Си даргаа “огцруулсан” сэтгүүлчдийг халав

2015 оны 12 сарын 7

 

Хятадын төрийн мэдээллийн агентлагийн дөрвөн сэтгүүлч Хятадын дарга Си Жиньпиний тухай мэдээлэлд ноцтой алдаа гаргаснаас болж ажлаасаа халагдлаа.

 

Сэтгүүлч нар Хятадын дарга Си Жиньпиний Өмнөд Африкийн Йоханнесбург хотод Хятад-Африкийн дээд хэмжээний уулзалтын үеэр хэлсэн үгийг дамжуулахдаа “үг хэлсэн” гэдгийг нь “огцорсон” хэмээн андуурч бичсэн байжээ.

 

Бямба гаригт алдааг засахаас өмнө дээрх мэдээллийг тус улсын төрийн өмчит 20 гаруй мэдээллийн хэрэгсэл 1 цаг 20 мин турш дамжуулсан байна. Уг алдаанаас болж Хятадын мэдээллийн агентлагийн Өмнөд Африк дахь салбарын хоёр сэтгүүлч, мөн China News Service-ийн хоёр редакторыг ажлаас нь халжээ.

 

Дээрх явдлаас хоёр хоногийн өмнө Хятадын мэдээллийн агентлаг “Синьхуа” Хятадын тэргүүн Си Жиньпин болон АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама нарын уулзалтын тухай мэдээнд АНУ-ын ерөнхийлөгчийн нэрийг мөн алдаатай бичсэн байжээ.

 

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна