“Miss Earth”: А.Баярцэцэг ТОП-16-д багтлаа

2015 оны 12 сарын 6

Австрийн Вена хотноо “Эх дэлхийн мисс-2015” буюу “Miss Earth” тэмцээний финалын шалгаруулалт өнөөдөр боллоо. Дэлхийн 95 орны гоо бүсгүйчүүд титмийн төлөө өрсөлдсөнөөс Монгол Улсаа төлөөлөн А.Баярцэцэг амжилттай оролцож, ТОП-16 ялагчийн нэг боллоо. Түүний хувьд явцын шалгаруулалтад амжилттай оролцож, гурван алт, нэг хүрэл медалийг цуглуулсан юм. Мөн Монголынхоо тухай танилцуулсан видео 160 мянган хандалтыг авч тэргүүлсэн.

Финалын шалгаруулалтын ТОП 16-д Унгар, АНУ, Украин, Австрали, Чех, Бразил, МОНГОЛ, Филиппин, Маврикий, Шотланд, Австри, Чели, Колумб, Венесуэл, Франц, Гуам улсын миссүүд орсон юм. Эндээс шилдэг наймд АНУ, Австрали, Бразил, Филиппин, Австри, Чили, Колумб, Венесуэл улсын миссүүд үлдсэн.

Финалын шалгаруулалтын үед явцын дүн хамаараагүй бөгөөд хоёр гарааны дараа шилдэг наймыг тодруулсан юм.

"Miss Earth-2015"-ын титмийн эзнээр Филиппиний мисс Анжелиа Онг тодорлоо.

"Miss Earth-2015"-ын титмийн эзнээр Филиппиний мисс Анжелиа Онг тодорлоо.

“Miss Earth” тэмцээний ялагч гоо бүсгүй тухайн жилийн байгаль орчин, экологийн болон дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд “Miss Earth” сан болон НҮБ-ын байгаль орчны төсөл хөтөлбөрийн элч төлөөлөгч болдог аж.

Мисс А.Баярцэцэг явцын шалгаруулалтаас гурван алт, нэг хүрэл медаль хүртсэн юм. Мөн авьяасын төрөлд шилдэг 12-т багтаж, Ази тивийн гоо бүсгүйчүүдээ төлөөлөн НҮБ-ын индэр дээрээс Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулааралтай холбоотой сэдвээр илтгэлийг тавьсан юм.

АЛТАН МЕДАЛЬ:

  • Фото шалгаруулалтын ангилал
  • Үдшийн гоёлын даашинзны төрөл /дизайнер Д.Отгонжаргал/
  • Багийн "Бүтээлч сэтгэлгээний төрөл"-д Ази тив.

ХҮРЭЛ МЕДАЛЬ

  • “Шилдэг коктейл даашинз” буюу богино даашинзтай алхаа (дизайнер Д.Отгонжаргал)

“Miss Mongolia-2015” тэмцээний тэргүүн мисс А.Баярцэцэг нь “Торго” загварын агентлагт харьяалагддаг бөгөөд топ модель Г.Уранцэцэг, “Азийн хатан хаан” Г.Оюунгэрэл нарын шавь юм. Тэрээр “Miss Mongolia-2015” тэмцээний үеэр “Миний боловсрол дэлхийд өрсөлдөнө” сэдвээр Англи, Испани хэлээр илтгэл тавьж, “Оюунлаг мисс”-ээр тодорч байсан байна.

Энэ жил 24 настай мисс А.Баярцэцэг өнгөрсөн жил “Miss international-2014” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцжээ. Хоёр дахь удаагаа олон улсын миссийн тэмцээнд оролцож буй тэрбээр энэ жилийн ЭХ ДЭЛХИЙН МИССИЙН ТОП-16 миссийн нэг боллоо.

"Miss Earth-2015" тэмцээний  ТОП-16 оролцогчийн нэг мисс А.Баярцэцэгтэй Австрийг зорихийн өмнө хийсэн ярилцлагыг ЭНД дарж уншина уу.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна