"Армийн нэрээр бизнес рүү дайрах нь"

2015 оны 12 сарын 7

Х.Тэмүүжин: Үндсэн хуулийн эдийн засаг гэсэн ойлголт байхгүй учир армийн нэрээр бизнес рүү дайрч орох гэж байна

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй ярилцлаа.


-Танд баяр хүргэе, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийг батлуулж чадлаа.

-Баярлалаа.

-Эрүүгийн хуулийг шинэчлэн баталж чадвал энэ салбар урагш арав алхана гэж та хэлж байсан. Шинэчилсэн найруулгыг баталчихлаа.Таны бодож байснаар арав алхаж чадав уу, эсвэл хэлэлцүүлгийн явцад өөрчлөгдөв үү?

-Хууль зүйн салбар дотроо эрүүгийн эрх зүй гээд том салбар байгаа юм. Тэр салбар доторх хийх ёстой ажлын зөвхөн тал нь сая батлагдсан Эрүүгийн болон Зөрчлийн хууль. Хуулийн үзэл санаа, философи, зарчим гэх мэт зүйл нь шинэ зүйл бараг биш. 2002 онд Эрүүгийн хууль тогтоомжийг шинэчлэх үйл явц дотор яригдаж л байсан санаанууд. 2002 онд тухайн үеийн нөхцөл байдал, улстөрчдийн хүсэл тэмүүлэл, хуулийн байгууллагуудын зөрчил амбицаас шалтгаалаад арав алхах байсан бол хоёр алхсан. Сая бол тэр зорилтуудыг бараг 90 гаруй хувьтай хангалаа гэж харж байгаа. Олон хүн хэлэлцсэн учраас мэдээж зарим нэг жижиг сажиг зүйлүүд өөрчлөгдсөн байгаа. Энэ хоёр хууль бол эрүүгийн эрх зүйн салбарын зөвхөн тал нь. Одоо Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийг хэрэгжүүлье гэвэл процессын хуулиудыг батлах хэрэгтэй. Араас нь Эрүүгийн хэрэг хянан шалгах ажиллагааны тухай хууль, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль, Таслан сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлэх хууль, Хохирлыг барагдуулах сангийн тухай хууль, Ял эдлүүлэх үйл ажиллагааны тухай хуулийг батлах ёстой, Шүүх шинжилгээний тухай хуулийг шинэчлэх ёстой. Тэгж байж бүрэн утгаараа хүний эрхийг хангадаг, шударга ёсыг хамгаалдаг болно. Нотлох баримтгүйгээр эрүүдэн шүүж, өөрийнх нь эсрэг мэдүүлэг өгүүлэх замаар хэргийг нотолдог, хорьж цагдаж, эрүүл мэнд, амь насанд нь заналхийлэх хэмжээнд очиж байж хэргийг илрүүлэх гэж оролддог Вышенскийн гэж нэрлэгддэг социалист маягийн аргаасаа бид сална.

Сая бол юу нь гэмт хэрэг, юу нь зөрчил юм, тэгээд ямар ял өгөх юм гэдэг харилцаагаа л тодорхойлж чадлаа. Одоо хуулийн байгууллагууд гэмт хэргийг илрүүлэхийн тулд, хохирлыг барагдуулахын тулд яаж ажиллах вэ гэдгийг тодорхойлсон процессын хуулиудаа гаргах ёстой. Тэр хуулиуд гарахгүй бол хуулийн нэрээр хувь хүний эрх, эрх чөлөөнд халдаг, хүний амьдралыг бусниулдаг, ажил төрлийг нь үгүй хийдэг, бүр амь нас, эрүүл мэндийг нь зольдог хуулийн байгууллагын гажиг тогтолцоо байсаар л байна. Үүнийг шийдэхийн тулд бидний дараагийн алхам маш чухал.

-Процессын хуулиудыг энэ УИХ баталж чадах уу, цаг хугацаа хэр байгаа вэ?

-Ямар ч байсан ирэх оны тавдугаар сар гэхэд процессын хуулиудаа батлах ёстой. Баталж чадахгүй бол Эрүүгийн хууль ч, Зөрчлийн хууль ч хэрэгжихгүй. Тэгэхээр заавал батлахаас өөр арга байхгүй. Гэхдээ батлахдаа бас учиртай батлах ёстой. Эрүүгийн хэрэг хянан шалгах ажиллагааны тухай, Хууль сахиулах арга хэмжээний, Таслан сэргийлэх арга хэмжээний тухай хууль гурвыг батлахгүйгээр нөгөө хорьж цагддаг, эрүүдэн шүүдэг, хүний амь нас, амьдралыг золих шахам байж хэрэг илрүүлэх гэж оролддог, өөрсдийгөө эрх мэдэлтэй гээд андуурчихсан, дээрээс бүхнийг хардаг хуулийн байгууллага, хууль сахиулах байгууллагынхны дур зоргыг өөрчилж чадахгүй. Энэ гурвыг дагаад дараагийн хуулиуд яригдах ёстой. Энэ хуулиуд батлагдсаны дараа Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг дахиад нэг шинэчлэх ёстой. Тэгж чадвал “Монгол Улсад эрүүдэн шүүх нөхцөл байдал хуулийнхаа хувьд алга боллоо. Хүний эрхийг үл тоодог хуулийн байгууллагууд үүнээс хойш байхгүй боллоо, хууль журмын дагуу ажилладаг хууль сахиулагч нартай боллоо” гэж нүүр бардам хэлж болно.

-Эрүүгийн шинэ хуулиар цаазын ялыг халчихлаа. Энэ тохиолдолд онц хүнд гэмт хэргүүд ихэсдэг гэдэг шүү дээ. Цаазын ялыг халсан нь сайн зүйл мөн үү?

-Сайн, муу гэхээс илүү зөв зүйл. Цаазын ял байснаараа хүнд гэмт хэрэг багасдаг, эсвэл өсдөг гэдгийг нотолсон судалгааны үр дүн байдаггүй юм. Яагаад гэвэл гэмт хэргийн нөхцөл байдал гэдэг цаазын ялтай холбоотой ойлголт биш. Эрүүгийн хуульд цаазын ял байгаа эсэхээс үл хамаараад эдийн засаг, хүмүүсийн амьдралын чанар, ажил орлоготой байна уу үгүй юү гэдэгтэй л хамаатай. Ядуурал ихсэх тусам л гэмт хэрэг нэмэгддэг. Тэгэхээр огт уялдаагүй зүйлүүдийг хооронд нь холбож тайлбарлаж болохгүй. Ер нь бол цаазын ялаас яагаад улс орнууд татгалзаад байна вэ гэдгийг бид бодох ёстой. Орчин үеийн 1992 оны Үндсэн хууль буюу нийгмийн гэрээний онолоор хүмүүс хоорондоо зөвшилцөж ойлголцоод “Би чиний амь насыг сүйтгэхгүй, чи минийхийг хөнөөхгүй. Чи миний эд хөрөнгийг хулгайлахгүй, би чинийхэд гар хүрэхгүй. Чи миний амьдралыг шийдэхгүй, би чинийхийг бас шийдэхгүй” гэсэн харилцан тохиролцооны үндсэн дээр төрийг байгуулж, нийгмийг зохион байгуулдаг. Тэгэхээр надад байхгүй, иргэнд байхгүй эрхийг төр эдэлж болохгүй. Иргэнд хүн алах эрх байхгүй биз дээ?

-Мэдээж тийм.

-Иргэн хүн алах эрхгүй байхад төр бас хүн алж болохгүй. Яг энэ зарчмаар Татварын хуульд өөрчлөлт орууллаа шүү дээ. Иргэн мөнгөө өөр нэгэнд зээлүүллээ гэж бодъё. Тэр хүнээсээ мөнгөө буцаан авч чадахгүй байж байгаад тодорхой хугацааны дараа авахдаа алданги, торгууль тооцуулж байгаа. 100 мянган төгрөг зээлчихээд буцаан авахдаа “Би хохирч байна аа, миний цаг хугацаа, алдагдсан боломж” гэж нэхэмжилбэл тэр алданги, торгууль чинь нийлээд үндсэн зээлийнхээ 50 хувиас хэтрэхгүй шүү гээд заачихсан. Гэтэл төр татвар нэрээр иргэдээс 100 мянган төгрөг хураах ёстой болдог. Тэрийг нь хугацаандаа өгөөгүй байна гээд алданги, торгууль гээд нэмээд 80 хувь болчихдог. Иргэдийн мөнгөний үнэ цэнэ 50 байхад, төрийн мөнгөний үнэ цэнэ 80 байж болохгүй ээ гээд суурь зарчмаараа иргэдээсээ давсан эрхтэй төр байж таарахгүй гээд алданги торгууль адилхан 50 хувь байна гээд ийм зохицуулалт хийсэн. Яг үүнтэй адил иргэнд байхгүй эрхийг төр эдэлж болохгүй гээд цаазын ялыг халсан. Философийн тайлбар нь энэ. Практик талаасаа бол цаазаар авах ял гэдэг иргэнд хэрэгтэй ял уу, эсвэл хэн нэгэн эрх мэдэлтэнд хэрэгтэй ял уу гээд харахаар иргэнтэй холбоотой гэмт хэрэгт цаазаар авах ял байхаас илүү төртэй холбоотой гэмт хэрэгт байгаад байдаг. Төрийн эсрэг үйлдлүүд хийсэн бол гээд. Тэр дундаа дарангуйлагч маягийн төр бол өөрсдийнх нь эсрэг үйл ажиллагаа явуулсан хүн болгоныг цаазаар авчих гэдэг хандлагатай. Энэ өөрөө дундад зууны уламжлал. Талёны зарчим буюу “шүдийг шүдээр, амийг амиар” гэсэн дундад зууны үеийн хууль, эрх зүйн соёлоос уламжлалтай. Орчин үеийн соёл бол биш. Одоо дэлхий нийт орчин үеийн хуулийн соёл руу шилжиж байгаа учраас дундад зууны маягийн ялын бодлогоосоо салах ёстой. Энэ байр суурийг НҮБ бас тодорхойлсон. Монгол Улс НҮБ-ын олон улсын гэрээ конвенцид нэгдэн орсон учир хүлээсэн үүргээ бас биелүүлэхээс өөр арга байхгүй.

-Нэг ийм шүүмжлэл байдаг. Олон улсын гэрээ конвенцид нэгдсэн гэдэг нэрээр хууль журмаа өөрчилдөг. Ингэж болохгүй, Үндсэн хуульдаа илүү нийцүүлэх хэрэгтэй гэж. Саяхан манай хойд хөрш олон улсын гэрээ конвенцоос илүү өөрийн улсын Үндсэн хуулийг дээдэлнэ гэдгээ зарлалаа?

-Монгол Улс тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа олон улсын дэмжлэг, дипломат аргаар хамгаалдаг. Тийм учраас Үндсэн хууль, олон улсын өмнө гэрээгээр хүлээсэн үүрэг хоёроо харилцан уялдаатай авч явахаас өөр аргагүй. Орос шиг зэвсгийн хүчээр хамгаалах чадалтай их гүрэн бол хамаа алга гэж хэлж бас болно. Гэтэл бидэнд тийм боломж алга.

-Таны хуулийн шинэтгэлийг америк хуулийг хуулбарласан гэдэг биз дээ?

-Тэгдэг л юм. Тэгээд АНУ-д тэгвэл аль хууль нь байна гэхээр хэлэх үггүй л байдаг байхгүй юү. АНУ-д жишээ нь Зөрчлийн хууль, Эрүүгийн хууль гэж байхгүй ш дээ.

-Эрүүгийн хуулийг та өргөн бариад, шинэ сайд буцаан татаад эргээд өргөн барьсан хууль. Таны эх барьсан хууль мөн үү, эсвэл өөрчлөгдсөн үү?

-УИХ-ын дарга хэлж байсан. Зөрчлийн хууль, Эрүүгийн хууль хоёрыг өмнөх Засгийн газрын өргөн барьсан хуулиудтай харьцуулж харлаа, 90 хувь нь хэвээрээ байна, 10 хувийн өөрчлөлт байна гэсэн. Нэршил болоод зарчмын 3-4 өөрчлөлт байсан. Сая хэлэлцүүлгийн явцад нэршлээс бусад өөрчлөлтүүдийг буцаагаад бүгдийг нь сэргээсэн. Гүтгэх гэмт хэргийг эрүүгийн гэмт хэрэг биш, зөрчил рүү шилжүүллээ, гэмт хэргийн ангилал байсныг ангилгүй болголоо. Ангилал гэдэг бол академик түвшинд буюу их сургуулиудад ашигладаг ойлголт болохоос биш хуульд хэрэглэдэггүй. Эрүүгийн хариуцлага гэдэг ерөнхий ойлголт байсныг ял болон албадлагын арга хэмжээ гэж зааглалаа. Гэх мэтчилэн концепцийн шинжтэй зүйлүүдээ буцаагаад тавьсан. Мэдээж хэрэг шинэ Засгийн газар оруулж ирэхдээ техникийн болон сайжруулах зүйл хийсэн байсан. Хууль өөрөө сайжирч байгаа учир үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой.

-Гэсэн ч цаг хугацааны хувьд нэлээд алдагдаж дээ?

-Гэмт хэргийн хуулийг өргөн барьснаас хойш тооцохоор бараг 2.5 жил болчихож байгаа юм. Буцаагаад татсан, дахин өргөн барьсан хугацааны алдагдлыг тооцвол багадаа л есөн сар алдсан байна. Есөн сарын өмнө энэ хоёр хуулиа баталчихсан бол процессын хуулиудаа энэ цаг үед батлаад дуусч байх байсан болов уу.

-Процессын хуулиуд одоо аль шатандаа яваа вэ?

-Шинэ Засгийн газар өмнө хэлсэн процессын хуулиудыг нэг хууль болгон өргөн барьсан. Уг нь бид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх, Хууль сахиулах үйл ажиллагаа, Таслан сэргийлэх үйл ажиллагааны тухай гэж гурван тусдаа хууль бичээд энэ хуулийнхаа араас нэн даруй Ял эдлүүлэх үйл ажиллагааны тухай хуулийг батлах ёстой, Шүүх шинжилгээний тухай хуулийг шинэчлэн найруулах ёстой, Хохирол барагдуулах сангийн тухай, тэгээд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль байх ёстой гээд дэс дараатайгаар тавьсан байсан. Эхний гурван хуулийг Засгийн газар нэг хууль болгон бичиж оруулж ирсэн ч УИХ дээр дөнгөж хэлэлцээд эхэлмэгц л асуудал үүссэн. Зөрчлийн хуулийг хэлэлцээд эхэлтэл дотор нь нэг бүлэг процессын заалтаа биччихсэн байсан. Эрүүгийн хуулинд эрүүгийн байцаан шийтгэх процессыг бичдэггүй шүү дээ. Материаллаг хэмжээ, процессын хэмжээ хоёр нь холилдчихсон. Үүнээс болоод Засгийн газар төслөө буцааж татаад Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийг салгаж оруулж ирсэн. Одоо Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай, Зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хоёр хуулийн төслийг Засгийн газар өргөн барьсан байгаа. Гэхдээ Зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төслөөр Хууль сахиулах үйл ажиллагааны хуулиар зохицуулах ёстой харилцааны дөнгөж гуравны нэг нь зохицуулагдаж байгаа. Үлдсэн гуравны хоёрыг юугаар зохицуулах вэ гэдэг асуудал дахиад тулгарч байна. Дээр нь Таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх тухай хууль огт байхгүй болохоор нөгөө хорьж цагдахгүйгээр мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулна гэсэн зарчмаа яаж хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал тулгарна. Тиймээс процессын хуулиудаа нэг мөсөн зоригтой ул суурьтай цогцоор нь шийдэх хэрэгтэй. Зэрэмдэглэснээс болж Эрүү болон зөрчлийн хууль хэрэгжихгүй нөхцөл байдал үүсэх вий л гэж байгаа юм. Харамч хүн гурав төлнө гэдэг шиг хялбарчлах гэж оролдсоноосоо болоод амжилттай хийсэн шинэчлэлүүдээ буцаагаад унагачих вий гэсэн болгоомжлол байна.

-Таныг Хууль зүйн сайд байхад "Тэмүүжингийн шинэчлэл" гэж хэлэгдэх хэмжээний цогц хуулийн төслүүд өргөн баригдаж байсан. Эрүү, Зөрчлийн тухай хууль сая батлагдлаа. Энэ хуулиуд тэр шинэчлэлийн нэг эд эс мөн үү?

-Анх өргөн барихад Гэмт хэрэг, Зөрчлийн тухай хууль гэж нэртэй байсан. Энэ хоёр нийлээд Эрүүгийн хууль тогтоомж болно гэсэн агуулгаар явж байсан бол шинэ Засгийн газар Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль гэж оруулж ирсэн. Материаллаг хэм хэмжээний хувьд бол Монгол Улс маш том дэвшил рүү алхаж чадлаа. Бид хэм хэмжээний хувьд гурван том хүрээнд шинэчлэл хийж байгаа. Материаллаг хэм хэмжээ, процессын хэм хэмжээ, институцын хэм хэмжээ гэж. Материаллаг хэм хэмжээний хүрээнд Эрүүгийн болон Зөрчлийн хуулийг баталлаа. Процессын хэм хэмжээний хувьд дээр дурдсан долоон хууль байгаа. Долоон хуулиа шийдээд авбал институцын хэм хэмжээний хуулиуд харьцангүй сайн гарсан байгаа. Цагдаагийн албаны тухай хууль, Тахарын албаны тухай хууль зэрэг институцийн хуулиуд батлагдсан байгаа. Гараагүй нь Мөрдөх албаны тухай хууль байна. Мөрдөх албаны тухай хууль гарахгүйгээр энэ шинэчлэлд доголдол гарна. Мөрдөх албаны хууль гарахтай холбогдуулан Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хууль гарах ёстой байсан. Энэ бүхнийг хийчихвэл цогц бодлого ул суурьтай нэлээд сайн шийдэгдлээ гэж хэлж болно доо. Мэдээж үүний дараа хийх ажил ундарна. Яагаад гэвэл бүх хууль сахиулагч нарынхаа хүрээнд шинэ хуулийн дагуу мэдлэг мэдээллийг сайжруулах ёстой болно. Маш их хэмжээний сургалт зохион байгуулах шаардлагатай болно. Жижиг хэрэгт сэжиглэгдэж байгаа хүн жил мөрдөгддөг, шалгагддаг байж таарахгүй. Маш хурдан шүүн таслах ажиллагаа явуулдаг болох хэрэгтэй. Нэг хэрэг сэжиглэж шалгаж байна гээд хувийнх нь амьдралыг бүхлээр нь ухаж төнхөөд байдаг байж таарахгүй. Анх гудамжинд хүнтэй хэрэлдсэн хэргээр шалгуулж байсан чинь дараа нь тэс өөр татварын хэрэг болчихсон явж байдаг. Зохион байгуулалттай гэмт хэргийг шалгахдаа бол хүний амьдрал руу гүн орж шалгана, түүнээс биш жижиг хэрэг дээр тэгэхгүй. Ийм ялгаа заагийг гаргахын тулд Мөрдөх албаны тухай хууль хэрэгтэй болж эхэлнэ.

-Мөрдөх албаны хууль батална, Мөрдөх албыг тусдаа гаргана гэснээс болоод л та сайд байхдаа цагдаа нартай, хурандаа нартай эв эвдрэлцсэн байх аа?

-Цагдаагийн албаны тухай, Мөрдөх албаны тухай хууль, Тахарын албаны хууль гээд бүгд багцаараа өргөн баригдсан байсан. Багцаараа өргөн баригдаад батлагдах үйл явцад хамгийн их эсэргүүцэлтэй тулгарсан нь Мөрдөх албаны тухай хууль. Яагаад эсэргүүцэлтэй тулсан гэхээр манай Цагдаагийн байгууллага Монгол Улсын нутаг дэвсгэр дээр бүтэн хүрч ажилладаг, дурын цэгээс дурын хэргийг ЦЕГ-ын төвшинд татаж авчраад шалгах, эсвэл замхруулах боломжтой, хүний амьдралыг үгүй хийх хэмжээний дур зоргоор авирлах бүтэцтэй байсан. Энэ бүтцийг эвдэж хүний эрхийг хамгаалах, нөгөөтэйгүүр зохистой хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх бүтцийг бий болгох том зорилго байсан. Мөрдөх албаны хууль батлагдахтай холбоотойгоор ЦЕГ-ын төвшинд байгаа Мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газар хоёрыг нэгтгэн зохион байгуулах, дээр нь Хууль зүйн яамны харьяа Шүүх шинжилгээний хүрээлэн Мөрдөх алба руу очих ёстой байсан. Ийм гурван байгууллагын байх эсэх асуудал хөндөгдсөн. Энэ гурван байгууллагын алба хаагчид, мэргэшсэн хүмүүс бол шинэ бүтэцдээ ороод л ажлаа үргэлжлүүлнэ. Хамгийн гол нь гурван байгууллагын дарга нарын эрх ашиг хөндөгдөж байсан. Энэ гурван байгууллагыг ямар хүмүүс даргалж байсан гэдгийг бүгд мэднэ.

-УМБГ-ын М.Батсүх, ЭЦГ-ын Н.Ууганбаяр нарын зохион байгуулсан гэх нөгөө дуулиант “хурандаа нарын” хэргийг сэргээж шалгаж байгаа гэсэн байсан. Яагаад энэ хэргийг хаачихсан байсан юм бэ?

-Энэ хоёр хүний үүрэг чиглэлтэйгээр над дээр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Хар тамхины, албан тушаалаа урвуулан ашигласан гэх мэт тодорхой хэргүүд нээж нууцаар шалган гэмт хэрэгтэн болгох гэж оролдсон. Бүтэхгүй болохоор нь нэг эмэгтэйтэй холбоотой гэдэг зүйлийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараах байдлаар ажилласан. Хууль зүйн сайд хэн байхыг удирдлаганд нь байгаа хүмүүс шийдэх гэж оролдсон шүү дээ. Үүнийг нь шалгуулахаар би тухайн үед гомдол гаргаж өгч байсан. Прокурорын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгээд харьяалал тогтоогоод шалгуулсан.

Шалгалтын явцад баримтууд нэлээд тодорхой болоод хэрэг бүхэлдээ дүр зураг нь гараад хариуцлага тооцох алхмууд хийгдсэн. Гэсэн ч эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолыг тухайн үеийн ерөнхий прокурор маш хурдан хүчингүй болгуулсан. Тэгээд хэрэг хаагдсан, Засгийн газар унасан. Хууль зүйн сайд солигдсон. Мөрдөн байцаах газрын дарга байсан хүн нь албан тушаал ахиад Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга болсон. Нөгөөдүүл нь баримттайгаа баригдсан болохоор шууд албан тушаал дээр очиж чадахгүй байх шиг байна. Ийм л юм болсон. Одоо бол хуулиа мэддэг, мөрддөг хүн нь тэр албан тушаал дээр очсон учраас асуудал дахиад сөхөгдсөн. Одоо эрүүгийн хэрэг үүсгэгдээд, шалгагдаж байгаа.

-Хууль зүйн сайд хэн байхыг доод албан тушаалтнууд нь тодорхойлох гэж оролдсон гэж та хэллээ. Хууль зүйн сайд нь хэнийг ажиллуулахаа уг нь мэддэг биз дээ. Та яагаад томилгоон дээр нь оролцоогүй юм бэ?

-Тэр хүмүүс бол хуулиараа миний томилгооны хүмүүс биш шүү дээ, ЦЕГ-ын даргын томилсон хүмүүс.

-Чухал агентлагийн даргаараа тэгвэл шинэчлэлийн төлөө өөртэй тань хамт алхах хүнийг та яагаад томилж чадаагүй юм бэ?

-Бүр болохоо байгаад Б.Билэгт гэдэг хүнийг албан тушаалаас нь огцруулсан шүү дээ.

-Уг нь энэ асуудлыг дахин хөндөхгүй гэж бодсон ч асуулт ийшээ хөтөлчихлөө, одоо үүнийг орхиё. Үндсэн хуулийн өөрчлөлт зайлшгүй хийх ёстой зүйл мөн үү, цаг хугацааны хувьд боломжтой юу?

-Энэ бол манай тогтолцоонд байгаа гажиг, ардчиллын өөрийн гажиг нь хэтийдээд байгаа. Энэ гажгийн гол учир шалтгаан нь тодорхой хүмүүс байж болох ч үндсэн шалтгаан нь тогтолцооноосоо шалтгаалж байгаа. Систем муу байвал тэр системд ажиллаж чадах хүмүүс илүү эрх мэдэлтэй, дур зоргоороо ажиллах боломжтой болж хувирдаг. Хувь хүмүүст ааш аягаараа амьдрах боломжийг олгоод байна гэдэг тогтолцоо болохгүй байгааг л харуулж байгаа. Тийм учраас тогтолцоогоо эргээд харах ёстой гэдэг бол эрүүл үзэл санааны илрэл. Тогтолцоо хамаагүй, хүн өөрчилье гээд орилоод байвал л дараа дараагийн хүмүүс нь өмнөхөөсөө илүү зэрлэг балмад, популист хүмүүс л гарч ирнэ.

-Одоогийн УИХ-ыг Үндсэн хуулийг өөрчлөх ёс зүйгүй хүмүүс, дараагийн хүмүүсийг хүлээе гээд байгаа шүү дээ?

-Сайн хүн хүлээсэн, эсвэл сайн хүнийг хүсэмжилсэн улс орнууд эцсийн дүндээ нэг дарангуйлагч, нэг “махчин”-тай болоод л төгссөн хувь заяа байдаг. Тэрний оронд сайн тогтолцоо хүссэн, сайн тогтолцоог бий болгох гэж оролдсон улс орнууд эцсийн үр дүндээ хүнээс хамааралгүй илүү тайван, зөв системтэй болж хөгжил нь үргэлжилсэн байдаг. Энэ бол зүгээр л хоёр хаалга. Энэ хоёр хаалганы алинаар нь гарах вэ гэдгээ эргэцүүлэх ёстой. Сэтгэлийн хөөрлөөр биш, дам сонссон хов живээр биш, судалгаатай ул суурьтай мэдээлэл дээр түшиглэж ийм шийдэлд хүрэх ёстой. Үндсэн хууль өөрөө өөрийнхөө тулд байгаа зүйл биш. Өөрөө зорилго биш, харин хэрэгсэл. Зорилго нь юу юм бэ гэхээр хүнийг эрх чөлөөтэй, тайван, аз жаргалтай амьдруулах. Тийм амьдралыг бий болгохын тулд Үндсэн хуулийг баталсан болохоос биш Үндсэн хуультай байхын тулд батлаагүй юм. Үндсэн хууль өөрөө зорилго болчихоод нөгөө аз жаргалтай тайван амьдрах гэж хүсэмжилсэн хүнийг өөрийг нь хэрэгсэл болгож болохгүй. Социализм, коммунизм яг тийм байсан. Хүн нь зорилго биш, байгуулах гэж байгаа нийгэм нь өөрөө зорилго болж хувираад коммунизмын төлөө үүнийг цэрэгт явуул, үнэгүй ажил хийлгэ гэдэг тогтолцоо байсан. Бидний яриад байгаа Үндсэн хуульт ардчилал гэдэг бол нийгэм хүндээ зориулсан тогтолцоо. Тэгэхээр цаг үе болгонд амьдарч байгаа хүмүүс энэ тогтолцоо надад таарч байна уу үгүй юү, энэ тогтолцоо намайг аз жаргалтай эрх чөлөөтэй чинээлэг амьдрахад тусалж байна уу үгүй юү гэдгийг байнга шүүн хэлэлцэх ёстой. Түүнээс хойш 1992 онд өнөөдрийнхөөс хавьгүй ухаалаг хүмүүс амьдраад, одоогийн хүмүүс тэдний тогтоосон хэм хэмжээнд тааруулж амьдар гэж тулгаж болохгүй. Бусад улс орнуудыг харахад 20-25 жилд Үндсэн хуулиа шүүн хэлэлцэж сайжруулсан байдаг. Мэдээж хэрэг энэ Үндсэн хууль дотор маш олон ололт байгаа учир ололтоо авч үлдэнэ, сууриа хадгалж хамгаална. Гэхдээ өөрсдийн хөгжил дэвшилдээ тааруулж шинэчилж өөрчилдөг. 1992 оныг эргээд бодъё. Тэр үед гар утас байлуу, интернэт байсан уу, эдийн засгийн тухай ийм хангалттай ойлголт байсан уу, ардчилал шударга ёсны тухай цэгцтэй ямар ойлголт бидэнд байсан бэ гээд бод л доо. Ний нуугүй хэлэхэд 1992 оны Үндсэн хууль өнөөгийн амьдралын хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй байна.

-Жишээ нь?

-Энэ Үндсэн хуульд “Үндсэн хуулийн эдийн засаг” гэдэг ойлголт огт байхгүй. Гэтэл өнөөдөр дэлхий нийтээрээ Үндсэн хуулийн эдийн засаг гэдэг ойлголтын тухай ярьж байна. Яагаад гэвэл хуулийн тогтолцоо гэдэг эдийн засгийг хөгжүүлэх хөшүүрэг байдаг юм байна. Хуулийн тогтолцоо хоцрогдоод ирэхээр эдийн засагт маш их алдагдал бий болгодог.

-Үндсэн хуулийн эдийн засаг гэж юу юм бэ?

-Энэ бол төсөв санхүүгийн сахилга батын тухай яриа биш шүү. Үндсэн хуулийн эдийн засаг гэдэг ойлголтын нэг жишээ Үндсэн хуулийн Цэц дээр саяхан уналаа. Моргэйжийн системтэй холбоотой энэ заалт яагаад Цэц дээр унав. Яагаад гэвэл үүнийг баталгаажуулсан Үндсэн хуулийн эдийн засаг гэдэг ойлголт манай Үндсэн хуульд байсангүй. Жишээ нь, нэг хүн өөрийн байгаа хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулаад дахиад хөрөнгө босгох гэж байна. Нэг хүн өөрт нь байгаа мөнгийг нөгөө хүнд зээлүүлж байна. Газраа барьцаалсан хүн нь зээлсэн мөнгөөрөө үйлдвэр бариад тодорхой хүүтэйгээр нөгөө хүндээ буцаан өгч байна. Нэг нь өөрт байгаа хөрөнгөө барьцаалаад үйлдвэртэй боллоо, нөгөө нь гудсан доороо хэвтэж байсан мөнгийг зээлүүлж мөнгөө өсгөлөө.Ийм чөлөөт харилцаатай холбоотой асуудлуудыг зарчмын хувьд Үндсэн хууль яаж хамгаалдаг юм гэдэг нь л Үндсэн хуулийн эдийн засаг. Зах зээлийнхээ зарчмаар, иргэний санаачилгаар, хувийнхаа өмчөөр компани байгуулаад хийж болох ажлыг төр тонон дээрэмдэж болохгүй гэдгийг Үндсэн хуулийн эдийн засгаар хамгаалдаг байхгүй юу. Үндсэн хуулийн эдийн засаг байхгүй учраас Монголд бизнес рүү армийн нэрээр дайрч орох гэж байна. Компани хийх ажлыг цэргээр хийлгэнэ гэж хэлж болж байна. Компани зах зээл дээрээс мөнгөө босгоод, тоног төхөөрөмж худалдан аваад, ажлын байр нэмэгдүүлээд, тогтвортой хөдөлмөрийн харилцаа үүсгээд, хүмүүсийг цалинтай болгоод бүтээн байгуулж болох байсан ажлыг төр дампууруулаад одоо иргэдээ “эд ажилгүй байгаа” гээд Эрүүгийн хуулиар далайлгаж цэрэгт татаад, төсвийн мөнгөөр тоног төхөөрөмж худалдаж аваад, цэргийн анги нэгтгэлээр ажил хийлгэх гэж байна шүү дээ. Тушаал биелүүлэхгүй бол эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ, таалагдахгүй байна, хар ажил хийхгүй гээд зугтвал цэргээс оргон зайлсан гээд шоронд хийнэ, хуваарилж өгсөн тоног төхөөрөмж эвдэх юм бол цэргийн зэвсэг хэрэгсэл техник эвдсэн гэдгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Бүгдийг нь эрүүжүүлж, шоронжуулж, айлгаж байгаад ажил хийлгэдэг ийм аргыг уг нь Үндсэн хуулиар хориглодог. Уучлаарай, наадах чинь төрийн чиг үүрэг огт биш байна, зах зээлийн дотоод зүй тогтлоор явдаг ажил байна гээд зохицуулдаг. Тэр тусмаа төр албадлага, зэвсэг, хүчирхийллийн аргаар оролцож болохгүй, үүнийг чинь албадан хөдөлмөрлүүлэх гэдэг юм гээд энэ үзэл санааг тодорхойлж өгдөг зүйл нь нэг талаас Үндсэн хуулийн эдийн засаг гэдэг ойлголт.

-Шилжилтийн Үндсэн хууль баталчихаад үүнийгээ гоц зүйл юм шигээр 20 гаруй жил шүтэж ирлээ гэж та Байнгын хорооны хуралдаан дээр хэлж байсан. Үндсэн хууль тогтоогчдыг таны энэ үг нэлээд гомдоох шиг болсон.

-Ганцхан миний хувийн бодол биш шүү дээ. Энэ бол маш олон судлаачдын дүгнэлт. Үндсэн хуулийг уншаад өнгөрөх нэг өөр. Уншихдаа энэ нь ямар онол, ямар үзэл баримтлал, ямар түүх, ямар практик дээр суурилж байна вэ гэдгийг харж, дараа нь үүнтэй холбоотой ямар маргаан үйл явцууд болов оо гэдгийг өрж, түүгээр зогсохгүй танин мэдэхийн тулд бусад улс орнуудад юу болж байсан юм гээд сургамжийг нь авч харьцуулах байдлаар дүгнэлт бичих гэдэг бол мэргэжлийн ажил. Ийм мэргэжлийн судлаачдын дүгнэлтийг үнэлж сурах хэрэгтэй. Монгол Улсад Үндсэн хуулиар судалгаа хийдэг 16-17 хүн л байгаа. Олонх нь залуучууд байна.

-Та Үндсэн хуулийн эрх зүйгээр мэргэшсэн хүний хувьд Үндсэн хуулийг яаж өөрчлөх ёстой гэж боддог вэ. Одоогийн өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэр оновчтой гэж харж байна?

-Хувийн бодлыг маань асууж байгаа бол би Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах биш, шинэчлэн найруулах ёстой гэж боддог. Тогтвортой гол тогтолцоонуудыг бүрэн дүүрэн хамарсан, одоогийн байгаа Үндсэн хуулиас объёомоороо гурав дахин том Үндсэн хуулийг батлах ёстой. Манай Үндсэн хууль яг америк маягийн Үндсэн хууль ш дээ. Маш ерөнхий бичилттэй.Тодорхой зохицуулалт маш ховор, тунхаг шинжтэй. Ерөнхий бөгөөд тунхаг шинжтэй болохоор Үндсэн хуулийг эрх мэдэлтэй, нөлөөтэй байгаа хэсэг нь дураараа тайлбарлах нөхцөл үүсээд байгаа юм. Би бол Австри-Германы загвар бүхий нарийвчилсан бичилттэй Үндсэн хуультай байх ёстой гэж боддог. Манай Үндсэн хууль америк маягийн ерөнхий хэрнээ социалист маягийн хууль зүйн хэлээр бичигдсэн. Тэр үг үсгээрээ хэрэгждэг бол бас аюултай. Наад захын жишээ гэхэд “Төрийн хууль” гээд биччихсэн. Үндсэн хуулийн онол ёсоор ард түмэн өөрсдөө төлөөлөгчдөөрөө дамжуулж хууль баталдаг. Тэр батлагдсан хуулийн хүрээнд төр өөрөө амь ордог. Түүнээс биш төр өөрөө иргэнийхээ дээр гарчихаад “би та нарыг захирч хянаж шийднэ” гэж айлгадаг байж таарахгүй. Ингэж хууль гаргадаг цаг өнгөрсөн.

-Өмнөх УИХ-ын үед бас Үндсэн хуулийн өөрчлөлт ярьж байгаад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль гаргасан. Тэр нь бүр эсрэгээрээ “өөрчилж болохгүй” гэсэн агуулгатай, Үндсэн хуультайгаа зөрчилдсөн хууль болчихсон юм биш үү?

-Үндсэн хуулийг яагаад бүтцээр нь өөрчлөх ёстой вэ гэхээр бидний дуурайх гээд байгаа Герман болон Австри маягийн тогтолцоон дотор юунд өөрчлөлт оруулж болох вэ юунд болохгүй вэ гэдгийг Үндсэн хууль дотроо заагаад өгчихдөг. Парламент бол Үндсэн хуулийн энэ хэсэгт өөрчлөлт оруулж болохгүй, ард нийтийн санал асуулгаар ч энэ энэ хэсгийг өөрчилж болохгүй гээд биччихэж байгаа юм. Гэтэл манайх бол Үндсэн хуулиараа биш, өөр хуулиар өөрчлөлт оруулахыг шийдчихсэн. Энэ нь өөрөө Үндсэн хуулийн дагуу эрх үү үгүй юү гэдэг асуудал хөндөгдөнө. Үндсэн хуульд парламент Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болох болохгүйг хязгаарласан заалт огт байхгүй. Үндсэн хуульд хязгаарлаагүй байхад яагаад ердийн хууль хязгаарлана гэж. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Үндсэн хуульд байхгүй байхад нь ердийн хуулиар хязгаарлачихвал асуудал үүснэ биз дээ. Яг үүнтэй адил зарчим.

-Тэгвэл яагаад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг Цэцэд өгдөггүй юм бол?

-Мэдэхгүй, эрх нь хэнд ч нээлттэй шүү дээ. Үндсэн хууль өөрөө яг ямар харилцааг зохицуулж байна гэдэг ялгааг гаргахгүй бол Үндсэн хуулийн нэрээр хүмүүс зохиол бичээд байна шүү дээ. Өөрийн хувийн бодлыг Үндсэн хууль болгож яриад байгаа хүмүүс байна. Аль нь үнэн, аль нь худал вэ гэдгийг сонирхогчийн нүдээр биш, мэргэжилтний нүдээр зааглаж харах ёстой.

-Та түрүүнд яриандаа албадан хөдөлмөр эрхлүүлэх нь өөрөө Үндсэн хуулийн зарчим биш гээд хэлчихлээ. Ирэх сонгуулиар танай намын тугаа болгох гол зүйлийн нэг нь “Төмөр замын цэрэг” юм биш үү. Намын бодлоготойгоо та зөрчилдөөд байна уу?

-Манай намын бодлого биш ээ.

-Сүүлийн үеийн танай намын пиар үүгээр л дамжиж явж байна шүү дээ. Төмөр замын цэрэгт зориулж төсөвт ч нэлээд олон тэрбумыг суулгачихлаа?

-АН-ын 2012 оны мөрийн хөтөлбөрийг уншаад үзээрэй. Ардчилсан намын дүрмийг хараарай, үзэл баримтлалыг уншаарай. АН-ын үзэл баримтлал дотор үнэт зүйлүүд байгаа. Хүний жам ёсны эрхийг хүндэтгэнэ, иргэний нийгэм, ардчилал, зах зээл гэдэг нийгмийн үнэт зүйлүүдийг хамгаална, хувь хүний сонголт, хувь хүний санаачилга дээр түшиглэсэн хөгжлийн бодлогыг түүчээлнэ. Бага оролцоотой, оролцохдоо ухаалаг зохицуулалт хийдэг Засгийн газар, төрийг бий болгоно гэж байгаа. АН-ын зорилго ийм. Түүнээс биш арми нэрийн доор бусдын бизнесийг тонон дээрэмдэнэ, иргэний биш цэргийн санаачилгыг дэмжинэ, хувь хүний ажлын чадварыг үнэгүйдүүлнэ, баялаг бүтээгчид, бизнес эрхлэгчдээ дампууруулаад төр татвар төлөгчдийн мөнгөөр хийнэ гэдэг бол Ардчилсан намын зорилт, мөрийн хөтөлбөр биш. Мөн чанартай нь зөрчилдөж байгаа юм. Үүнийг шүүмжлээд ул суурьтайгаар хэлж чаддаг гишүүд манай намд байгаа учраас үүнийгээ ярьж байна. Алдаа гаргасан бол заах хэрэгтэй биз дээ. Бидний ярьсан зүйл юу байсан гэхээр иргэд ажилгүй байна, гэхдээ нийгмийн халамжаар иргэдээ тэжээнэ гэдэг манай намын бодлого биш, харин ажлын байрыг нэмэгдүүлж цалин орлоготой болгоё л гэсэн. Ингэхийн тулд эхлээд хүмүүсээ ажилтай болгоё. Хоёрдугаарт, бүтээн байгуулалтыг дэмжихээр өөр улсын иргэд орж ирээд ажиллаад байна, хөдөлмөрийн зах зээлээ хамгаалъя. Төсвөөс гарч байгаа мөнгө байгаа бол түүнийг нь монгол хүн цалин болгож авъя гэдэг бодлого байх ёстой. Гуравдугаарт, үүнийг хийхийн тулд төсвийн мөнгө компани руу орж байх ёстой, компани нь монгол хүнийг ажиллуулах ёстой. Гэтэл монгол ажилчдаа мэргэжилгүй гэж голоод байна, хөдөлмөрийн сахилга батгүй гээд авахгүй байна. Хөдөлмөрийн сахилга баттай мэргэжилтэн бэлтгэхийг МСҮТ яагаад хийж болохгүй гэж. Ингэвэл залуучуудаа ажилтай болгож болж байна, хөдөлмөрийн зах зээлээ хамгаалж болж байна, компаниудаа дэмжиж болж байна, дээр нь МСҮТ-үүдээ чанаржуулж болж байна. Ийм зүйлийг цэрэг армиар биш, Хөдөлмөрийн яамаараа дамжуулж хийж яагаад болохгүй гэж. Мэдээж энэ ажлыг хийхийн тулд армиас дэмжлэг авах зүйл байна л даа. Бүтээн байгуулалтад оролцох залуус хөдөө хээр очиход нь арми өөрийн дэлгэгддэг бүтцээрээ майхан сав бэлдэж, гал тогоогоо гаргаж, осол гэмтэл гарлаа гэхэд армийн эмнэлгийг ашиглаж болж байна.Энэ нь нөгөө талдаа армийн чадварт ч хэрэгтэй. БАМ буюу Байгал-Амурын төмөр зам барих ажлыг оросууд бүр дэлхийн нэгдүгээр дайны үед анх эхэлсэн.Дэлхийн хоёрдугаар дайны дараа дорнод Сибирийн төмөр замыг тавья гээд маш эрчимтэй үргэлжлүүлсэн.Ингэхдээ баривчлагдсан япон, герман цэргүүдээр, хоригдлуудаар, цэргийн анги нэгтгэлүүдээр бариулж байсан.Гэтэл Брежнев 1972 онд “хоригдол, цэргүүдээр төмөр замын бүтээн байгуулалтыг хийлгэх нь манай улсыг дэлхий дахинд муухай харагдуулж байна” гээд комсомолын байгууллагаа оруулсан.Бидний 1990 онд шүүмжилж гарч ирсэн коммунист дэглэм 1972 онд албадан хөдөлмөр эрхлэлтээс татгалзаж байсан юм шүү.Олон улсын шахалт ч байсан байх, өөрсдийн дотоод өөрчлөлт ч байсан байх.Бүтээн байгуулалтыг албадан хөдөлмөр болгож, үй олон хүний амийг авч байгаа бохир гараар барьж болохгүй гээд “Бүтээн байгуулалт-Цэвэр гар” гэж нэрлээд БАМ-д залуучуудыг уриалсан. Тэгж БАМ-ын төмөр замыг дуусгасан.Гэтэл үүнээс хойш хагас зуун жилийн дараа нөгөө коммунистуудаа шүүмжлээд тогтолцоогоо өөрчилсөн, өөрсдийгөө ардчилагчид гэж нэрлэсэн хүмүүс өөрсдөө ийм санаачилга гаргаж болохгүй ээ.Гитлер, Сталин хоёрын арга барил үүгээрээ адилхан. Гитлер улс орноо дэлхийн төвшинд гаргаж ирнэ, бусад улс орнууд биднээс болгоомжилж байх ёстой, бидний санаачилгыг дэмжихгүй байгаа хүмүүсийг албадаад цэрэгт татаад, эсэргүүцсэнийг нь шоронд хийгээд ажил хийлгэе гэдэг санаачилга гаргасан. Германы цөөнгүй бизнесмэн энэ санаачилгыг дэмжин уриалж байсан. Эцэст нь өөрсдийнх нь бизнесийг төр нь дээрэмдсэн. Тийм л юм болсон шүү дээ.

-Манай зарим бизнесмэн ч бас энэ санаачилгыг дэмжиж, байр сууриа илэрхийлж байна лээ.

-Нэг зүйлийн ялгааг ойлгох хэрэгтэй. Капиталист хүн хэзээ ч капитализмыг өөрийг нь үгүй хийх санаачилгыг дэмжихгүй. Олигархиуд өөр. Төр бусдын бизнесийг дээрэмдэх тусам төрийн тусламжтайгаар олигархиуд хуримтлалыг өөрийн болгож байдаг. Хөрөнгөтнүүд бол эсрэгээрээ, харин ч төрийн оролцоо нэмэгдэх тусам болгоомжилдог. Хэн миний бизнесийг дээрэмдээд, ажилчдыг маань ажилгүй болгох нь гэж болгоомжилдог. Цэргийн ангиар бизнес хийнэ гэдэг компаниудын хийж байгаа ажлыг бүгдийг нь хураахын л эхлэл. Энэ жил төмөр зам, ирэх жил магадгүй “ургац алдлаа, тариалангийн компаниуд ажил хийж чадахгүй байна, армиар газар хагалуулж, үр тариа хураалгана” гэвэл яах уу. Бодитой арга зүйн судалгаа хийхэд сонирхолтой л дүр зураг харагдана даа. Яагаад хөрөнгөтнүүд төрийг сэжиглэнгүй хардаг, яагаад олигархиуд төртэй байнга хэлхэлдэж, сүжирдэг вэ гэдгийн гол шалтгаан ердөө л энэ. Бизнес эрхлэгч, төр хоёрын хамтын ажиллагаа бол өөр хэрэг. Бусад бизнес эрхлэгчдийн бизнесийг төр дээрэмдэхийг дэмжин талархах гэдэг бүр өөр хэрэг.

С.ОНОНТУУЛ

ЭХ СУРВАЛЖ: "ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна