Ле Пенийн нам орон нутгийн сонгуульд ялж магадгүй

2015 оны 12 сарын 7

Марин Ле Пен

Фото: Michel Spingler / AP

 

Ням гаригт болсон эхний шатны орон нутгийн сонгуульд Францын 13 бүсийн 7-д нь Марин Ле Пенийн Үндэсний фронт нам ялж байгааг OpinionWay компанийн явуулсан экзит-полын дүн харууллаа гэж BFM телевизийн суваг мэдээлэв.

 

Нор-Па-де-Кале-Пикардия гэх хойд бүсэд намынхаа жагсаалтыг толгойлсон Марин Ле Пен хамгийн их амжилттай байгаа ба 41 хувийн дэмжлэг авч байна. Мөн Прованс-Альп-Номин эрэг өмнөд бүсийн сонгуульд оролцож байгаа намын лидерийн зээ Марион Марешаль Ле Пен бас иймэрхүү хэмжээний дэмжлэгтэй явна.

 

France 2 телевизийн мэдээгээр, улс орны хэмжээнд Үндэсний фронт нам дунджаар 27,2, 30,8 хувийн санал аван наад зах нь зургаан бүсэд ялж байна. Марин Ле Пен өөрөө гарч буй мэдээнүүдийг маш сайн гэж нэрлээд “Улс оронд шаардлагатай үндэсний эв нэгдлийн төлөө бид явж байна” хэмээн хэлжээ.

 

Францын экс ерөнхийлөгч Николя Саркозийн “Бүгд найрамдахчууд” нам дундчаар 27 хувийн санал аван гурван бүсэд ялж байна. Ерөнхийлөгч Франсуа Олландын социалистууд 22,7 хувийн саналтайгаар гуравдугаарт явж байна.

 

Бүс нутгийн сонгууль нь Францад хоёр шаттайгаар явагддаг. Нийт 1910 мандатын төлөө 170 нам эвслийн 21,4 мянган нэр дэвшигчид өрсөлдөж байна. Өнөөгийн энэ кампанийг 2017 оны парламентын болон ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх сорилт гэж үзэж байгаа юм. Бүсийн сонгуулийн хоёрдугаар шат арванхоёрдугаар сарын 13-нд явагдах юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна