Төсвийн орлого бүрдэхгүй байх гэв

2015 оны 12 сарын 7

УИХ дахь бие даагч зөвлөлийн гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд энэ долоо хоногт УИХ, байнгын хороогоор хэлэлцэх асуудлын талаар өөрсдийн байр суурийг илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Бид Нягтлан бодох, аудитын тухай хуулийн хэрэгжилтийг хангах журмын тухай хуулийг дэмжиж байна. Үүнийг тайлан балансын хугацаанаас өмнө яаралтай гаргах шаардлага байна. Онцгой албан татварын тухай хууль архи, спирт, дарсны хэрэглээг дэмжсэн хууль болох гээд байна. Тиймээс энэ хуулийг дэмжихгүй байна. Бид өөрсдийн эрх ашгийг үл тоогоод гадныхныг хэтэрхий дэмжиж байна. Энэ нөхцөл байдал монголчуудыг ядуу зүдүү байдал руу оруулаад байна. Энэ хуулийн зарим зүйлийг дэмжинэ, зарим зүйлийг дэмжихгүй.

Эрүүгийн тухай хууль батлагдлаа. Энэ хуульд хүн гүтгэх гэмт хэргийг зөрчилд тооцож, торгууль оноох заалт орсон. УИХ-ын гишүүд гүтгүүллээ гээд л гоншгоноод байсан худлаа юм байна л даа. Гэтэл хүн ноцтойгоор гүтгэх нь гэмт хэрэг биш, зөрчил юм гэж үзэж байна. Мөн гэмт хэрэг үйлдсэн хүн биш компани дээр, өөрөөр хэлбэл, лиценз дээр эрүү үүсгэх болж байна. Гэмт хэрэг хийсэн хүн компанийн өмнөөс хэрэг хийсэн гээд, цаасан дээр хариуцлага үүрүүлэх болж байна. Мөн буу зэвсгийн наймааг зөрчилд тооцохоор болсон. Бид хуучин бол зэвсэг, сумны худалдааг хууль бусаар хийвэл эрүү үүсгэдэг байсан. Одоо бол тэсэрч дэлбэрэх юмнаас бусад нь зөвхөн зөрчил болгосон. Хуулийг сулруулах бодлого байдаг юм шиг байна. Татвар дээр бас Жастин Каплагаас болоод торгоод өнгөрөх ийм буян үйлдлээ. Энэ бол төсвийн орлого бүрдэхгүй байх, цалин тэтгэврээ өгч чадахгүй байх ийм л нөхцөл байдал руу оруулах байх. Өөрөөр хэлбэл, хөрөнгө чинээтэй хүмүүст зориулсан халамжийн хууль боллоо. Манай бие даагч зөвлөлийн гишүүд энэ хууль дээр маш болгоомжилж байна. Гацууртын ордын төслийг дахиад зүтгүүлээд эхэллээ. Уулын оройн хэсгийг тусгай хамгаалалтад авсан нэрийдлээр, алтыг нь авах юм хийх гэж байна. Энэ төслийг дэмжихгүй. Гаднынхан мөнгөөр далайлгаж төрийг зайдагнадаг болчихсон байна. Ерөнхий сайдаас авахуулаад гар хөл нь болчихсон байна. 2013 онд эдийн засгийн өсөлтөөр эхний гуравдугаарт, харин өрийн хэмжээгээр хоёрдугаар жагссан. Яагаад ийм эсрэг тэсрэг туйл байгааг сайн бодох хэрэгтэй.


УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

-Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль бол банк мөнгө хүүлэгчдийн захиалгаар орж ирж байна. Тиймээс энэ хуулийг бид дэмжээгүй. Үндсэн хуулийн Цэцээс бидний талд шийдвэрийг гаргасан. Энэ хуулийн цаад мөн чанар үзэл баримтлал маш энгийн. Манай улсад хувьчлал гэдэг луйвар яваад дууссан лицензийн наймаа үндсэндээ яваад дуусаж байна. Одоо бол тэдний авч чадах ганц зүйл бол газар, үл хөдлөх хөрөнгө юм. Үл маргах журмаар иргэн хүн банкинд, мөнгө хүүлэгчид барьцаа хөрөнгө, газраа өгнө гэдэг гэрээнд гарын үсэг зурахыг баталгаажуулсан хууль юм. Ихэнх банк гадаад эзэнтэй гадаадын хөрөнгө оруулалттай байна. Тэгэхээр газраа хураалгана гэдэг бол газар бол тусгаар тогтнолын баталгаа гэж Үндсэн хуульд заасан заалтаас монголын парламент татгалзаж байна гэсэн үг юм.

Хөдөлмөрийн тухай хууль яригдаж байгаа. Бие даагчдын зүгээс 27 зүйл заалттай саналаа явуулсан. Гэхдээ нийгэм улс төрийн төвшинд ардчилал бий болсон ч үйлдвэрлэлийн төвшинд ардчилал гэж зүйл байхгүй юм байна. Компани дээр хөдөлмөрийн, үйлдвэрлэлийн ардчилал байхгүй болсон. Компани юм уу аж ахуй нэгж дээр бий болсон орлогоос ажилчин хүн шударгаар хүртдэг механизм одоог болтол байхгүй байна.

Т.ДАВААНЯМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна