Өршөөлд 1930 ялтан хамрагдан суллагджээ

Хуучирсан мэдээ: 2015.12.07-нд нийтлэгдсэн

Өршөөлд 1930 ялтан хамрагдан суллагджээ

Улсын дээд шүүхээс өнөөдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийн хэрэгжилт, өнгөрсөн долоо хоногт батлагдсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчлийн тухай хуулийн талаар мэдээлэл хийлээ. Энэ дундаас Өршөөл үзүүлэх тухай хуулийн хэрэгжилтийн талаар онцлон мэдээлье. Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэгийн мэдээлснээр Өршөөл үзүүлэх тухай хуульд нийтдээ 1930 хоригдол хамрагдаж суллагджээ. Үүнийг нарийвчилж авч үзвэл:

Өршөөлийн тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.1 дэх /4.1.Гэмт хэрэг үйлдэж, анх удаа хорих ялаар шийтгүүлсэн дор дурдсан ялтны шүүхээс оногдуулсан ялын хугацааг харгалзахгүйгээр эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ…/ заалтаар 1252 хоригдол өршөөгджээ.

Харин Өршөөл үзүүлэх тухай хуулийн тавдугаар зүйлийн 5.1.2 5.1.2. онц хүнд гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг./ дахь зүйл заалтаар 1760 хоригдлын материалыг хэлэлцсэнээр 678 хоригдол шууд суллагджээ. /Ингээд нийтдээ хориход ял эдэлж байсан 1930 хоригдол Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан байна.

Тэгвэл хорихоос өөр төрлийн ял эдэлж байсан 312 хүн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагджээ. Үүнийг нарийвчлан дурдвал, хорих ял 119 хүн, албадан ажил хийлгэх 63, баривчлах 130 хүн тус бүр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан байна.

Харин Өршөөл үзүүлэх тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1 дэх заалтаар анхан шатны шүүхээс 284 хүний эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /7.1. Эрүүгийн хуульд заасан хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн хүмүүсийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгоно./

  • Өршөөгдсөн хоригдлуудыг нас, хүйсээр:

Насанд хүрээгүй хүн – 11

Эмэгтэй – 87

Эрэгтэй 1165

  • Гэмт хэрэг үйлдсэн тоогоор нь:

Анх удаа гэмт хэрэг үйлдсэн – 701 хүн

Хоёр дахь удаа гэмт хэрэг – 308 хүн

Гурав болон түнээс дээш удаа гэмт хэрэг – 243 хүн

  • Гэмт хэргийг төрлөөр:

Хулгай – 693

Залилан – 99

Бусдын итгэмжлэн өгсөн хөрөнгийг завших – 38

Албан тушаалын гэмт хэрэг /Хээл хахууль өгсөн/ – 1

Мансуурах гэмт хэрэг – 9

Одоогоор зөвхөн хориход ял эдэлж байгаад суллагдсан иргэдийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан тоо судалгааг гаргажээ. Харин бүх шүүх байгууллагуудын Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлсэн эцсийн мэдээ энэ сарын 25-нд алба ёсоор гарах юм байна.

Б.ЗАЯА

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж