Цэцийн дүгнэлт Засгийг эмзэг болгов

2015 оны 12 сарын 7

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанд УИХ-ын гишүүн Х.Баттулга оролцох үеэрээ “Засгийн газрыг унагачихаад байхад юугаа ярих гэсэн юм бэ” хэмээн бухимдсан гэх нь бий. Чухам ямар агуулгаар ийм хатуухан үгийг бүлгийн гишүүддээ хаягласан нь албан ёсоор баталгаажихгүй байгаа ч Үндсэн хуулийн Цэцийн 2015 оны арваннэгдүгээр сарын 25-нд гаргасан дүгнэлттэй холбоотой гэх яриа чих дэлсэж байна.

Цэц дээрх өдрийн их суудлын хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтаар Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг Ерөнхий сайдын оролцоогүй буюу түүний саналгүйгээр УИХ-ын нэг гишүүний саналыг үндэслэн шууд хэлэлцэн шийдвэрлэх боломжийг бүрдүүлсэн байгаа нь эрх мэдэл хуваарилах болон танхимын зарчмын талаарх Монгол Улсын Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалыг алдагдуулан, Ерөнхий сайдын бүрэн эрхийг хязгаарласан болохыг эцэслэн тогтоов” гэсэн шийдвэрийг гаргасан юм. Их суудлын хуралдаанаас гаргасан дээрх шийдвэрийг цаашдаа ёсчлон дагахаас өөр зам үлдээгүй гэсэн үг.

Уг нь УИХ Цэцийн дунд суудлын хуралдаанаас гаргасан анхны шийдвэрийг өнгөрсөн аравдугаар сард хэлэлцээд “Хүлээн авах боломжгүй” хэмээн үзэж, дүгнэлтээ хүргүүлсэн юм. Гэвч Цэц Их суудлын хуралдаанаараа өмнөх шийдвэрээ баталгаажуулснаар Засгийн газарт танхимаар ажиллах бололцоог нь олгож, “шүд сугалах” ажилд хаалт тавьсан ч нөгөө талдаа Ерөнхий сайдад хамгийн халтай тусах шийдвэрийг гаргасан билээ. Хуульд зааснаар УИХ-аас Ерөнхий сайдыг огцруулсан нөхцөлд Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцордог.

Нөгөө талдаа Засгийн газрын гишүүдийг шүд сугалах маягаар огцруулж ирсэн энэ жишгээр танхимын тогтвортой байдал хангагдаж, харин ч Ерөнхий сайд руу ирэх галыг намжааж ирсэн жишиг ч бий гэж тайлбарлах хэсэг байгаа юм. Мөн шүд сугалалтад өртөн Үйлдвэр худалдаа, Эрүүл мэндийн сайдаас огцорч байсан Б.Жаргалсайхан, Л.Гүндалай нар зарга хийж, гомдол тавибал асуудлыг нь хэрхэн шийдэх вэ. Нөхөн төлбөр олгох уу, яах вэ гэдэг асуудал ч сөхөгдөж байна.

Цэц УИХ-ын бүрэн эрхэд халдав

УИХ өнгөрсөн аравдугаар сард Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаас гаргасан шийдвэрийг хэлэлцээд “Хүлээн авах боломжгүй” гэсэн дүгнэлтийг хүргүүлж байсан нь хэд, хэдэн шалтгаантай. Үүнд, нэгдүгээрт, Цэц Үндсэн хуулиас давж, парламентын эрхэд халдах ёсгүй. Хоёрт, Цэц Үндсэн хуулийн үзэл санаа, утгыг манах ёстой болохоос утгыг нь гуйвуулсан, заалтыг нь гажуудуулах шийдвэр гаргах эрхгүй. Гуравт, УИХ-аас сайд нарыг томилдог атлаа хариуцлага хүлээлгэх чадамжгүй болчихвол олон гажуудлыг бий болгоно. Дөрөвт, өөр сайдын гаргасан алдааг Ерөнхий сайд үүрэх ёсгүй гэж үзэж байв.

Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн хуулийн зөвлөх Б.Энхбаяр www.news.mn сайтад агентлагт ярилцлагадаа “УИХ-аас Засгийн газрын гишүүдийг оролцуулахгүйгээр тоолоход нийтдээ 46 төрийн өндөр албан тушаалтан томилогддог. Жишээ татвал, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга, Монголбанкны ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Сонгуулийн ерөнхий хорооны дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, нарийн бичгийн дарга гэсэн нийт 46 албан тушаалтан томилогддог. Мөн эдгээр албан тушаалтанд УИХ хариуцлага тооцох бололцоогүй болж байгаа. Яагаад гэвэл, УИХ-ын гишүүн УИХ-аас томилогдсон албан тушаалтныг огцруулах санал гаргана гэсэн заалтыг хүчингүй болгочихоор УИХ гаргүй бие, шүдгүй арслан болж хувирна” гэж үр нөлөөг нь тодорхойлж байв.

Ерөнхий сайдыг огцруулах гарын үсэг хэд вэ?

Дубайд байгуулсан Оюутолгойн санхүүжилтийн хэлэлцээр нь Монголд ирэх үр өгөөжийг хойшлуулсан тул Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хариуцлага тооцох ёстой хэмээн УИХ-ын гишүүн Г.Уянга үзэж, өнгөрсөн намраас эхлэн түүнийг огцруулах гарын үсэг цуглуулсан. Хуульд зааснаар 19 гишүүн санал нэгдэж байж Засгийн газрын тэргүүнийг огцруулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг нэг гишүүн санаачлан өргөн мэдүүлж болдог бол Ерөнхий сайдыг огцруулахад 19 гишүүний гарын үсэг шаарддагаараа энэ асуудал босго өндөртэй гэж хэлж болно. Гэхдээ эцсийн дүндээ УИХ-ын 76 гишүүнээс 39 нь огцруулах кноп дарахгүй бол Ерөнхий сайдыг огцруулж чадахгүй.

Иймээс л Цэцийн дүгнэлт Засгийн газрыг эмзэг болгоод байна. Засгийн газрын ганц нэг гишүүдийг сугалахын эсрэг шийдвэр олон хүнийг засаг руу чиглүүлэхэд хүргэж мэдэхээр байна. Үүнийг л хүлээж суусан гэлтэй ордноор жиг жуг ч эхнээсээ дуулдаад эхэллээ.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна