Ардчилсан хувьсгал 25-бүтээн байгуулалт үзэсгэлэнг нээлээ

2015 оны 12 сарын 6

Ардчилсан нам үүсэн байгуулагдсаны баярын өдөр өнөөдөр. Өдгөөгөөс 15 жилийн өмнө буюу 2000 оны арванхоёрдугаар сарын 6-нд ардчиллын төлөөх таван нам нэгдэж Ардчилсан намыг байгуулж байсан. Баярын энэ өдрийн хүрээнд Төрийн ордны Баганат танхимд “Ардчилсан хувьсгал 25-Бүтээн байгуулалт” гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ. Үзэсгэлэнг нээж Ардчилсан намын З.Энхболд, “Энэ жилийн намын баярыг бүтээн байгуулалтаараа тэмдэглэхээр болсон. Өчигдөр Увс аймгийн Улаангом хотод Гудамж төслийн ажлыг хүлээж авлаа. Баруун гурван аймгийн бензиний үнийг Улаанбаатар хотынхтой яг ижил болголоо. Баруун, зүүн талаар орж ирдэг татварын зохицуулалтыг Улаанбаатарынхаас бага болгосон учир бензиний үнэ буурч байна. Ирэх бямба гаригт Архангай аймгийн “Гудамж” төслийг хүлээж авна. Солонготын давааны замын ажлыг хүлээж авна. Өнөөдөр та бидний үзэж байгаа фото зургаар сүүлийн 25 жилийн хугацаанд юу хийж бүтээв гэдгийг харуулж байна” гэв.

Гэрэл зургийн үзэсгэлэнд Ардчилсан хувьсгалаас хойшхи Монгол оронд өрнөсөн бүтээн байгуулалт, өөрчлөлт шинэчлэлт болоод Ардчилсан засаглалын үед хийж бүтээсэн, өнгө төрхөө өөрчилсөн, ажлуудыг өмнөхтэй нь харьцуулсан байдлаар дэлгэн танилцуулж байгаа юм. Үзэсгэлэн энэ сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна