ИУ эдийн засагт хэрхэн нөлөөлөв?

2015 оны 12 сарын 7

Парис дахь хядлага, Оросын иргэний агаарын тээврийн онгоцыг дэлбэлсэн зэргийн дараа “Исламын улс” гэх хэт даврагч бүлэглэлтэй тэмцэх тактикаа эргэн шинээр харахад хүргэлээ. Тиймээс тэдний эсрэг тэмцэлд Орос өмнөхөөсөө хамаагүй их хүч хөрөнгийг хаяж байна. Цэргийн зардлын өсөлт, дүрвэгсдийн урсгал, жуулчлалын сүйрэл, нефтийн ордуудыг ИУ эзэлсэн зэрэг нь дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?

 

Батлан хамгаалахын зардал

 

Фото: Дмитрий Виноградов/РИА

 

Оросын төсөвт цэргийн онгоцны нислэг цагийн 12 мянган долларын, нисдэг тэрэгний нислэг нь $3000, сум хэрэгслийн хэрэглээ нь хоногт $700 000 долларын зарлага бий болгожээ. Энэ зардалд 250 мянга цэрэг, 2000 цэргийн мэргэжилтнүүдийн хоногийн хангамжийн 500 мянган доллар бас орно. Ийм тоог Британийн судалгааны Jane's Infromation Group төв гаргажээ. Оросын цэргийн зардал ингээд зогсохгүй. Газар дундын тэнгис дэх Оросын хөлөг онгоцнуудын зардалд өдөрт 200 мянган доллар зарцуулж буй аж. Дээр нь Каспийн тэнгисээс буудсан нэг пуужингийн үнэ 1,2 сая доллараас багагүй гэнэ.

 

«Коммерсантъ Деньги» сэтгүүл Оросын Сири дэх ажиллагааны жилийн зардал нэг тэрбум доллараас давна гэсэн байв. Харин РБК хэвлэл санал асуулга явуулахад шинжээчид Сирийн цэргийн ажиллагааны өдрийн зардлыг 2,5 сая доллар гэж даруухан үнэлсэн байна.
Оросын эрх баригчид «Когалымавиа» компанийн A321 агаарын хөлгийн сүйрэл нь алан хядах ажиллагаа гэж нэрлэсний дараа уг хоёр тооцоог хийжээ. Тэр үед агаарын довтолгоог 50 нисэх аппаратуудаар гүйцэтгэж байсан юм. Өнгөрсөн сарын дундуур тэдний хүчийг 37 онгоцоор нэмэгдүүлснээ оросууд хэлж байлаа.

 

Сирийн ажиллагааныхаа зарлагын албан ёсны мэдээг гаргадаггүй оросуудаас Америкийн Батлан хамгаалах яамны ялгаа нь Inherent Resolve ( “Мятрашгүй шийд”) ажиллагааныхаа мэдээг тогтмол нийтлүүлдэг. АНУ-ын толгойлсон эвсэлд нь Австрали, Бахрейн, Их Британи, Дани, Иордан, Канад, Нидерланд, АНЭ, Саудын Араб, Франц орж байгаа. Энэ ажиллагаанд 2014 оны наймдугаар сарын 8-наас 2015 оны аравдугаар сарын 30 хүртэл нийт таван тэрбум доллар зарцуулсан байна. Ингэхлээр “Мятрашгүй шийдийн” нэг өдрийн зарлага нь 11 сая доллар болж байна.

 

Америкчууд ба түүний холбоотнуудаас илүү зардлыг 2012 оноос хойш Башар Ассадын талд байлдаж байгаа Иран зарцуулсан бололтой. Bloomberg View хэвлэлийн булан хөтлөгч Эли Лэйк Иран жилдээ зургаан тэрбум доллар зарлагдаж байна хэмээн НҮБ ба Тафтсийн их сургуулийн мэргэжилтнүүдийн мэдээнд тулгуурлан бичсэн байв.

 

Дүрвэгчдийн хүчин зүйл

 

Фото: Christian Minelli/Zuma via TASS

 

Дэлхийн банкны мэдээнд энэ жилийн наймдугаар сар гэхэд дөрвөн сая хүн Сирийг орхин дүрэвсэн гэжээ. Тэдний 1,8 сая нь Туркт байгаа юм. Энэ их дүрвэлтээс болж хөдөө аж ахуйд ажиллаж байсан мэргэжлийн бага төвшний олон эмэгтэйчүүд ажилгүй болсон гэж уг банк тэмдэглэжээ. Гэтэл энэ хугацаанд тус орны ажил эрхлэлтийн бүтэц өөрчлөгдөн мэргэжлийн боловсон хүчний хөдөлмөр нэмэгдэн тэдний цалин өссөн байна.

 

Гарч буй дүгнэлтээр, жилийн эцэс гэхэд Герман 1,5 сая дүрвэгсдийг хүлээн авах юм. Энэ нь засгийн газар нь наймдугаар сард тооцоолж байснаас хоёр дахин их юм.

 

Дүрвэгсдийг дагалдаад 4-8 хүртэл хамаатан саднууд нь орж ирнэ гэдгээс германчууд онцгой түгшиж байна. Сөрөг хүчнийхэн ийм олон тооны сиричуудад орогнол олгосон гэж Ангела Меркелийг шүүмжилж байна. Тухайлбал, Баварийн ерөнхий сайд Хорст Зеехофер хэдэхдээ “Энэ алдааг засч залруулахад бидэнд ихээхэн цаг хугацаа хэрэгтэй болно гэсэн юм.

 

Ирээдүйд цагаачдын тоо ихэссэн нь Европын эдийн засагт сайнаар нөлөөлнө гэж хэлдэг шинжээчид ч их байна. Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлтийг нэмэгдүүлнэ, мөн хөдөлмөрийн зах зээлийн байдалд эергээр нөлөөлнө. Гэхдээ хүн амын орлогыг буулгаж магадгүй юм гэж тэд хэлж байна. Үнэн хэрэгтээ Герман асар их мөнгийг зарцуулж 800 мянган дүрвэгсдийг хүлээж байна. Зөвхөн тэдний суурьшуулан байрлуулахад 10 сая евро зарлагадах юм.

 

Европын эдийн засгийн судалгааны төвийн мэдээгээр бол Германд амьдарч байгаа 6,6 сая гадаадын хүмүүс тус тус нийгмийн халамж авахаасаа өмнө 4127 долларыг төсөвт илүү өгсөн байна. Төрөлт бага, настай хүмүүсийн тоо нэмэгдэж байгаагийн улмаас Германд мэргэжлийн боловсон хүчний хомсдол бий болжээ. Тухайлбал, 140 мянган инженер дутагдалтай гэж Германы Аж үйлдвэрийн холбооноос мэдээлжээ. Зарим судлаачид дөрвөн жилийн дараа 1,8 сая мэргэжлийн ажилтнууд дутагдана гэж байгаа билээ.

 

Сири болон Ойрхи Дорнодын мэргэжилтэй хүмүүс ажилд орж, герман хэлийг хурдан сурч чадах эсэхээс тэдний ирээдүй хамаарна. Одоо тэднийг хуулийн дагуу ажил авахын тулд ямар нэгэн компани өөрсдийнх нь ажлын шаардлагад нийцэх герман хүн алга гэдгийг батлах ёстой. Ажил олгогч дээрх хуулийг өөрчлөгдөнө гэсэн найдлагатай байгаа юм. Мөн дүрвэгсдийг ажилд сургах тухай хуулийг зөөлөлсөн байна.

 

Ерөнхийдөө эдийн засгийн хөгжил тогтвортой биш, ажилгүйдэл өндөр улс оронд ийм олон тооны дүрвэгсэд хямрал үүсгэхээс гадана жижиг орнуудын хүн амын бүтцэд нөлөөлдөг аж. Харин өндөр хөгжилтэй орнуудад мэргэжлийн бага төвшний ажилтнуудын хомсдлыг тэд нөхөх ашигтай талтай байж болно. Тийм тохиолдолд өсөлтөд саад болж буй хязгаарлалтыг давахад дүрвэгсэд туслан, хүн амын дундаж орлогыг нэмэгдүүлж болох талтай.

 

Жуулчлалын аж үйлдвэрийн асуудал

 

Фото: Валерий Мельников/РИА

 

Жуулчлалын салбар онцгой эмзэг. Учир нь үймээн самуунаас болоод жуулчид өөрийн төлөвлөгөөг хурдан өөрчлөн өөр газар амрахаар шийдэж болно. Мөн заавал жуулчлаад байх ёсгүй гээд амралтаа хойшлуулахыг ч үгүйсгэхгүй. Иргэний дайны эхний хоёр жилд Сири жуулчлалаас 1,5 тэрбум долларын хохирол амсжээ.

 

Сөргөлдөөний үр дүнгийн талаар Сирийн Жуулчлалын сайд 2013 онд ярихдаа “Дайн асар их гай авчирлаа гэсэн юм. Хоёр жилийн дараа Сирийн түүхийн дурсгалт газруудын тоо ихээхэн сүйтлээ. Исламын улсын дайчид Пальмира гэх хотын антикийн дурсгалуудыг эвдэлсэн байна. Мөн тэд Иракийн Дур-Шаррукин гэх археологийн дурсгал, эртний Хатра хотыг балгас, Мосул хотын дурсгалууд, Нимруд хотын ойролцоох эртний Ассирийн дурсгалуудын үлдэгдлийг устгажээ.

 

Тунис ч ИУ-аас хохирол амсав. Энэ жилийн зургадугаар сард исламын дайчид Суса амралтын газар хэдэн арван хүнийг буудан хөнөөсний дараа европ жуулчдын тоо эрс цөөрсөн. Тунисийн сайд нарын нэг нь жуулчлалын салбарын хямрлын улмаас олон улсын өрөө ($25 тэрбум) төлөхөд хүндрэлтэй боллоо гэжээ. Тунисийн эдийн засаг нь өнгөрсөн жил 2,4 хувь байсан бол энэ жил 1,7 хувь хүртэл буурсан байна.

 

Дэлхийн нисэхийн компаниуд алдагдалтай ажиллах болов. Жишээлбэл, Оросын компаниуд 9,1 тэрбум рублийн алдагдал хүлээж байна. Ерөнхийдөө Египетийн өвлийн жуулчлал алдагдснаас орлого нь гуравны нэгээр тасар ч байна. Оросын жуулчдын тоо цөөрснөөр Египетийн эдийн засаг нь сард 280 сая долларын хохирол амсаж байна.

 

Нефтийн үнэ

 

Фото: Haider Al-Assadee/EPA

 

“Исламын улс” Персийн булангийн бүх орнуудын эдийн засагт сөрөг нөлөөтэй. Эдгээр орнууд нь ОРЕС-ийн бүх нефтийн гуравны хоёрыг олборлодог.

 

ИУ бүлэглэлийнхэн 2014 оны зургадугаар сард Иракийн Байжи хотод орж ирсэн. Сарын дараа тэд Иракийн дотоодын хэрэглээний гуравны нэгийг үйлдвэрлэдэг нефть боловсруулах заводыг шатаасан юм. Энэ хэрэг ОРЕС-ийн орнуудын 167-р хуралдааны өмнө гарчээ. Байжийн энэ үймээний дараа Дэниел Ергин гэдэг шинжээч Британийн The Telegraph сонинд бичихдээ, ОРЕС бүс нутгийн улс төрийн тогтворгүй байдалд анхаарлаа хандуулах ёстой, хэрэв ИУ дараа дараагийн хотыг эзлээд байвал нэг баррель нефтийн үнэ 100 доллар хүрнэ гэж байв.

 

Одоо ч ОРЕС бүс нутгийн тогтворгүй байдал, Саудын Арабын нефтийн үйлдвэрлэлд хийж байгаа довтолгооныг анзаарахгүй байна. Нефть нийлүүлэгчдийн энэ нэгдэл хоногийн 30 сая баррель гэсэн олборлолтын квотоо зургадугаар сарынхаа хуралдаанаар буулгаагүй юм. Тавдугаар сард Goldman Sachs банк аравдугаар сар гэхэд баррелийн үнэ 45 доллар хүрнэ гэж байсан юм. Есдүгээр сард АНУ нь эх газрын үргэлжлэл болох далайн ёроолоор нефтийн олборлолтыг нэмэгдүүлэн нефтийн үнийг 20 долларт хүргэнэ гэж байлаа.

 

Яагаад зах зээл Байжи мэтийн хотод гарч буй бодит хэрэг, түүний сөрөг нөлөөг анзаарахгүй байна вэ? Учир нь тэр үйлдвэр зөвхөн дотоодын хэрэгцээнд нийлүүлэлт хийдэг. Зүүн хойд хэсгийн нефтийн томоохон төвүүд Иракийн засгийн газрын хяналтад байгаа юм. Нефтийн экспортод асуудал үүссэн нь нэгэн удаа зах зээлд нөлөөлж байлаа. Өнгөрсөн оны зургадугаар сард ИУ-ын дайчид Мосул хотыг эзлэн хүчтэй давшилт хийж байх үеэр Brent нефтийн нэг баррелийн үнэ 115 доллар хүрсэн юм. Улсын болон хувийн нефть олборлогчид исламчуудаас дүрвэсэн байлаа.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна