“Суганы тавилан”

2015 оны 12 сарын 7

Сэтгүүлч:
Л.Нарантөгс

Танил маань цэвэрхэн хувцасласан, боломжийн цалинтай, хэн ч харсан их аятайхан залуу. Гэхдээ түүний таван үгийн хоёр нь “захирлаа”. Энэ нь унасан ч, өндийсөн ч өөртэй нь хамааралтай явдаг найзуудад таалагдахгүй. Тиймээс ч мань эрийг “Суга” гэж хочилдог. Шилжсэн утгаар нь хэн нэгний ивээлд орохыг суганд нь хавчуулагдах, суганд хоргодох гэж хэлдэг. Харин үл бүтэх этгээдийг түшиглэж аврагдахыг “суганд шургах” ч гэлцдэг.

Бузар, булай, атаа, жөтөө, шунал, тачаал, эрх мэдлийн төлөөх эцэс төгсгөлгүй тэмцэл. Түүгээр дүүрсэн хорвоог хэн нэгний хэлснээр бус зөвхөн өөрсдийнхөө сэтгэл, зүрх, эд эсээр мэдэрч, эсэргүүцэн цус нь булгилж, хорсолтойгоор үзэн ядах шинэ цагийн залуус харин тэдний нэр томъёонд хувь нэмрээ оруулж, өөрсдийнхөөрөө “суга”, “суганы үс” гэх болж.

Хүний мууг “аалз” /төрмөгцөө эхийгээ барьж иддэг/, “нохойн гөлөг” гэхчилэн амьтантай зүйрлэх нэгэнтээ хойно хоцорчээ. Цагаа дагаад хоч хүртэл хэв шинж, төрөл, зүйрлэл нь хувьсан өөрчлөгдөж байна. Тиймээс ч орос хараалаас илүү “суганы үс” муугийн зүйрлэл болон хувирсан бололтой.

Энэ үг чухам юунд их хэрэглэгдэнэ вэ гэвэл голдуу даргын цүнх, шуба тэргүүтнийг гартаа тохоод гэлдрэн бэдрэгч “амьд өлгүүр” гэж тайлбарлаж болно.

Ер нь өөрийн гэсэн үзэл бодол, үнэт зүйлсгүй, биеэ даагаад амьдралаа аваад явчих чадалгүй, хуучнаар бол бялдуучлан явдаг зусарчдыг ийн жиших болжээ.

-Зусарч хүн зулгаа бардаг

Зуудаг нохой соёогоо бардаг гэгчээр аль ч үед тэд хөөрхийлөлтэй, олны дунд хүндтэй явсан нь үгүй. Харин хүчтэй явсан байж мэднэ.

Манай хурган дарга нараас эхлээд өндөр албан тушаалтнууд өөр өөрсдийн гэсэн “суганы үстэй”. Бүдүүн, нарийн, эмэгтэй, эрэгтэй, хэлтэй, хоржоонтой, бяртай, бядгүй, уйланхай, наалинхай... гэх мэт. Эмэгтэйчүүд гоо сайхандаа анхаарч суганы үсээ хусаж буй ахуйд эрх мэдэлтнүүд эсрэгээрээ сурсан эрдэм сугаар гарчихгүй юм хойно болж өгвөл олныг хавчуулж, “шивүүлэх” гэж үзнэ.

Харин тэдгээр суганд шургалагдагсдын ааш авир ерөнхийдөө нэгэн ижил. Аль ч нийгэмд ав адилхан байсан бололтой. Бусадтай ялгавартай харилцдаг, зулгуйч зантай. Ийн ааштангуудыг монголчууд зусарч, алагчин, алгатай, бялангач, бялдууч, долигонуур, долдгонуур, зуурган гэхчлэн олон янзаар хэлж ирж. Долдой ч гэдэг.

Ховорхон тохиолдлыг эс тооцвол угсаа гарал тааруухан нэг нь мал сайтай нөгөөхийнхөө малыг маллах хамжлагын үед Говийн догшин хутагт “Ичиг ичиг” шүлгээ эргэлзэлгүй зориулсан бол,

-Ний нуугүй хэлэхэд булай бүхнийг үйлдээчин
Нийгмийн бөөс болж бусдын талхыг үмхээчин.
Зарим ийм заримдагчуудад зориулж өөрсөн шиг нь
Заваан шүлэг нэгийг бичлээ
...гэж Р.Чойном захиргаадалтын үед загатнасан газар маажсан буй бөлгөө. Үзэл бодлын хүлээсэнд баглуулсан өнгөрсөн үед, өнөөдөр ч, аль алинд тэд амьдарч ирж. Өнгөрсөн үе үеийн түүхийн эгзэгтэй мөчүүдэд тэдний төлөөлөл “хаданд гарч”, бүр өндөр хэргэм, өв хөрөнгөтэй болж, улс орон уруудан доройтож иржээ.

17 дугаар зууны үед тэдний төлөөллийн гутамшгаас Монгол тусгаар тогтнолоо Манжид алдаж, Манжийн Энх-Амгалан хаан тэдний өгсөн алтан бурхдаар нь ордонгоо чимж байсан бол өнгөрсөн зуунд олон мянган сэхээтнээ хядуулсан гашуун түүхийн шарх өнөө хэр нь аниагүй, амьд гэрч нар ч амьдарч байна.

Гэтэл сүүлийн үед нам, дарга дагасан долдойнууд бишгүй болжээ.

Төрийн аль ч байгууллагад даргаа хараад “хайрын” нулимс унагахад бэлэн, ховоор хоолоо олж идэгсэд бий. Даргаа тахин шүтэж, огтоос утгагүй онигоо ярьсан ч “Манай дарга мэдрэмжтэй хүн шүү” гэж ирээд элгээ хөштөл инээх нь энүүхэнд.

Сошиал ертөнцөд бол сансарт нисгэхээс наагуур юм болно. Ой гутаж, огиудас хүрмээр. Өөрсдийнх нь эрх, ашгийг хөсөрдүүлэх гэж буй хүмүүсийг дэмжиж, групп нээх нь энүүхэнд.

Уулзалгүй удсан найзтайгаа “сошиал ертөнцөд” дайралдаад мэнд мэдэхийн оронд ухуулга хийж “мэдрэлтэнэ”.

Тэдэнд ч дарга нар дуртай. Тэднээр өөрийгөө тойрон хүрээлүүлэх нь өөрт нь ч ашигтай. Тиймээс ч мэдлэг, боловсролтой залуус гадуурхагдах янзтай, “За дарга аа”-нууд дээшлэх маягтай.

Гэтэл тэднийг бий болгохыг хууль тогтоох түвшинд хүртэл бодлогын хэмжээнд дэмжих нь энүүхэнд.

Гишүүд тавын таван туслахтай болохоос эхлээд, орон тоотой, тоогүй зөвлөхүүдээр тэдний армийг бүрдүүлж буй.

Хачирхалтай нь улс орны чухал ач холбогдолтой салбарт салбараа мэддэг, туршлагатай, судлаачдыг бус хаа хамаагүй мэргэжлээр дөнгөж диплом авсан залуусыг аваад байгаа нь ингэж хэлэхээс өөр аргагүй.

Харин хувийн хэвшилд бол огт өөр. Монголын газрын баялгийг хашиж байсан тушаалынхаа ачаар хамгийн сайн мэдэх болсон хүмүүсийг уул уурхайн салбарынхан мөнгөөр “зодоод” зөвлөхөөрөө ажиллуулах жишээний. Тэд ч төр удирдахдаа цалин аваагүй аятай буусан хойноо залуу үедээ зөвлөхийн оронд зөвлөх нэрийдлээр “биеэ үнэлэх” нь ичгүүртэй.

Эрүү өвдөг нь нийлэх шахсан эмээ, өвөө нар талх, сүүндээ өөрсдөө майжигнадагтай өнөөгийн дарга нарыг харьцуулах юм биш. “Хөгжлийн бэрхшээл”-тэй хүн аятай хувцас хунар, цүнх, цаас, юу байна түүнийгээ суганд нь шургалсандаа тохно, албаны хар тэргээр авгай хүүхдээ ч зөөлгөөстэй, ар гэрийнхээ ажлыг бас даалгаастай...

Монголд албан тушаалаа хашиж байвал эрүүл. Буухаараа хэлмэгдлээ гэсээр хэрэг нь илчлэгдээд шоронд орохоороо өвчний үүр болж, “үхлээ, хатлаа” гэгчид олширсон.

Ажилгүй болно гэхээс “суганууд” үхтлээ айна. Тиймээс хөлсөө бурзайтал бөхөлзөж, бялдуучилна. Даргадаа үнэнч гэдгээ харуулахын тулд эцэг, эхээ муулж, эхнэрээ өгч, нөхрөө хуурахаас буцахгүй.

“Гадаа бороо орж байна. Орж л байг уу, дарга аа” гээч л болно доо, хөөрхий.

Тэд ганц даргадаа “хайртай” гэвэл үгүй. Даргын албан тушаалд дурласан улс. Нэг дарга нь халагдахад гаргасан нулимс нь хатаагүй байхад дараагийн дарга руу цэцэг барин гүйх хувьсах чадвартай хүмүүс.  

Амилсан Будда гэж тэд албан тушаалтныг харах нь энүүхэнд. Албан тушаалаа өгмөгц нь шүдний чигчлүүр шиг “хогийн сав” руу нясалж орхино.

Чадалтай, боловсролтой, мэргэшсэн гэхээсээ УИХ-ын гишүүдийн, улстөрчдийн хүмүүс бишгүй өндөр албан тушаалд томилогддог нь өнөөгийн нийгмийн үнэн төрх. Салбараа сайн мэддэг туршлагатай мэргэжилтэн, өндөр боловсрол эзэмшсэн залуус төрийн албанд дээшээ ахидаггүй, ахисан ч ахлах мэргэжилтнээс хэтрэхгүй, ажлыг нь ойлгохгүй, хийлгэдэггүй ховоор хоолоо олж идэгсдийг хүлээн зөвшөөрөөгүйдээ өөрөө адлуулж, аргаа бараад ажлаасаа гардаг. Гараагүй нэг нь нүдэн балай, чих нь дүлий явах замыг сонгоно.

Эцэстээ өөрийн хүрээллийг өргөжүүлж, төрийн агентлагийг мэдэлдээ байлгахын тулд л утсан хүүхэлдэйгээ “дарга” болгодог маркетингтай болсон. Ингээд өөрийн бизнесээ хөгжүүлж, тендер, шалгаруулалт бүхнийг өөрийн гартаа оруулна. Тэд хөлжинө, хөгжинө. Бусад нь үгүйрнэ, уруудна. Түүнийхээ хэрээр хүүхэлдэйндээ тохирох хувцсыг нь өмсүүлнэ, тордоно.

Азаар хууль хяналтынхан тэднийг зүгээр хараад суухгүй л дээ. Төрийн мөнгө идсэн, уусан хэргийг сөхнө. Харин энэ мөчид хөөрхий хүүхэлдэйний уяаг “хорчин” сая тавина. Удирдагчийнхаа утаснаас мултарсан хүүхэлдэй оронд нь гартаа гав зүүгээд улсын “хамгаалалтад” орно.

Намын дэргэдэх холбооны залуус нэг ч бизнесгүй хэр нь өндөр үнэтэй ресторанд “Үгүй, би тооцоогоо хийнэ” гэж булаалдан, нударга зөрүүлэхэд бэлэн байхыг хараад гутарч билээ. Хожим харин хэрэгт холбогдоход нь “хүүхэлдэйнүүд” байсныг мэдээд өрөвдөөд өнгөрсөн.

Бид авлига, албан тушаалын, төрийн мөнгө завшсан хэрэгт “суганууд”-ыг буруутган баривчлахад “цаад эздийг нь барьсангүй” гэж бишгүй бухимддаг. Гэхдээ энд цагдаа, авлигатай тэмцэгчид эсвэл шүүх, прокурорыг буруутгах бас аргагүй. Яагаад гэвэл тухайн мөнгө идсэн, тендер луйвардсан шийдвэрт “хүн” биш, “хүний хүүхэлдэй” гарын үсэг зурсан. Тиймээс л хүүхэлдэйний эзэн “Надаа идсэн уусан юм байхгүй. Шалгуулахад бэлэн байна, шалгаад өгөөч” гэж даналздаг.

Ийм л болохоор өнөөгийн улс төрд харахад гэмтэй хэр нь хуулийн хүрээнд гэмгүй луйварчид олширсон. УИХ-д л гэхэд зөвлөх, туслах, “доод хүмүүс” нь ял авсан нь хэд хэдэн гишүүн бий.

“Тэрийг нь нь ярихаар захиалгаар бичүүллээ” гэж бичээчдээрээ сошиалаар “балбуулдаг” юм хойно, ажилгүй газар ажил удаад юу гэх вэ, амар тайван байг. Хэвлэлээр хэний хэн хэрэгт холбогдсоныг хангалттай чээжилсэн болохоор ингээд орхиё.

Гол нь ид хийж бүтээх залуу сайхан насаа хүний хувцас барьж, манкурт боол шиг өнгөрүүлээд, эцэст нь эцэг, эх, ойр дотнынхноо амьдын хагацалд унаган “хар гэр”-т хоригдох хайран биш гэж үү?!

Монголчууд ардчилсан хувьсгалыг хийхдээ оготнын хамраас ч цус гаргаагүй гэж бид ярьдаг. Тийм ээ, үнэн.

Тэгэхдээ мянга мянгаар нь мужаанд өгөөд зоруулчихсан аятай, нэгэн хэвийн сэтгэхүйтэй байсан тэр нийгмийн удирдлагууд ч эрх чөлөөг далдуур хүсэмжилж суусан болохоор буулт хийсэн. Харин одоо яагаад бидний зарим нь түүнийг эргээд хүсэмжилж, эрх чөлөөгөө, үзэл бодлоо үгүй хийхээр дарга даган долдойдож, хайран амьдралаа яарин болгоно вэ?

Даргыг шүтэж, түүнийг нь хэлсний төлөө төрсөн эцгээ тэнэг, мангараар нь дууддаг, ээждээ цайны сүүг нь дөхүүлчихгүй байж эрхтэн, дархтны цайг зөөх илүү сайхан санагддаг гэж үү?

Хайрлаж, дурлаж, амьдралд алдаж, оносон ч өөрийнхөөрөө байх хүний амьдралын утга учир биз дээ. Өнөөдөр хэцүү байж болно. Тэглээ гээд үнэт зүйл, үзэл бодлоо гээгээд хэн ч биш “хэний хүн”, “суганы үс” болох нь ой гутмаар биш гэж үү.

Одоо бүгдийг шинээр хийж, өөрөөр сэтгэж, үр хүүхдийнхээ төлөө бүтээх цаг шүү, залуус аа.

Утсан хүүхэлдэй үлгэрт амилдаг шиг өнөө цагт “хүн” болчихно гэж сэрүүн зүүдэлж буй бол том эндүүрэл.

Бурхнаар бөөлжөөд, түүнд нь итгэгсэд эгнээгээ тэлсэн энэ нийгэмд сэрүүн зүүдлэгчдийг амьдралаа бүү үрээсэй хэмээн сэрэмжлүүлэх үүднээс сэрүүлэг тавигч Л.Нарантөгс.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна