Жижиглэн худалдаа эрхлэгчид зөвлөлдлөө

2015 оны 12 сарын 7

Аж үйлдвэрийн яам, Монголын жижиг дунд дэлгүүр эрхлэгчдийг дэмжих холбоо, Монголын Худалдаа аж үйлдвэрийн яам хамтран өнөөдөр Төрийн ордны Их танхимд “Жижиглэн худалдаа-2016” зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Улсын хэмжээнд 2015 оны гуравдугаар улирлын байдлаар 62 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхэлж байгаагийн 38 хувь нь бөөний болон жижиглэн худалдааны салбарт ажилладаг болсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8 хувиар өссөн үзүүлэлт ажээ. Мөн энэ салбарынхны нийт борлуулалт энэ оны гуравдугаар улирлын байдлаар 9 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 17 хувиар өссөн юм байна. Худалдааны салбарт эдүгээ 170.2 мянган хүн ажилладаг.

Зөвлөгөөнд оролцсон Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатын тэмдэглэснээр Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн 1990-ээд оны үед дэлхийн 20 –иод улстай 200 хүрэхгүй сая ам.долларын худалдаа хийж байсан бол өнөөдөр дэлхийн 140 гаруй улстай 10-11 тэрбум ам.долларын худалдаа хийх хүртлээ томорчээ. Гэхдээ олон зүйлийг цаашид хамтран хийх шаардлага байгааг тодотгов. Энэ тухай сайд Д.Эрдэнэбат “Цаашид үйлдвэрлэгч, хэрэглэгчийг холбосон эдийн засгийн үр ашигтай худалдаа, борлуулалтын тогтолцоог хөгжүүлэх, ижил үнэ, стандарт, технологи, үйлчилгээ бүхий борлуулалтын сүлжээ бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Жижиглэн худалдаанд дэвшилтэд техник, технологи, сүлжээ дэлгүүрийн стандартыг нэвтрүүлэх, худалдаа, үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид болон төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжин ажиллана. Үйлдвэрлэлийг худалдааны бодлогоор дэмжиж ажиллах болно. Тухайлбал,

  • худалдааны тээвэр логистикийн сүлжээг цогцоор нь төлөвлөн хэрэгжүүлэх;
  • экспортын болон жижиг, дунд сүлжээ худалдааг бодлогоор дэмжих;

аж үйлдвэр, худалдааны салбарт төр, шинжлэх ухаан, хувийн хэвшлийн үр ашигтай хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зэргээр тодорхой ажлууд хийгдэх болохыг онцоллоо.

Хүн амын нягтралыг дагаж шинэ худалдааны төв, шинэ супермаркет байгуулагдаж, хэрэглэгчдэд сонголт олонтой бүтээгдэхүүнийг санал болгож байгаа ч зарим зүйл дээр бусад орнуудаас хоцрогдож явааг худалдаа эрхлэгчид санал нэгдэж байна. Тэр дундаа дэд бүтцийн сул хөгжлийг дагаад хөдөөд бараа бүтээгдэхүүнийг хүргэхэд хүндрэл учирдаг. Иймээс салбарын сайдын хэлсэн худалдааны тээвэр логистикийн сүлжээг цогцоор бий болгох асуудал хамгийн чухал болохыг худалдаа эрхлэгчид хэлж байна.

Бусад орнуудтай харьцуулахад манайд энэ хугацаанд бий болоогүй зүйл нь тээвэр логистикийн нэгдсэн сүлжээ аж. Энэ зүйлийг бий болгож чадвал эцсийн дүндээ үйлдвэрлэгчид шинэ бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ хүргэх боломж нэмэгдэнэ, мөн нэгдсэн тээвэр логистикийг дагаад зардал буурч худалдаа эрхлэгчиддээ төдийгүй, хэрэглэгчдэд очих бүтээгдэхүүний үнэ буурахад нөлөөлөх юм байна.

Мөн худалдаа эрхлэгчид УИХ-аас баталсан Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хууль цаг үеэ олсон чухал хууль болохыг онцоллоо.

Үүнээс өмнө УИХ Татварын өршөөлийн хуулийг баталж байсан, түүнд худалдаа эрхлэгчид түлхүү хамрагдаж байжээ. Татварын өршөөлийн хууль хэрэгжихэд тухайн үед 4.1 их наяд төгрөг ил болж байсан аж.

Гэхдээ жижиг худалдаа эрхлэгчдийн зүгээс төрөөс татварын тогтолцоог боловсронгуй болгохгүй бол давхар татвар бизнес эрхлэгчдийг эдийн засаг хүндхэн цаг үед сөхрүүлж байна гэдгийг анхаарууллаа. Дээр нь Тамхины хяналтын тухай хууль нь худалдаа эрхлэгчдийн бизнест сөрөг нөлөө үзүүлсэн гэдгийг хэллээ. Уг хуулийг УИХ-аар батлахын өмнө худалдаа эрхлэгчдийн саналыг авсан бол амьдралд хэрэгжих боломж нь илүү байсан. Энэ хууль хэрэгжсэнээр тамхины хэрэглээ буураагүй, харин худалдаа нь илүү далд хэлбэрт шилжиж ноцтой болсныг мэргэжлийн байгууллагууд анхааралдаа авах цаг болсон гэсэн юм.

Онцлоход, энэ удаагийн зөвлөгөөний зорилго нь дотоодын үйлдвэрлэлийн бараа, бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжсэн жижиг, дунд сүлжээ дэлгүүрийн тогтолцоог бүрдүүлэх. Үйлдвэрлэгч, нийлүүлэгчийн оролцоог нэмэгдүүлж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх үүнд төрийн болон хувийн хэвшил, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн төлөөлөл, худалдааны салбарт хөрөнгө худалдааны салбарын хөгжлийн гарцыг тодорхойлоход оршлоо.

Мөн зөвлөгөөний төгсгөлд талууд санамж бичиг байгуулсан юм.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна