Хэвлэх үйлдвэрийн газрыг Ц.Баатарсайхан авах уу?

2015 оны 12 сарын 7

Өнөөдрөөс яг долоо хоногийн өмнө буюу арваннэгдүгээр сарын 30-нд хотын захиргаанаас дуудлага худалдаа зохион байгуулж, хуучин хэвлэх үйлдвэрийн газрыг 24 тэрбум төгрөгөөр Абдул Карим гэх араб гаралтай Монголын иргэнд эзэмшихээр болсон. Уг газарт 68 давхар “Монгол тауэр” босгоно гэсэн мэдээлэл цацагдсан ч Абдул Каримын зүгээс "Миний болон гэр бүлийн минь талаар ор үндэсгүй, худал мэдээллийг хэвлэлээр цацаж байгаад гүнээ харамсч байна. 2015 оны арваннэгдүгээр сарын 30-нд болсон дуудлага худалдаагаар Улаанбаатар таймс сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг 24 тэрбум төгрөгөөр гадаадын хөрөнгө оруулалттайгаар худалдаж авах байсан боловч тодорхой хүндэтгэн үзэх шалтгаан, Монголынхоо ард түмний санал хүсэлтийг хүндэтгэж, энэхүүг гэрээг цуцлах болно" хэмээн мэдэгдээд байгаа юм. 

Абдул Карим ийнхүү татгалзсанаар  тус хэвлэх үйлдвэрийн барилга дуудлага худалдааны дүрэм ёсоор дараагийн хүнд шилжихээр болж байгаа юм. Хоёр дахь үнийн саналыг "Таванбогд" группын захирал Ц.Баатарсайхан хэлсэн бөгөөд тэрбээр 23,8 тэрбум төгрөгийг санал болгож байсан юм.

Абдул Каримд шахалт, дарамт ирсэн үү эсвэл монголчуудын хэл амнаас болгоомжилсон уу юутай ч хэвлэх үйлдвэрийн газрыг худалдан авахаас ийнхүү татгалзлаа. Гэхдээ түүний ачаар хуучин хэвлэх үйлдвэрийн газрын үнэ 24 тэрбум төгрөгт хүрлээ. Анх удаа А зэрэглэлийн хотын газар авлига, ар өврийн хаалгаар биш олон нийтэд нээлттэйгээр зарагдсан нь газрын худалдаанд зөв жишиг тогтох эхний алхам боллоо.

 Г.ТУУЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна