Н.Батцэрэг Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны хэлэлцүүлэгт оролцож үг хэллээ

2015 оны 12 сарын 7

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парис хотноо хуралдаж байгаа “НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн оролцогч талуудын 21-р хуралдаан”-ы үеэр НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн газар болон БНХАУ-ын Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооноос зохион байгуулсан “Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагаа 2-р форум уур амьсгалын өөрчлөлт сэдвийн дор өнгөрсөн амралтын өдрүүдэд явагдаж амжилттай өндөрлөлөө.

Энэхүү хэлэлцүүлэгт Монгол улсаас урилгаар БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг оролцож үг хэлсэн юм. Тэрээр хэлсэн үгэндээ энэхүү хэлэлцүүлгээс гарах үр дүн нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын хэлэлцээрт томоохон хувь нэмэртэйг дурьдаад хөгжиж буй орнуудын хувьд дэлхий дахины уур амьсгалын өөрчлөлт нь ихээхэн эмзэгээр тусч, тулгарч буй бэрхшээл , учирч буй хүндрэлээрээ ижил төстэй зүйл нэлээд байдгийг тэмдэглэв. Уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг орнуудын тоонд Монгол улс зүй ёсоор ордог бөгөөд түүнийг даван туулах чадварыг нэмэгдүүлэх, сөрөг нөлөөг бууруулахад бусад орнуудын нэгэн адилаар цаг алдалгүй идэвхийлэн хүчин чармайлт гаргаж хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад идэвхи санаачилгатай оролцохыг чухалчилсан байна.

Монгол улсын засгийн газар уур амсьгалын өөрчлөлтийн эсрэг Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагаа хийгээд бусад олон улсын бодлого хөтөлбөрийн хэрэгжилтийг амжилттай хангахад ямагт оролцохоо илэрхийлж уулзалт, хэлэлцүүлэгт амжилт хүсэв.

“Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагаа” бол уур амьсгалын өөрчлөлтөд дэлхий дахины зүгээс өгөх хариу арга хэмжээний маш чухал, шинэ хэмжээс гэдгээрээ өргөнөөр танигдаж амжилттай явагдаж буй форум юм. 

БНХАУ-ын засгийн газраас энэхүү санаачилгад улс төрийн хүчтэй дэмжлэг үзүүлэхээ зарлаад байгаа бөгөөд тус улсын Ерөнхийлөгч Си Жинпин “Хятадын Өмнөд-Өмнөдийн уур амьгалын сан”-г шинээр байгуулж нүүрстөрөгч багатай хөгжлийг дэмжиж  3.1 тэрбум америк доллар зориулна гэдгээ 2015 оны 9-р сард мэдэгджээ.

 2015 оны 12 сарын 06-ны өдөр. Франц улс.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна