Хэвлэлийн үйлдвэрийг Ц.Баатарсайханд шилжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2015.12.07-нд нийтлэгдсэн

Хэвлэлийн үйлдвэрийг Ц.Баатарсайханд шилжүүлнэ

Хотын А бүсэд байрлалтай 2698 метр квадрат эзэмшил газартай “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг өнгөрсөн сарын 30-ны өдөр нээлттэй дуудлага худалдаагаар 24 тэрбум төгрөгөөр худалдсан. 2002 онд Монгол Улсын иргэншилтэй болсон Абдул Карим дээрх газрыг эзэмших эрхийг авсан ч, өнөөдөр нийслэлийн Өмчийн харилцааны газар тус эрхээ цуцлуулахыг хүссэн өргөдлөө албан ёсоор өгчээ. Тэрбээр өргөдөл өгөх болсон шалтгаанаа “Миний гэр бүлийн талаар нийгэмд таагүй мэдээлэл ихээр цацагдаж байна. Би сэтгэл санааны гүн дарамтад орлоо. Тиймээс эхнэр, хүүтэйгээ зөвлөлдөж байгаад татгалзах шийдвэр гаргалаа. Хэдий дуудлага худалдааны ялагч болсон хэдий татгалзах нь зөв шийдвэр” гэж тайлбарласан талаар бид өмнө нь мэдээлсэн. Хуулийн дагуу Абдул Каримын дэнчингийн 710 сая төгрөгийг улсын орлого болгоно. Улсын өмчийг худалдан авах гэж буй этгээдийн мөнгөний эх үүсвэрийг зөвхөн Тагнуулын ерөнхий газар шалгах эрхтэй аж. Мөн тус газарт дахин дуудлага худалдаа явуулахгүйгээр 23 тэрбум 850 сая төгрөгийг амласан “Таван богд” группийн захирал Ц.Баатарсайханд “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг худалдан авахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар санал болгох тухай тус газрын хэвлэлийн төлөөлөгч Л.Баянбат мэдэгдлээ. “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилга, эзэмшил газрыг худалдах дуудлага худалдааны доод үнэ 7 тэрбум 155 сая төгрөгөөс эхэлсэн. Дуудлага худалдаанд “Капитрон банк”, “Таван Богд” трейд, “Bluemon” компани, иргэн В.Энхбаатар, Б.Батнягт, З.Пүрэв-Очир, Б.Отгонжаргал, Р.Мандах, Абдул Карим нарын нийт есөн иргэн, аж ахуй нэгж оролцсон юм. Өмч хувьчлалаар дээрх хэвлэлийн үйлдвэрийн газрыг борлуулсан учир цаашид тухайн газарт ямар хэлбэр дүрстэй барилга барьж, аль чиглэлд ашиглах нь худалдан авсан иргэний эрх гэнэ. Гэхдээ нийслэлийн Ерөнхийн төлөвлөгөөний газраас яг ямар барилга, байгууламж барих вэ гэдгийг нь хянаж, зураг төсөл дээр нь ажиллах юм байна.

Д.УЛАМБАЯР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж