Санал асуулга дуусаж, жагсаалд гарав

2015 оны 12 сарын 7

Арменид Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах эсэх асуудлаар санал хураалт явуулсан нь эсэргүүцэл, жагсаал цуглаан дунд болж өнгөрлөө. Санал хураалтын дүн хэдхэн цагийн дараа гарах бөгөөд Сонгуулийн төв комиссын өгсөн урьдчилсан мэдээгээр ням гаригийн санал асуулгад 1,296,368 хүн буюу сонгуулийн насны иргэдийн 50.51 хувь нь оролцсон байна.

 

 

Санал асуулгыг Иргэний нийгмийн институт, CSI Парламент хоорондын комисс, Европын зөвлөлийн парламентын ассемблей зэрэг олон улсын дөрөв, дотоодын 18 ажиглагч байгууллага ажиглажээ. Санал асуулгын үеэр 1997 санал хураах цэг ажилласан бөгөөд хэсэг бүрийн 85-90 хувь нь итгэмжлэгдсэн төлөөлөгч, ажиглагч, хэвлэлийнхэн байсан гэнэ. Санал асуулгын үеэр будилаан гарсан хэсэг ч байгаа бөгөөд санал асуулгыг шударга бус явуулсан гэж үзэж байгаа ажээ.

 

The Armenian Revolutionary Federation (ARF) нь Арменийн Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг хүчтэй дэмжигчдийн нэг бөгөөд тусгаар улс болсноос хойш парламентын системд шилжихийг шаардсаар ирсэн юм. Тус намын төлөөлөгч “Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар улс төрийн шинэ бүтэц бий болгох боломжтой. Энэ бол Арменийн цоо шинэ эхлэл” хэмээн ярьсан байна.

 

Харин Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэгч сөрөг хүчний “Шинэ Армен” намын дэмжигч, гишүүд санал хураалт хаагдсаны дараа Ереван хотод эсэргүүцэн жагсжээ.Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэгчид санал хураалтыг эрх баригчдын луйвар хэмээн үзэж, санал хураалтын дүнг хүчингүй болгохыг шаардсан байна. Жагсаалын үеэр эсэргүүцэгчдийн зарим нь цагдаа нартай мөргөлдсөний улмаас саатуулагджээ.

 

 

“Шинэ Армен” намын дэмжигчид санал асуулгын хуудсыг урж, “Нэг хүн, нэг намын систем энэ санал асуулгаар өөрсдийнхөө байр сууриа бэхжүүлэх гэж байгаа нь байж боломгүй зүйл” гэжээ.

 

Армены Үндэсний ассемблей Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг өнгөрсөн аравдугаар сарын 5-нд хүлээн авахад нийт 103 гишүүний 100 нь дэмжиж, 3 нь түдгэлзсэн ажээ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар Армен хагас-ерөнхийлөгчийн засаглалаас парламентын засаглал руу шилжих юм. Ерөнхийлөгчийн бүгд найрамдах засаглал нь хүчгүй болж, ердөө бэлгэдлийн шинжтэй болсон ийм үед парламентын систем рүү шилжих нь зөв гэж үзэх хүн олон байгаа юм. Үндсэн хуульд өөрчлөлт оруулбал Армены ерөнхийлөгчийг бүх нийтийн сонгуулиар биш, парламент нь сонгох бөгөөд бүрэн эрхийнх нь хугацаа долоон жил болох ажээ. Мөн ерөнхийлөгч нэг л удаа сонгогдох боломжтой юм.

 

Хэрэв Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж чадвал Армен таван жилийн хугацаатай сонгогдох, 101 суудалтай парламенттэй болох юм. Одоогийн системийн дагуу Армены парламент 131 гишүүнтэй юм байна.

 

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна