“Алтан бөмбөг”-ийн эзэд энэ сарын 12-ны өдөр тодорно

2015 оны 12 сарын 7

Монголын xөлбөмбөгийн xолбоо(МХБХ) 2015 оны шилдгийн шилдгүүдийг тодруулах "Алтан бөмбөг" ёслолын ажиллагааг ирэх бямба гаригт буюу энэ сарын 12-ны өдөр “Шангри Ла” зочид буудлын хүндэтгэлийн танхимд зохион байгуулах гэж байна.

МХБХ энэ онд дотоод, гадаадын олон тэмцэээнийг эх орондоо зохион байгуулсан. Хамгийн сүүлд өнгөрөгч сард футзалын тивийн аваргад оролцох эрхийн төлөөх “А” хэсгийн тоглолтыг Буянт-Ухаа спортын ордонд зохион байгуулсан билээ.

Тэгвэл МХБХ-ны 2015 оны үйл ажиллагааг олон нийтэд таниулах, амжилт гаргасан гишүүн байгууллага, тамирчдын амжилтыг дүгнэж, алдаршуулах үүднээс “Алтан бөмбөг” оны шилдгүүдийг тодруулах гэж байна.

“АЛТАН БӨМБӨГ-2015” шагналд:

  • Оны шилдэг дасгалжуулагч
  • Оны шилдэг эрэгтэй тоглогч
  • Оны шилдэг эмэгтэй тоглогч
  • Оны шилдэг шүүгч
  • Оны шилдэг гоол
  • 2015 оны бэлгэдлийн 11 тоглогчид тус тус тодорно.

Эдгээр номинацид нэр дэвшиж буй тамирчдад "Хүрхрээ" үндэсний дээд лигийн есөн клүбийн ахлах дасгалжуулагч, багийн ахлагч, "Хүрхрээ" үндэсний нэгдүгээр лигийн 10 клүбийн ахлах дасгалжуулагч, багийн ахлагч мөн Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн, Монголын хөлбөмбөгийн тухай нийтлэл, нэвтрүүлэг бичдэг 14 сэтгүүлч нийт 52 хүний саналаар Алтан бөмбөгийн эзнийг тодруулах юм байна.

МХБХ-ны байранд санал авах хайрцгийг нээсэн бөгөөд энэ сарын 10-ны өдрийн 17.00 цаг хүртэл саналыг авах аж.

Ч.БОЛОР
 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна