Үндсэн хуулийг өөрчлөхийг дэмжсэн гэв

Хуучирсан мэдээ: 2015.12.07-нд нийтлэгдсэн

Үндсэн хуулийг өөрчлөхийг дэмжсэн гэв

АН-ын бүлэг хуралдаж, энэ талаарх мэдээллийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Ш.Түвдэндорж нар хийлээ.

Өнөөдрийн бүлгийн хуралдаанд журам ёсоор УИХ-ын дарга З.Энхболд болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар мэдээлэл хийсэн байна.

Үүнээс гадна Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ард иргэдээс авсан судалгааны талаар бүлгийн гишүүдэд танилцуулжээ. Уг судалгааг 2000 орчим иргэдээс авсан байна. Судалгаагаар Үндсэн хуулийн зарим зүйлийг өөрчлөх нь зөв үү гэдэгт судалгаанд оролцсон иргэдийн 72 хувь нь зөв гэж хариулжээ. Түүнчлэн Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ард түмнээсээ асуух нь зөв үү гэдэг асуудлын иргэдийн 80 хувь нь дэмжжээ. Үүнээс гадна Сумын засаг даргыг улс төрийн намууд нэр дэвшүүлж олонх болсон намын 10 гаруйхан хурлын төлөөлөгч шийддэгийг болиулж иргэдийн дундаас нэр дэвшүүлж сумын нийт иргэдийн саналаар сонгодог болох гэсэн санал 91.8 хувь нь дэмжсэн байна. Аймгийн Засаг даргыг Ерөнхий сайд шууд сонгох биш аймгийн хурлын төлөөлөгчид сонгодог байх саналыг иргэдийн олонх дэмжсэн байна. УИХ-ын гишүүдийн 25 хувь нь гарын үсэг зурж Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцдэг одоогийн тогтолцоог халж 51 хувь болгон өөрчилж Засгийн газрыг тогтвортой байдлыг хангах гэсэн саналыг 71 хувь нь зөв гэж үзжээ. Засгийн газрын гишүүнийг УИХ томилж чөлөөлдөг. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг огцруулах саналыг өргөн барьдаг нь буруу. Тиймээс Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ өөрөө томилж чөлөөлдөг болгож өөрчлөх гэдэг саналыг иргэдийн 54 хувь дэмжсэн. 3-4 сайд нь л УИХ-ын гишүүн гишүүн байх, “давхар дээл”-ийг цөөлөх асуудалд 76 хувь зөв гэж үзжээ. Аймгийн төвүүдийг сум биш хот болгож өөрчлөх нь зөв үү гэдэг саналд иргэдийн 67 хувь нь зөв гэж үзсэн байна. Шүүх прокурорын үйл ажиллагааг зөвхөн Ерөнхийлөгчөөс хамааралтай байгааг өөрчилж УИХ, Засгийн газрын оролцоог нэмэгдүүлж бие даасан байдлыг нь хангах гэдэг саналд 63 хувь нь зөв гэж үзжээ. УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь зөв үү, буруу юу гэдэгт иргэдийн 79 хувь нь буруу гэж үзсэн байна. Сонгуулийг таван жилд нэг удаа хийх нь зөв үү гэдэг саналд иргэдийн 51 хувь нь дэмжсэн байна.

АН-ын бүлэг одоо УИХ-ын сонгуулийг явуулахдаа саналын хуудсан дээр Үндсэн хуульд орох өөрчлөлтүүдээ нэг бүрчлэн бичээд ард иргэдээс зэрэг санал асуулга явуулах нь зүйтэй гэсэн саналыг ярилцаж байгаа аж. Нэгэнт иргэд сонгуулиа өгөх гээд зардал гаргаад ирж байгаа учраас Ард нийтийн санал асуулга гэж дахин зардал гаргалгүй ингэж шийдэж болно гэж үзсэн байна.

УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж: -АН, Засгийн газар 2012 оноос өнөөдрийг хүртэл хийсэн ажлуудаа иргэдэд танилцуулж ирсэн. 2012 оноос өмнө 1.8 тэрбум долларыг МАН зүгээр л цацаж байсан. Яг энэ хэмжээний мөнгөөр АН олон болоод юу хийсэн бэ гэдгийг иргэд мэдэж байгаа. Баруун аймгуудад бензиний үнэ 230-270 төгрөгөөр, зүүн аймгуудад 130-160 төгрөгөөр буурч байна. Үүнийг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ ч буурч байгаа. 2012 онд Шинэчлэлийн Засгийн газар гарсныхаа дараа нефтийн үнийг тогтвортой байлгах арга хэмжээ авч эхэлний үр дүн одоо гарч байна. Дотоодын валютын ханшийн савалгаанд өртөхөөргүй. Ийм тогтвортой байдалд оруулсан нефтийн үнийг. Валютын ханшийн өөрчлөлт, Засгийн газраас явуулсан бодлогын үндсэн дээр нийтдээ 60 орчим хувийн татварын үйл ажиллагаан дээр тоглолт хийгээд үнийн тогтвортой байдлыг барьж байгаа. Энэ бол 2012 оны сонгуульд ард түмний хийсэн сонголтын гавьяа гэж хэлмээр байна. Монголын зүүн талаас баруун тал хүртэлх замын хэмжээнээс илүү гарсан хар замыг энэ гурван жилд хийсэн. Энэ бол ард түмний сонголтын гавьяа. Одоо хар зам Солонготын даваа давж байгаа. Цаашдаа баруун аймгуудыг холбоход ойрхон болсон. Өнгөрсөн долоо хоногт хамтын тэтгэврийн тухай хууль батлагдсан. Мөн Эрүүгийн болон Зөрчлийн хуулиа баталлаа. 2003 оноос хойш өөрчлөгдөөгүй байсан. Нэлээн хар, шоронжсон хууль гэж нэрлэгдэж байсан. Энэ хуулийг хүмүүнлэг, хүний эрхийн тал руу хандуулсан хууль болгосон. Хүнийг барьж хорихоос илүү, нийгэмшүүлэх, олон гэмт хэргүүдийг зөрчлийн хуулиар шийддэг болгож байгаа. Мөн эдийн засгийн ил тод байдлын хууль хэрэгжээд Монгол Улсад хоёр тэрбум орчим төгрөг орж ирсэн байна. Энэ хууль бүрэн хэрэгжихэд 3-4 их наяд төгрөгөөр тэлнэ гэж байна. Сонгуулийн хуулийг ярилцлаа. Сонгуулиа нэг өдөр явуулья гэсэн санал гаргасныг Ардын нам дэмжихгүй байна. Мөн хар машинаасаа татгалзья гэдэг нь гар утаснаасаа татгалзья гэдэгтэй утга нэг байна. Тиймээс Сонгуулийн хуулиасаа урьтаж намуудын тухай хуулиа эхэлж ярилцъя гэж намын бүлэг үзэж байна.

Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Р.Амаржаргал гишүүн АН-ыг компанийн хэмжээнд ажиллаж байна гэж шүүмжилсэн. Энэ шүүмжлэлийн талаар АН-ын бүлэг ярилцсан уу?

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: -Р.Амаржаргал гишүүний нийтлэлийн талаар тодорхой яриагүй. Ер нь АН хийсэн бүтээсэн зүйлээ ард түмэндээ таниулж, сурталчилж байя, алдаа оноогоо залруулж байя гэж байнга ярьдаг. Өнөөдөр АН-ын үнэт зүйлийн талаар гишүүд ярьсан. Үнэт зүйлгүй байх, Ардчилал шударга ёсны төлөө тэмцэж явснаа мартахгүй байх зэргийг ярьсан. Хийсэн бүтээснээ их бага ярьж байна гэсэн шүүмжлэлд өртсөн. Р.Амаржаргал гишүүн намууд хэтэрхий их хөрөнгөжиж байна. Эдийн засгийн хувьд асуудал хөндсөн байсан. Ерөнхийлөгчийн Улс төрийн намын хуулийг бүлгийн хурал дээр нэлээд ярьсан. Намууд өмчтөй, байртай байх нь буруу юм. Ерөнхийлөгчийн оруулж ирсэн улс төрийн намын тухай хуулийг дэмжиж байгаа. Зарим намууд өөрсдийнхөө намын байрыг хураалгахаасаа эмээж энэ хуулийг дэмжихгүй байх зүйлүүд нэлээд байна. Зарим намын байр улсын төсвийн хөрөнгийн баригдсан хэр нь бизнесийн хэрэгсэл болчихсон, зээлийн барьцаанд орчихсон байгаа. Тиймээс үүнд шүүмжлэлтэй хандаж байгаа.

-Ард нийтээс асуусан гэж байна. Хаанахын ямар компани, хэдэн иргэнээс судалгаа авсан бэ?

-Судалгааг ямар компани хийсэн талаар мэдэхгүй байна. Миний ойлгож байгаагаар 2000 орчим хүнээс авсан юм шиг байна. Судалгаан дээр гол, гол дүгнэлтүүд гарсан. Энэ нь АН-ын цаашид ярих гол луужин болж байна гэсэн үг.

-Улс төрийн намуудын тухай хуулийг хэлэлцэнэ гэхээр Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж амжих юм уу?

-Сонгуулийн хууль дээр хэд хэдэн удаа ажлын хэсэг уулзсан. Энэ уулзлатаас санал тоолох автомат машин, бусад сонгуулийг хамт явуулах гэсэн хоёр асуудал дээр санал нийлэхгүй юм шиг байна. Энэ асуудал нэг тийш шийдэгдэхгүй бол сонгуулийн хууль өөрчлөгдөхгүй байх магадлал өндөр. Автомат машинд итгэхгүй бол бүх намын бүлгүүдийг суулгаж байгаад, хэвлэлийнхний өмнө тест явуулаад үзэж болно. Ер нь автомат машин ашиглаж сонгуулиар гарч ирчхээд одоо энэ машин буруу гээд яриад сууж байх нь хэр зөв зүйтэй асуудал юм бол. Харин хяналтын тооллогын тоог нэмж болох юм гэдэг дээр намын бүлгүүд санал нийлж байгаа юм.

-АН-ын Ерөнхий нарий бичгийн дарга Л.Эрхэмбаяр ИЗНН-тай нэгдэхэд болохгүй юм байхгүй гэж ярьж байна. АН сууриараа ийм байр суурь бариад байгаа юм уу?

-Албан ёсны нийлнэ, нийлэхгүй гэсэн мэдээлэл ирээгүй. Өнөөдөр бүлгийн хурлаар ийм асуудал яриагүй.

Т.ДАВААНЯМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж