Зүүн Азийн цуврал тэмцээнүүд өндөрлөлөө

2015 оны 12 сарын 7

Японы нийслэл Токио хотноо энэ сарын 4-6-ны өдрүүдэд жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээн олимпийн эрхийн оноо олгох мөн энэ оны сүүлийн “Их дуулга” гэдгээрээ ихээхэн онцлогтой болсон юм. Нийт 154 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд дэлхийн 91 орны 472 (эрэгтэй 292, эмэгтэй 190) жүдоч өрсөлдсөн. Манай улсаас шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Ардын багш Одвоогийн Балжиннямын удирдлагад нийт 10 тамирчин оролцсоноос хоёр хүрэл, шагналт байранд 4 жүдоч орлоо. Японы шилдэг жүдочид эрэгтэйчүүдийн 81, эмэгтэйчүүдийн 63, 78 кг-ын жингээс бусад бүх жинд түрүүлсэн бол Гүрж, Герман, АНУ-ын баг тамирчид нэг аваргатай буцлаа. Мөн БНСУ 3, Куба 2, ОХУ, Франц, Словени, Нидерланд улс тус бүр 1 мөнгөн медаль, Бразил 2, Монгол 2, Украин 2, Их Британи, Азарбайжан, Унгар, Израиль улс тус бүр 1 хүрэл медаль хүртжээ. Манай баг тамирчид XII байрт жагслаа.

ХҮРЭЛ МЕДАЛЬ:

  • Эрэгтэйчүүдийн 66 кг: Д.Төмөрхүлэг
  • Эмэгтэйчүүдийн 57 кг: Д.Сумъяа

Шагналт V байр:

  • Эмэгтэйчүүдийн 63 кг: Ц.Мөнхзаяа

Шагналт VII байр:

  • Эрэгтэйчүүдийн 100 кг: Н.Түвшинбаяр
  • Эрэгтэйчүүдийн 60 кг: Д.Амартүвшин
  • Эмэгтэйчүүдийн 48 кг: М.Уранцэцэг

Ийнхүү Зүүн Азид болдог цуврал тэмцээнүүд өндөрлөлөө. Манай жүдочид Хятадын Чиндаогийн гранприд багаараа II байр (алт 2, мөнгө 2, хүрэл 2), БНСУ-ын Чэжүгийн гранприд VIII байр (мөнгө, хүрэл тус бүр нэг), Японы Токиогийн Их дуулгад XII байр (2 хүрэл) эзлэв.

Эдгээр гурван тэмцээний дараа олон улсын жүдо бөхийн холбооноос жүдочдын чансааг шинэчлэн гаргах юм. Ирэх оны нэгдүгээр сард буурал тивд цуврал тэмцээнүүд үргэлжлэн явагдана.

Ч.БОЛОР

Чэжүгийн гранпри (XI.26-28)

Мөнгөн медаль: эрэгтэй 60 кг- дэлхийн аварга Г.Болдбаатар

Хүрэл медаль: эмэгтэй 63 кг - ОУХМ Ц.Цэрэннадмид

БНХАУ-ын Чиндаогийн гранпри (XI.20-22)

Алт: Н.Түвшинбаяр, Д.Сумъяа

Мөнгө: Д.Төмөрхүлэг, М.Уранцэцэг

Хүрэл: Г.Хэрлэн, Б.Мөнгөнчимэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна