Түлэнхийн төвийн барилга дахин дуншиж магадгүй

2015 оны 12 сарын 7

Ирэх онд Эрүүл мэнд, Спортын салбарын барилгын ажилд 46 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ. Хөрөнгө оруулалтын ихэнхийг өнгөрсөн хугацаанд эхлүүлээд дуусгаагүй барилгуудад зориулж, тухайн барилгын ажлыг гүйцээж, ашиглалтад оруулах юм. Мөн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Сонгино хайрхан дүүргийн жишиг Нэгдсэн эмнэлгийн барилга, Үндэсний оношилгооны төвийн гаднах дулааны сүлжээ зэрэг ажлыг зайлшгүй эхлүүлэх шаардлагатай болсон байна. Улсын төсвөөс эрүүл мэнд, спортын салбарын барилгын ажилд ирэх онд бага мөнгө төсөвлөгдсөн учир зарим барилгыг гаднын улсын зээл, тусламжаар босгохоор салбар яам нь төлөвлөсөн байх юм. Яармаг дахь 300 ортой төрөх эмнэлэг, Геронтологийн төв, Говь-Алтай аймгийн Цээл сумын нэгдсэн эмнэлгийн барилгыг эс тооцвол өөр царцсан барилга эрүүл мэндийн салбарт алга. Цээл сумын нэгдсэн барилгын ажлыг гүйцэтгэгчээр ажиллаж байсан “Гуулин тал” компани улсын төсвөөс нэг тэрбум төгрөг өнгөрсөн хугацаанд аваад, цаасан дээр л барилгаа барьжээ. Иймээс салбар яамнаас нь тус компанийг шүүхэд өгч, тухайн барилгыг барих гүйцэтгэгчийг дахин шалгаруулахаар болсон байна.

Том жижгээс нь үл хамаараад нийт 24 барилгыг ирэх онд Эрүүл мэнд, Спортын салбарт шинээр ашиглалтад оруулна. Тухайлбал Мэргэжлийн хяналтын дүгнэлтийн акт гарч, нурах аюул үүссэн Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн барилгад 6.4 тэрбум төгрөгийг зориулж, шинээр барихаар тооцсон байх юм. Түлэнхийн төвийн барилгын ажил ирэх жил дахин дунших эрсдэлтэй байна. Учир нь ирэх онд тус төвийн барилгыг ашиглалтад оруулахын тулд 6.6 тэрбум төгрөг шаардлагатай гэж салбар яам нь тооцсон ч, УИХ тус барилгын ажилд хоёр тэрбум төгрөг баталж, өгчээ. Өнгөрсөн зургаадугаар сараас ажил нь эхэлсэн тус эмнэлгийн барилга хоёр гүйцэтгэгчтэй. Одоогоор ажил гүйцэтгэгч хоёр компани нийт хоёр тэрбум төгрөг буюу тус тусдаа нэг тэрбум төгрөгийн барилгыг барьсан байна.

Долоо дахь жилдээ дуншсан Яармаг дахь эх хүүхдийн эмнэлэг, Геронтологийн төвийг концессын гэрээгээр барина гэж салбар яам нь шийдсэн. Гэхдээ одоог хүртэл тус хоёр барилгын ажлыг үргэлжлүүлэх сонирхолтой нэг ч барилгын компани тодроогүй байна.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна