Хэнтийчүүд өөдрөг, өнгөлөг байна

2015 оны 12 сарын 7

Хэнтий аймагт очиж “Өөдрөг амьдралд тэмүүлсэн он жилүүд” арга хэмжээнд оролцоод ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Архигүй Монголын төлөө хамтдаа” уриалга Хэнтийд үр дүнгээ өгсөн бодит ажил болжээ.

Хэнтийнхэн 2013 оны гуравдугаар сарын 7-нд “Архигүй Хэнтийчүүд” хөтөлбөр эхэлснээ албан ёсоор зарлаж, дөрвөн жилийн дотор 1000 хүнийг архины хамаарлаас ангижруулах зорилт тавьсан. Хэнтий аймаг архидалт, гэмт хэргийн түвшингээр улсдаа толгой цохидог, нутгийнхан үүнийгээ “Их хааны нутгийнхны цөс их, цус исгэлэн” хэмээн цагаатгадаг, бараг бахархдаг байлаа. Ийм газарт 1000 хүнийг бор дарсны хамаарлаас ангижруулна гэдэг амьдралаас ихээхэн хол амлалт санагдаж байв. Гэтэл тэд чаджээ. Чадах чадахдаа дөрөв биш, гурван жилийн дотор 1049 иргэнийг буруу зуршлаас нь салгажээ. Энэ сарын 1-2-ны өдрүүдэд “Архигүй-Хэнтийчүүд” хөтөлбөрийн 3 жилийн хэрэгжилтээ тэд тайлагнав.

Энэ хугацаанд аймгийн хэмжээнд гэмт хэргийн гаралт 21.7, түүний дотор согтуугаар үйлдсэн гэмт хэргийн тоо 53.7, гэр бүлийн хүчирхийллийн хэрэг 73.3 хувиар буурсан байна. Энэ бол гарт баригдаж, нүдэнд харагдах үр дүн. Тоон үзүүлэлт  бол хөдөлбөргүй баталгаа.

Ингэхэд “Архигүй Монголын төлөө хамтдаа” уриалгыг дэмжин тодорхой хөтөлбөр хэрэгжүүлэхээр амласан аймаг хэд хэд байгаа атал ганцхан Хэнтий л яагаад ийм амжилтад хүрэв гэдэг асуулт сонирхол татна.  Энэ нь “Архигүй Хэнтийчүүд” хөтөлбөрийг санаачлан зохион байгуулагч, аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатарын ажлын арга барил, зохион байгуулах чадвартай шууд холбоотой. Тэрээр энэ хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд далайцтай ажиллаж чаджээ. Эхний ээлжинд төрийн байгууллагууд  аливаа баяр ёслол,  тэмдэглэлт үйл явдлыг архигүй зохион байгуулж, төсвийн хөрөнгөөр архи согтууруулах ундаа худалдан авахгүй байх явдлыг аймгийн хэмжээнд хэвшил болгожээ. Дараа нь төрийн байгууллага, төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийнхэн архинд донтох өвчин, архидалттай тэмцэх асуудлаар хамтран ажиллаж, хүчээ нэгтгэх асуудлыг зохион байгуулж чадсан байна. Хүмүүст сэтгэл заслын эмчилгээ санал болгож, заримыг нь албадан эмчилжээ. Архинд донтох эмгэгтэй хүмүүст сайн дурын үндсэн дээр сэтгэлзүйн тусламж үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулдаг “Гоё амьдрал” эмнэлэг Хэнтий аймгийн 15 сумтай хамтран ажиллаж, 300 гаруй хүнийг ховсын аргаар эмчилсэн байна. Мөн Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг, “Хэрлэнгийн цэнхэр алс” ТББ-ын сургалтад архинд донтох өвчтэй хүмүүсээ хамруулсан байна.

Архинаас татгалзсан хүмүүсээ анхаарлын гадна орхисонгүй. Тэднийг ажилтай орлоготой байлгах талаар байнга санаа тавьж, урмаар тэтгэж, аймгийн хэмжээнд “Эрүүл идэвхтэй амьдралын төлөө” клуб 23-ыг ажиллуулж байна. Тэнд сэтгэлийн хатаар буруу зуршлаасаа татгалзаж чадсан хүмүүс бусдадаа үлгэр жишээ болж, олон олон хүнийг зөв замд хөл тавихад нь туслаж байна. Архины хамаарлаас татгалзсан иргэдээ орон гэртэй болгох, мэргэжлийн сургалтад хамруулах, ажилтай болгох, төрөл бүрийн зээл, тусламжид хамруулах ажлыг шат дараатай хийж, энэ бүхэнд 3 жилийн хугацаанд  466.4 сая төгрөг зарцуулсан байна.

Санаачилсан ажлынхаа явц, үр дүнг байнга хянаж, удирдан зохион байгуулж, хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлж, үйл явц эрчээ авах боломжоор хангасан нь энэ хөтөлбөр амжилттай хэрэгжих гол нөхцөл болж өгчээ гэмээр байна. Асуудлыг томоор харж, цогцоор нь шийдэж байж үр дүнд хүрдгийг харуулж чадсан Засаг дарга Ж.Оюунбаатарын туршлагыг Монгол орон даяар нэвтрүүлбэл мөн ч олон айл өрхөд аз жаргал бэлэглэнэ дээ.

“Ард иргэдээ архинд донтох аюулаас сэргийлэх тэмцэлд Монголын төрийг төлөөлж манай Хэнтий аймаг орсон юм. Энэ бол том зорилтоос гадна хүнлэг арга хэмжээ. Асуудал ярьж, хоосон тоо дурдаж хуралдах хэрэггүй. Бодит ажил хийж, хүний төлөө мөнгө зарж, сэтгэл гаргах хэрэгтэй. Архигүй аймаг болох зорилтыг хэрэгжүүлэхэд аймгийн даргаас их зүйл хамаарна. Миний хувьд энэ асуудлыг байнга анхаарч ирсэн. Ямартай ч манай Хэнтий архигүй аймгийн жишиг, загвар болж чадлаа. Улсын хэмжээнд өөр загвар хэрэгтэй байж ч мэднэ. Гэхдээ л архинаас бүх нийтээрээ татгалзаж болно гэдгийг манайх Хэнтийчүүд харуулж чадлаа” гэж тэрээр ярьж байна.

Архигүй амьдрал Хэнтийн мянга гаруй эрчүүд, тэдний ар гэрийн хэдэн мянган хүний хувьд бодит зүйл болж, амьдралд нь гэрэл гэгээ нэмж байна. Өөрийгөө ялсан, өөрийгөө олсон тэр хүмүүсийн тухай өөдрөг сайхан мэдээ болгон сэтгэлд баяр нэмж байна.

Архинд донтон гудамжинд хоног төөрүүлж явсан Л.Энхбаатар 2010 онд Дэлхийн зөн-Хэнтий ОНХХ-ийн сургалтад хамрагдан гурван сарын дотор бор дарсанд автах донгоосоо салж чадсан төдийгүй “Хэрлэнгийн цэнхэр алс” ТББ-ыг 2013 онд байгуулан 40 гаруй хүнийг архинаас гаргаад байгаа сайхан жишээг сонсоход өөрийн эрхгүй бахархал төрнө. “Хэрлэнгийн цэнхэр алс” ТББ-ын сургалтад хамран муу зуршлаасаа салсан Хэрлэн сумын 5-р багийн иргэн Х.Эрдэнэчулуун гэхэд л арван хэдэн наснаасаа бор дарсанд автсан нэгэн байжээ. Тэрээр архинаас гарсныхаа дараа хагас сая төгрөгийн зээл аван комиссын бараа зарж, улмаар жижигхэн мухлаг ажиллуулж, унаа тэрэгтэй хүртэл болж амжаад сэтгэл нэн хангалуун байна.

“Архигүй Хэнтийчүүд” хөтөлбөрийн ачаар бор дарсны хамаарлаасаа ангижирч чадсан Хэрлэн сумын 5-р багийн иргэн Д.Ганхуягийн  “Аавдаа бичсэн захидал” дахь “Хүний төлөө гэсэн энэ сайхан хүмүүсийн тус дэмээр архинаас гарч чадсан. Одоо хүү чинь таныхаа ясыг хэзээ ч өндөлзүүлэхгүй, “бүүр нэг хүн шиг” амьдарч чадна аа гэж тандаа амлаж байна. Та минь байхгүй ч таны минь сүнс хөх тэнгэрээс намайг харж байгааг мэдэрч байна. Жар хүрч жаргаж амсана гэж бодохгүй л байна. Сайн хүний үр сайн л явах ёстой гэж өөрийгөө ихэд тоож байгаа шүү” гэсэн мөрүүд  Хан Хэнтийн хат сайтай эрчүүдийн өөдрөг амьдралд тэмүүлсэн он жилүүдийн ололт ялалтын нотолгоо ажгуу.

Урианхан Б.Галаарид

2015.12.06.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна