“Хүүхдийг хохироохгүй байх нь чухал”

2015 оны 12 сарын 7

Хүүхдийн урлан бүтээх төвийг хувьлах шийдвэр гарсан. Энэ шийдвэрийг хүүхдүүд, тэдний эцэг эхчүүд эсэргүүцэж, тайван жагсаал хийсэн. Тиймээс хотын шийдвэрийг эргэж харах боломжтой эсэхийг УИХ-ын гишүүн С.Одонтуяагаас тодрууллаа.    

-Хүүхдийн уран бүтээх төвийг хувьчлах гэж байна. Үүнд ямар байр суурьтай байна?

-Хүүхдийн урлан бүтээх төв бол их олон жилийн түүхтэй л дээ. Олон мянган хүүхдийг сургаж, гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн. Мэргэжлийн хяналтын дүгнэлт гаргаад, нураах барилгын жагсаалтад оруулчихсан байна лээ. Намайг хүүхэд байхад заал нурах аюултай гэж ярьдаг байсан. Энэ барилгын газрыг дуудлага худалдаагаар үнэ хүргэж болно. Гэхдээ барилга ямар байсан яг тэр хэмжээгээр нь барих газар үлдээхээр шийдвэрлэх ч юм уу эсвэл тэр газрыг нэг байгууллага худалдаж аваад, шинээр баригдах барилгын хоёр, гурван давхарт байрлуулах шийдэл гаргаж болно. Өөрөөр зургаан дүүргийн 1400 гаруй хүүхэд, урлан бүтээхэд суралцаж байгаа нь хүүхдийн ирээдүйд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа юм. Тиймээс цаашид энэ үйл хэргийг үргэлжлүүлэх нь зүйтэй. Гэхдээ нэгэнт нурах аюулд хүрчихсэн учир, шинээр баригдах барилга дотор байрлуулж, үйл ажиллагааг нь үргэлжлүүлэхээр шийдвэрлэвэл зохистой. Хот хэдийн шийдвэр гаргачихсан. Тиймээс бид нийслэлийн удирдлагуудтай өнөөдөр ярилцана гэж бодож байна. Хамгийн гол нь хүүхдийн эрхийг хохироохгүй байх нь чухал.

Т.ДАВААНЯМ

   

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна