Мэндчилгээ

2015 оны 12 сарын 6

Ардчилсан хувьсгалын 26 жил, Ардчилсан нам байгуулагдсаны 15 жилийн ойд зориулан Ардчилсан намын дарга З.Энхболд мэндчилгээ дэвшүүллээ.


Ардчилсан Монгол Улсын эрх чөлөөт иргэд ээ,

Ардчилсан намын гишүүд, дэмжигчид ээ,

Та бүхэндээ Ардчилсан хувьсгалын 26 жилийн ой, Ардчиллын төлөөх таван нам нэгдсэний 15 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.

Ардчиллын төлөөх намууд нэгдсэн түүхэн энэ ойн өдөр Ардчилсан нам эрхэм зорилго, тулгуур үнэт зүйлсийнхээ хэрэгжилтэнд үнэлэлт дүгнэлт өгөх нь Ард түмнийхээ өмнө хүлээсэн манай намын үүрэг гэж үзэж байна.

Ардчилсан намын эрхэм зорилго нь: Монголын үндэсний эрх ашгийг дээдлэн, хувь хүн, өрх гэрийн хөгжлийг эрхэмлэж, баялгийг бүтээгч, чинээлэг, эрх чөлөөт иргэдийн хариуцлагатай нийгмийг төлөвшүүлэхэд оршино.

Ардчилсан намын тулгуур үнэт зүйлс нь:

  • Хүний жам ёсны, заяагдмал эрх;

  • Эрх чөлөөний баталгаа болох хувийн өмч;

  • Хувь хүний эрх ашиг, хариуцлагын ухамсар;

  • Хувь хүний авьяас чадвар, хүсэл тэмүүлэл;

  • Өрх гэрийн чинээлэг оршихуй;

  • Төрийн хязгаарлагдмал оролцоо;

  • Төрийн нээлттэй, иргэдэд хянагдах тогтолцоо;

  • Иргэний, нээлттэй нийгэм;

  • Чөлөөт өрсөлдөөн бүхий зах зээл;

  • Жендрийн тэгш байдал болно.

Монгол хүний жам ёсны, заяагдмал эрхийг хангах, хувийн өмчийг дээдлэх хүрээнд гэрч, хохирогчийг хамгаалах, төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх тогтолцоог бүрдүүлж,  шинэ эрүүгийн хууль баталснаар хувийн өмч, зах зээлийн тогтолцоог хамгаалж, хүүхдийн эрх, гэр бүлийн эрх, хувь хүний эрхийг хамгаалах чиглэлд  шинэчлэл хийж чадлаа. Гэсэн хэдий ч хүний эрхийг хамгаалах баталгааг бүрдүүлэх асуудал удаашралтай, хэрэгжилт хангалтгүй байгаа талаар иргэдээс ирүүлж байгаа санал гомдолд анхаарлаа хандуулж, шийдвэрлэх нь манай намын бодлого байх болно.

Хувь хүний эрх ашиг, хариуцлагын ухамсрыг иргэн бүрт таниулан, тэдний амьдралын хэм хэмжээ болгож хэвшүүлэх нь Монгол орны хөгжлийн онцгой хүчин зүйл гэж Ардчилсан нам үзэж байна. Цагдаагийн байгууллагын хууль баталж, цагдаа нь  даргыг  биш иргэнээ хамгаалдаг, иргэндээ үйлчилдэг тогтолцоог бий болголоо.  

Ардчиллыг дураар авирлах явдал хэмээн эндүүрэх нь бидний хүссэн ардчилал биш гэдгийг намын удирдлагаасаа эхлээд жирийн гишүүн хүртэл ухамсартайгаар биелүүлэх нь манай намын үнэт зүйлд нийцэх учиртай. Хариуцлагатай нийгэм-хариуцлагатай иргэний төлөвшлийн төлөө үйл ажиллагаагаа чиглүүлэх болно.

Хувь хүний авьяас чадвар, хүсэл тэмүүллийг хөгжүүлэхийн тулд боловсролын салбарт “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд хүүхэд бүрийн авьяасыг илрүүлэн хөгжүүлж, өөрийн авьяас, сонирхолынхоо чиглэлээр секц, дугуйлан, клубт хамрагдаж байна.  “Ном” хөтөлбөрийн хүрээнд дунд сургуулийн анги бүр номын сантай болж МУИС, МУБИС, ЭМШУИС-ууд 6-7 давхар номын өргөөтэй боллоо. АН-ын засаглалын үед “НАМ”-ын биш “НОМ”-ын орднууд сүндэрлэн босож байгаа сайн үйлсийг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Сүүлийн 3 жилийн хугацаанд ерөнхий боловсролын сургууль 78, шинээр 116 цэцэрлэг  ашиглалтанд орж, физик, химийн 500 гаруй лабораторийг орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглосон байна.

Өрх гэрийн чинээлэг оршихуй бол Ардчилсан Намын тулгуур үнэт зүйлсийн нэг. Нэг хүнд ногдох ДНБ 2010 онд 3.5 сая төгрөг байсан бол 2015 онд 7.4 сая төгрөг болж нэмэгдсэн байна. 1990 оноос өмнөх жилүүдэд 27 сая толгойгоос илүү гарч байгаагүй малын тоо 2015 оны эцэст 60 сая толгойд хүрэх төлөвтэй байна. 1940-1990 оны хоорондох 50 жилд Монгол Улсын эдийн засаг 10,4 дахин өссөн бол Ардчилсан хувьсгалаас хойшхи 25 жилийн хугацаанд 76 дахин өссөн байна.

Үндэсний 1084 үйлдвэрт олгосон Чингис бондын зээл ойрын 2-3 жилд үр дүнгээ өгч импортыг орлож, экспортыг нэмэгдүүлж эдийн засгийг сэргээх суурь үндэсийг тавилаа.

Эргэн төлөгдөх, эдийн засгийн үр ашгаа өгөх Чингис бондын хөрөнгө оруулалтын  ажлууд  нь өмнөх засгийн үед тараасан 21 мянган төгрөгийн бодлогоос илүү алсыг харсан ажил болж, эрчим хүчний үйлдвэрлэлийг анх удаа 173 мвт буюу 25 хувиар өргөтгөж, 8 хувийн зээлээр 75 мянган өрх шинээр орон сууцтай болж, 7 аймаг, олон арван сумыг холбосон 2655 км засмал зам баригдаж, аймгийн төв, нийслэлд гудамж төсөл хэрэгжсэн.

Монгол хүнээ ажилтай, орлоготой байлгахын төлөө төрийн тэргүүнээс эхлээд жирийн иргэн хүртэл чармайж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих сэтгэлгээний шинэ хандлага бий боллоо. Сүүлийн 3 жилийн хугацаанд дэлхийн зах зээл дэх  нүүрсний үнэ 3 дахин,  зэсийн үнэ 30 хувиар унаж улс орны эдийн засагт сөргөөр нөлөөлж, өрх гэрийн чинээлэг оршихуйг хангах Ардчилсан намын тулгуур үнэт зүйлийг хэрэгжүүлэхэд хүндрэл бэрхшээл үүсгэж байгаа ч уул уурхайгаас хараат бус эдийн засгийг хөгжүүлэх талаар Ардчилсан намаас хийж хэрэгжүүлсэн ажлууд ойрын жилүүдэд үр дүнгээ өгч эхэлнэ. 

Төрийн хязгаарлагдмал оролцоо. Бизнесийн үйл ажиллагаанд төрөөс оролцох оролцоог хязгаарлаж 140 гаруй тусгай зөвшөөрөл, лицензийг хүчингүй болгож тодорхой ахиц дэвшил гарч байна. Төрийн үйлчилгээг түгжрэлгүй шуурхай болгох ТҮЦ машин ажиллуулж эхэлсэн нь олон үйлчилгээг цахимаар дараалал, хүнд сурталгүй авах боломжийг бүрдүүлсэн байна. УИХ-ын гишүүд тойрогтоо тэрбум төгрөг хувиарлуулдаг байсан тогтолцоог халж, орон нутгийн хөгжлийн санг жил бүр 250 гаруй тэрбум төгрөгөөр дэмждэг боллоо. Иргэдийн саналаар орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг шийдвэрлэдэг болсоноор сум, багийн өнгө зүс мэдэгдэхүйц сайжирлаа. Цаашид төрийн байгууллагын чадавхийг сайжруулах, төрийн албан хаагчийг улс төрөөс ангид байлгах, төрийн албан хаагчийг томилох шалгуурыг тодорхой болгох, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох талаар иргэдийн санал шүүмжлэлийг тусгасан өөрчлөлт, шинэчлэлийг хийх шаардлага бий болж байна.

Төрийн нээлттэй, иргэдэд хянагдах тогтолцоо, иргэний, нээлттэй нийгэм бүрдүүлэх Ардчилсан намын тулгуур үнэт зүйлийн хүрээнд 2014 оноос Шилэн дансны хуулийг хэрэгжүүлж эхэлснээр анх удаа төсвийн зарцуулалт иргэдэд ил тод болж, Монгол төрийн түүхэнд томоохон дэвшил гарлаа. Ардчилсан Намын санал санаачилгаар төрийн байгууллагаас гарч байгаа шийдвэрүүд олон нийтэд нээлттэй байх эрх зүйн тогтолцоо бий боллоо. Цаашид Шилэн дансны хууль, Мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Нийтийн сонсголын тухай хуулиудын хэрэгжилтийг хангаж, төрийн үйл ажиллагаа  иргэдийн өмнө нээлттэй ил тод байх бололцоог баталгаажуулах нь Ардчилсан намын тулгуур үнэт зүйл байх болно.

Чөлөөт өрсөлдөөн бүхий зах зээл бол Ардчилсан намын тулгуур үнэт зүйлийн нэг. Үндэсний эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор Үйлдвэрлэлийг дэмжих тухай болон Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг батлан хэрэгжүүлж байна.

Монгол улсын эрх чөлөөт иргэд ээ,

Ард түмнийхээ санал, шүүмжлэлийг  хүлээн авч, хуулийг хэрэгжүүлж, ёс зүйг эрхэмлэж,  улс орны хөгжил дэвшил, иргэдийнхээ чинээлэг амьдралын төлөө хариуцлага үүрч ажиллах нь Ардчилсан намын үүрэг гэж үзэж байна.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна