Эрдоганы хүүг “ИУ-ын” нефтийн сайд гэжээ

2015 оны 12 сарын 7

 

Туркийн ерөнхийлөгчийн хүү Билал Эрдоган цаасан дээр нэрээ цэврээр гаргахыг хичээдэг ч түүний намтарт хар толбо хангалттай, Оросын талаас түүнийг буруутгасан нь үндэслэлтэй хэмээн Германы Handelsblatt сонин бичжээ.

 

Прокурорын газраас 2013 онд Билал Эрдоганыг эцгийнхээ мөнгийг угаасан гэж сэжиглэж байжээ. Билалын эцэгтэйгээ ярьж байсан утасны яриа, гэрэл зураг зэрэг нь тэгж сэжиглэх үндэслэлийг гаргасан байна.

 

Өнгөрсөн оны эхээр өөр нэг утасны ярианд 10 сая долларын төлбөрийн талаар яригдсан нь тодорхой болсон байна. Харин хэнээс мөнгө орох нь тодорхойгүй байжээ. Гэхдээ хэвлэлийнхэн түүнийг нефть дамжуулах хоолойгоос орж ирсэн авлигын мөнгө гэж үзсэн юм. Ерөнхийлөгч  Эрдоган үүнийг бүдүүлэг эвлүүлэг гэж хэлж байв.

 

Арваннэгдүгээр сард Сирийн Мэдээллийн сайд Омран Аз-Зоуби мэдээлэхдээ ИУ-ын нефтийг Билал Эрдоганы тээврийн компани хийдэг гэсэн байв. Сайдын хэлснээр Туркийн ерөнхийлөгчийн хүү жихадистуудаас түүхий эд мөн түүхэн дурсгалт эд зүйлийг худалдан авдаг гэнэ.

 

Өөр нэг баримтаар Билал Иракийн эзэлсэн нутгаас хулгайлсан нефтийг Азийн орнуудад зөөлгөдөг бөгөөд үүнийх нь төлөө орон нутгийн хэвлэл ИУ-ын Нефтийн сайд гэхэд хүргэжээ. Сирийн эрэгт Билалын хөлөг онгоцнууд юу хийж байна вэ гэсэн асуулт Туркийн хэвлэлээр гарч байсан юм.

 

Туркийн ерөнхийлөгч энэ талаар “Хэрэв тэр болон гэр бүл нь нефтийн хулгайн наймаанд холбоотой нь батлагдвал албан тушаалаасаа огцорно” гэж дахин мэдэгдэв. Муу хөзөр атгаж байж, хэтэрхий өндөр бооцоог тэр хийлээ гэж өгүүллэгийн зохиогч бичжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна