин “Замын-Үүдийн гааль зөвшөөрлийн бичигтэй ачааг дур мэдэн зогсоож байна.Яаралтай арга хэмжээ авна уу.

№1512046096: Чингэлтэй дүүргийн газрын албанд 2014 оны дөрөвдүгээр сард газрын эзэмшигчийн гэрчилгээ хаяж үрэгдүүлэн дахин авах гэж өргөдөл бүрдүүлэн өгсөн. 2015 онд архиваас асуухад хороо хариуцсан газар зохион байгуулагч Нэргүйд шилжүүлсэн байна. Зохион байгуулагчтай удаа дараа холбогдсон боловч арга хэмжээ авахгүй мөн хүнд сурталтай байна. Яаралтай газрын гэрчилгээг олгож өгнө үү.

№1512044882:Баянхошуу урдуур Ч:20А чиглэлд үйлчилгээнд явдаг автобус дэндүү хол зайтай цөөн тоогоор явдаг. Хүмүүс гэртээ харих гэж хүйтэнд доод тал нь 1 цаг гаруй автобус хүлээж зогсож байна. Энэ чиглэлд үйлчилгээнд явж байгаа автобусны жолооч нь хүнд сурталтай. Буудлаасаа хүнээ суулгахгүй хаяж явдаг, таньдаг хүмүүсээ хаа дуртай газараа зогсож буулгаж суулгадаг, зорчигчидоо гүйцэт буулгадаггүй. Хурд хэтрүүлж огцом тормос гишгэж явдаг, кабиндаа тамхи татдаг, шаардлага тавьсан хүний өөдөөс хэл амаар доромжилж хараал хэлдэг. Энэ бол бодит үнэн тул нийтийн тээврээр үйлчлүүлдэг хүмүүсийн өмнөөс гомдол мэдүүлж байгаа тул холбогдох газарт нь дамжуулж шалгуулан шаардлага тавина уу! Гэжээ.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна