Нийтийн тээвэртэй холбоотой 400 гаруй осол бүртгэгджээ

Хуучирсан мэдээ: 2015.12.07-нд нийтлэгдсэн

Нийтийн тээвэртэй холбоотой 400 гаруй осол бүртгэгджээ

Өнгөрсөн долоо хоногт дараалан гарсан автобусны ослуудын буруутныг одоогоор тогтоогоогүй байна. Үүнтэй холбогдуулан зарим нэг албан үүргийг хотын удирдлагууд холбогдох хүмүүст нь өгчээ. Нийслэлийн тээврийн газарт жолоочийн мэргэшил, техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, “Улаанбаатар нэгтгэл”-д замын цас мөсийг арилгах гэх мэт чиглэл өгчээ. Гэхдээ автобуснуудын гаргасан осол хэргийн дийлэнх нь жолоочийн буруугаас болдог гэж Замын цагдаагийн газраас мэдэгдлээ. Энэ оны эхний 11 дүгээр сарын байдлаар нийтийн тээврийн хэрэгслүүд холбогдсон 400 гаруй осол хэрэг бүртгэгджээ. Эдгээр ослын 90 хувь нь жолоочийн буруутай үйлдлээс болсон байх юм. Цас мөстэй байсан ч жолооч хурдаа тааруулах, урд явсан машин ямар ч тохиолдолд гэнэт зогсох магадлалтай тул зай барих гэх мэт жолоочийн үүрэг бий. Үүнээс гадна том оврын автобусны жолооч илүү үүрэг, илүү хариуцлага хүлээдэг.

Хамгийн сүүлийн жишээ өнгөрсөн долоо хоногт Яармагийн гүүрэн дээр осол гаргасан автобус даацын дугуйтай байж. Даацын дугуй бол өвлийн дугуй биш, хэчнээн зогсох эд анги хэвийн ажиллаж байлаа ч халтиргаатай замд гулгана. Энэ жил автобуснуудад өвлийн дугуй ч тавьж өгч амжаагүй байна. Учир нь нийслэлийн төсвөөс автобус компаниудын орлогын зөрүүг өгөөгүй, санхүүжилт нь саарснаас үүдээд өвөлжилтийн бэлтгэл хангаагүй аж.

Өнгөрсөн сарын 28-нд 13.00 цагийн орчим Сонгино хайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр “Их наран”-ийн замд “Сутайн буянт” компанийн автобусны жолооч ноцтой осол гарган, 14 хүн гэмтэж, нэг хүн нас барсан. Сонгино хайрхан дүүргийн 16-р хороо, Хархорин захын хойд замд “Тэнүүн Огоо” компанийн автобусны жолооч явган зорчигчийг мөргөж амь насыг хохироосон. Энэ сарын 2-ны өдөр Хан-Уул дүүрэг, Яармагийн гүүрэн дээр автобус өвс ачсан “Бонго” маркийн машинтай мөргөлдсөний улмаас долоон хүн гэмтэж бэртэн гүүрний хашлага эвдэрсэн юм.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж