ИЗНН-ынхан АН-тай нэгдэхгүй гэв

2015 оны 12 сарын 7

МАН болон МАХН нэгдэх сургаар Ардчилсан намынхан яаж дутах вэ гэсэн шиг ИЗНН-тай нэгдэх асуудлыг Л.Эрхэмбаяр генсекээс эхлээд хөндөх болсон. Тэрбээр “ИЗНН-тэй нэгдэхэд буруудахгүй, нэгдэхгүй байлаа гээд алдах юмгүй” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байсан. Тэгвэл АН-ын нэгдэх, нийлэх тухай мессежийнх нь хариуг өнөөдөр ИЗНН-ынхан өглөө. Тус намынхан хэлэхдээ “Иргэний зориг ногоон намыг Ардчилсан намтай нэгдэх гэж байгаа мэтээр АН-ын удирдлагууд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл тараасан нь үндэслэлгүй зүйл. ИЗНН-ын хувьд АН-тай нэгдэх талаар албан ёсны ямар нэгэн яриа хэлцэл хийгээгүй болно. Тэгээд ч ИЗНН Ардчилсан намтай нэгдэхгүй” гэдгээ онцолсон юм. Мөн энэ асуудлаар ИЗНН-ынхан Ардчилсан намынханд шаардлага хүргүүлэхээр болсон байна. Уг шаардлагад “Засгийн эрхийг барьж байгаа АН улс төрийн бусад намын дотоод хэрэгт хууль бусаар оролцох биш 2012 оны сонгуульд амалсан амлалтаа биелүүлэхийн төлөө ажиллах хэрэгтэй” байгааг сануулжээ. Мөн бусад намын бие даасан үйлдэлд эрээ цээргүй халдах бүдүүлэг байдлаа зогсоохыг шаардсан байна. Уг шаардлагыг хүлээж авахгүй бол хуулийн дагуу холбогдох байгууллагад хандана гэдгээ мэдэгджээ.

Ийнхүү МАН, МАХН-ыг нэгдэх, эвсэх тухай яриа өдлөнгүүт ИЗНН-тэй нэгдэхээр болсон гэх шум дэгдээсэн Ардчилсан намынхан бусад намын дотоод асуудалд бүдүүлгээр оролцсон хэрэгт унаж, худал цуурхал тарааснаасаа болоод хуулийн байгууллагад дуудагдаж магадгүй нь байна.

ИЗНН-ын зүгээс эрх баригчдын үйлдэлд тун дургүй байгаагаа, АН-ынхан 2012 онд өгсөн амлалтаа биелүүлэх ёстойг сануулсан юм.

Г.ТУУЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна