“Их наядын Увс”-ыг хэрэгжүүлнэ

2015 оны 12 сарын 7

О.Цогтгэрэл: Увс дахь ардчилсан засаглалын өдрүүдийн тоолуур тасралтгүй эргэсээр байна

Ардчилсан хувьсгал ялснаас хойшхи 25 жилийн хугацаанд анх удаагаа Ардчилсан нам 2012 оны орон нутгийн сонгуулиар Увс аймагт засаглах эрхтэй болсон юм. Тиймээс Увс аймгийн Ардчилсан намынхан иргэдээ нутагтаа сайхан амьдрах шинэ тэмүүллийг бодит ажил болгох зорилгоор хийсэн ажлаа тайлагнаж, цаашдаа хийх ажилдаа санаа авах үүднээс “Ардчилсан засаглалын 1000 өдөр” арга хэмжээг өнгөрсөн зургадугаар сараас эхлэн зохион байгуулж буй. “Ардчилсан засаглалын 1000 өдөр” арга хэмжээг сум бүрт зохион байгуулсан бол Улаангомд “Ардчилсан засаглал-Айл бүрээр” гэсэн уриатай ажлуудыг зохион байгуулжээ. Ингэхдээ Аймаг сумын ИТХ-ын хурлын төлөөлөгчдөөр ахлуулсан 56 ажлын хэсэг Улаангомд ажиллаж, 7901 айлын ахуй амьдралтай нэгбүрчлэн танилцаж, иргэдийнхээ санал бодлыг сонссон байна. Монгол Улсад Ардчилсан хувьсгал ялсны 25 жилийн ойн хүрээнд “Увс дахь ардчилсан засаглалын 1000 өдөр”-ийн үр дүн тайлагнах арга хэмжээ өнгөрсөн амралтын өдрүүдэд болов.

Нүдэн дээр нь өөрчлөгдөж буй нутаг орны өнгө төрх, бүтээн байгуулалт, ажлаараа улсдаа тэргүүлж байгаа аймаг, амласнаа хийж, хийснээ тайлагнаж буй Ардчилсан засаглалынханд увсчууд талархалтай хандаж, хийсэн бүхэнд нь “онц” дүн өгч байна. Увс аймаг дахь Ардчилсан засаглалын шинэ баг, шинэ бодлогоо тодорхойлж хэрэгжүүлсний үр дүнд олон ажлыг хийж хэрэгжүүлсэн. Цаашдаа хийснээ бататгаж, УИХ, Засгийн газартайгаа нэг баг болж орон нутгаа хөгжүүлэхийг УИХ-ын дарга З.Энхболд “Ардчилсан засаглалын 1000 өдөр”-ийн үр дүн тайлагнах арга хэмжээнд оролцох үеэрээ онцлон тэмдэглэсэн юм. “Увс дахь ардчилсан засаглалын 1000 өдөр” үр дүн тайлагнах арга хэмжээнд Увс аймгийн АН-ын дарга О.Цогтгэрэл нутгийн иргэддээ хандаж үг хэлэв. Түүний үгийг Увс аймгийнхан талархалтайгаар хүлээн авч, хийсэн бүхэн нь орон нутаг болон оршин суугчдын амьдралд бодитойгоор тусч буйд ам сайтай байлаа.


Ингээд түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.

“Ардчилсан хувьсгалын 25 жилийн ой, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 15 жилийн ой, Увс дахь ардчилсан засаглалын 1000 өдрүүд арга хэмжээний баярын үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн нийт оролцогч, зочид, төлөөлөгч нартаа энэ өдрийн мэндийг хүргэе.

Өнөөдрийн үйл ажиллагааг зөвхөн АН-ын баяр гэж харах хүмүүс бий. Гэвч энэ бол эдлэх эрх, өмчлөх өмчтэй болсон монголчууд бидний баяр билээ. Ерөөс Монголын ардчилал бол Монголын ард түмний өмч болохоос дан ганц нэг намын, АН-ын өмч биш юм. Нэг хэсэг нь ардчиллын 25 жилийг муулдаг, харин ардчиллынхан нь өмнөх 70 жилийнхээ муулдаг явдал байдаг. Харин бодитойгоороо өнгөрсөн 1900 оноос хойшхи он жилүүд бол бидний хувьд юутай ч харьцуулшгүй өндөр хөгжлийн он жилүүд байлаа. Үлэмж ядуу, өөрсдийн эрх чөлөөгүй, өвчлөл хавтгайрсан, өнгөрснөөрөө бахархахаас өөр омогшилгүй Монголчуудыг бичиг үсэгт тайлуулан, тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэн, бусдын дэмээр ч хамаагүй сансарт хүнээ нисгэсэн хуучин нийгмийн гавьяаг нь хүлээн зөвшөөрөх ёстой. Мэдээж үүнээс дутахгүй ихийг өнгөрсөн 25 жил бидэнд өгчээ. Иргэн бүр гадагшаа зорчих паспорт, гараад унах машинтай болж, төрөө өөрсдөө сонгодог, түүндээ дүн тавьж чаддаг болсон. Гэвч бас бидний өмнө шийдэх олон асуудлууд байна. Бүхий л зүйлс сайн сайхан болоогүй байна. Увсын Давстын жирийн хүү төрийн тэргүүн болдог, Ховдын Зэрэгийн малчны хүү ерөнхийлөгч болдог түүх манай үеийнхэнд байлаа. Сумын сургуульд сурдаг малчны хүү, 40,000 долларын төлбөртэй сургуульд сурдаг нэгэнтэй өрсөлддөг болсон дараагийн үеийнхэнд харин энэ боломж хадгалагдаж үлдэж болох чадах уу гэдэг сорилттой тулгарч байна. Нэг үгээр хэлбэл, Монголын ардчилал ололт нь тод, алдаа нь ил ийм л замаар урагшилж явна.

Өнгөрсөн 1000 өдрийн ажлаа тайлагнан бид 18 сумаараа очиж, Улаангомдоо айл бүрээр бүрэн орж нийтдээ 28,000 иргэнд хүрч ажлаа тайлагналаа. Увсад битгий хэл улсдаа анх удаа тайлагналыг өргөн хүрээнд, өргөн бүрэлдэхүүнтэйгээр явж хийлээ. Иргэддээ ажлаа тайлагналаа, бас хийх ажилдаа санал авлаа, бас асуудлыг нь сонслоо. Зөвхөн Улаангомд гэхэд 5500 өрхөөр орж 1800 санал хүсэлт, хийх ажлын саналтай боллоо. Эдгээрийг ангилан бүлэглэж ирэх он жилүүдэд алийг нь хийх, хэзээ хийхийг нь бүлэглэн ялгаж байна. Халамж хүссэн хүсэлтүүд их байна, ажлын байр бий болгохыг хүссэн хүсэлтүүд бас их байна. Зарим багуудад байгаа худаг усаа байнга ажиллуулахад анхаарах, гудамжны гэрэл, замаа шинэчлэх гээд олон ажлуудыг хийхийг иргэд хүсжээ. Хаана ч, аль ч газраа өнгөрсөн хугацаанд өрнүүн их бүтээн байгуулалт хийснийг зөвшөөрч, магтан бахдаж байна. Гэхдээ барааны үнийн өсөлт, мал махны үнийн бууралтыг яах вэ? гэж шийдэл асууж байна. Амаргүй гээд малчид итгэлээ алдсан, мухардсан байдал бага байна. Харин биднээс, төрийнхнөөс, аймгийн удирдлагаас мухардлыг давах шийдэл, гарцыг эрж, нэхэж байна. Энэ шийдлийг бид өнөөдөр байгаа Увсын 300 тэрбумын багтаамжтай эдийн засгийг ойрын жилүүдэд 3 дахинаас илүүтэйгээр нэмэгдүүлж нэг их наяд болгох бодитой тооцоо, төслийг бид хамтран боловсруулан, хэрэгжүүлэхэд бэлэн болоод байна. Энэхүү төслөө ИХ НАЯД УВС гэж нэрлэн буйг та бүхэн мэднэ. Өнгөрсөн 6 сард энэ танхимд болсон “Баруун бүсийн хөрөнгө оруулалтын чуулган”-ыг “Их Наядын Увс” гэж нэрлэн ихээхэн амжилттай болсноор энэхүү төсөл гараанаасаа хөдөлсөн гэж ойлгож болно. Заавал ч үгүй засгаас л бодлого гарч, ажлууд хийгдэнэ гэж хүлээлгүйгээр өөрсдийн нөөц бололцоог ашиглан хэрхэн нэгэн аймгийн эдийн засаг өсч, эрчимжин тэлж болдгийн жишээг харуулахаар шамдан ажиллаж буй аймгийнхандаа талархаж байна.

Увсын цэнхэр хязгаарт ардчиллын үрийг цацсан үе үеийн намын дарга, ҮЗХ-ын гишүүд, намын хорооны гишүүд, сум, үүрийн дарга нар, олон мянганг гишүүд дэмжигчдийн сэтгэлийн дэмээр 2012 онд анх удаа ялалт байгуулснаас хойш 1000 илүү өдөр өнгөрчээ. Хийсэн ажилтай, хүрсэн үр дүнтэй, хэлэх үгтэй, хэрэгжүүлэх шийдэлтэй, өрнөсөн их бүтээн байгуулалттай, өөрчилсөн олон гавьяатай 1000 өдөр ийнхүү улирлаа. 2012 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр АН үнэмлэхүй ялж чадаагүй нь засаг тогтворгүй, хариуцлага эзэнгүй мэтийн олон асуудлын эх болсон гэж хэлэх хүмүүс байдаг. Харин Увсын нөхцөл байдал эсрэгээрээ билээ. Бид аймгийн 41 суудлаас 27-ийг нь авч, 19 сумаас бараг 5-аас бусдад нь эрх барьж байна. Өнгөрсөн жилүүдэд түүхэндээ байгаагүй их хөрөнгө оруулалтыг ч төсвөөс авч, түүний хирээр олон ч бүтээн байгуулалт хийгдлээ. Иймд дээрээс үл хамаарсан ажил бүрийн, асуудал бүрийн алдаа нь биднийх байх ёстой. Тийм нь ч дутуу, ийм нь ч дутуу гэж гоншигнох эрх бидэнд байхгүй.

Олон намын тогтолцоонд шилжсэнээс хойш аймагт засагласан өрсөлдөгч намын өнгөрсөн хугацаанд хийсэн ажилтай харьцуулахад 1000 өдрийн бидний ажил үлэмж их байгааг харьцуулан ойлгоход, энэ өөрчлөлт, ажлын үрээр урамшин буй нутгийнхаа иргэдийн санаа бодлыг тандан ойлгоход ирэх он жилүүдэд ч бид энэхүү багаараа ажиллах боломжтой юм, тийм ч үр дүнгүүд судалгаа, тандалт, мэдээллүүдээр харагдаж байна. Иймээс дараагийн 1000 дахь өдрийн ажил эхлээд явж буй шүү гэдгийг энд ирсэн хүмүүстээ сануулан хэлье. Өнгөрсөн 1000 өдрөөс илүү ололттой, өөрчилсөн хөгжсөн шийдэлтэй дараагийн 1000 өдрийн тайлагнал, үр дүнгийн хурал дээр ахин уулзацгаая. Увс дахь ардчилсан засаглалын өдрүүдийн тоолуур 2000-ыг заахаар тасралтгүй эргэсээр байна” гэв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна