Турк Босфорын хоолойг хаах уу?

2015 оны 12 сарын 8

 

Турк газар зүйн байршлаараа Ази, Европ хоёр тивийг хооронд холбож, Хар тэнгисийг Газар дундын тэнгистэй залгасан эртний улс. Энэ шалтгаанаар ОХУ-ын хувьд Хар тэнгисийн флотоо хөдөлгөх түшиц газар, усан замын тээврийн чухал газар билээ.

 

 

Харин Оросын цэргийн Su-24 онгоцыг Турк буудаж унагааснаас хойш хоёр орны харилцаа муудаж, ОХУ эртний түншийнхээ эсрэг хориг тавьснаар юу юугүй гал авалцахад ойрхон байна. Үүнтэй зэрэгцэн Кремль ингэж аашилсны хариуд Станбул ОХУ-ын хөлөг онгоцнуудын зорчдог Босфорын хоолойг хааж, Хар тэнгис дэх флотыг нь Газар дундын тэнгис рүү гарах гарцыг нь хааж болох тухай яриа гарч эхэлжээ. ОХУ Сирийн босогчдод агаарын цохилт өгч эхэлснээс хойш хүнд зэвсэг, техникийг голдуу далайгаар тээвэрлэн, хамгийн дөт зам болох Босфор, Дарданеллын хоолойгоор зөөж байсан юм.

 

Хэрэв Турк ОХУ-ын хөлөг онгоцнуудыг Босфорын хоолойг гатлахад нь хориг тавивал 1936 оны Монтрёгийн конвенцийг зөрчих юм. Дэлхийн I дайны дараа баталсан Монтрёгийн конвенцийн 2 дахь заалтад “Аль ч улсын хөлөг онгоц хоолойгоор өдөр, шөнийн аль ч цагт, ямар ч дүрэм журамд захирагдахгүйгээр ямар ч төрлийн ачаатай зорчиж болно” гэжээ. Уг конвенцийн дагуу Турк хэрэв дайн зарлавал бусад орны хөлөг онгоцыг шөнөөр зөвхөн тодорхой чиглэлд хоолойгоор нэвтрүүлэх үүрэгтэй. Харин Турк дайн зарлаагүй ч “дайны ирмэг дээр ирвэл” өдөр, шөнийн алинд ч бүх хөлөг онгоцыг тодорхой чиглэлээр нэвтрүүлэх ёстой ажээ. Тайван цагт Турк аль ч орны хөлөг онгоцыг том жижиг ялгаагүй хоолойгоор нэвтрүүлэх үүрэгтэй. Харин дайн зарласан тохиолдолд Турк хоолойг бүхэлд нь хааж болох ажээ.  Харин ОХУ-ын хувьд Босфорын хоолой Газар дундын тэнгис рүү гарахад дөт зам боловч Туркийн хоригтой тулгарвал арай холуур Гибралтараар 13-14 хоногт гарч болох ажээ.

 

Үүнээс харвал Туркд Оросын хөлөг онгоцнууд тэр дундаа цэргийн онгоцнуудыг Босфорын хоолойг гатлахад нь саад хийх бодол байхгүй бололтой.

 

Дэлхийн II дайны дараа Анкара хоолой дахь хяналтыг чангатгах хэд хэдэн арга хэмжээ авчээ. 1982 онд Турк улс Станбул орчмын боомтын хяналт, шалгалтыг өргөжүүлсэн юм. Гэвч уг арга хэмжээ хөрш орнуудын зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан тул Турк шийдвэрээ өөрчилсөн билээ.

 

1982 онд НҮБ Далай тэнгисийн асуудлаарх конвенцийг боловсруулахад Турк нэгдэхээс татгалзаж, Монтрёгийн конвенц хүчин төгөлдөр хэвээр үлдсэн.

 

1994 онд Турк Далайн тээврийн зохицуулалт гээчийг баталж, Босфор, Дарданеллын хоолой дахь гадаадын хөлөг онгоцнуудыг журамлаж эхэлсэн юм. Их Британи, АНУ-тай найрсаг харилцаатай байсны хүчинд Турк тухайн үед Босфорын хоолойд хяналтаа тогтоож чадсан байна. Үүнд Монтрёгийн конвенцийн статус кво ч нөлөөлжээ. Харин одоо бол АНУ болон Турк хоёр тус бүс нутагт сонирхол нэгтэй учраас АНУ уг конвенцийг дэмжихэд бэлэн байгаа аж.

 

ОХУ, Туркийн харилцааны гол цөм нь аялал жуулчлал, эрчим хүч юм. Хоёр орны хооронд эрчим хүчний шийдээгүй олон асуудал бий. Анкара Босфорын хоолойг дамжин гардаг Оросын нефтийн тээвэрлэлтийг хязгаарлахыг оролдож ирсэн.

 

ОХУ-ын Тээврийн яамны мэдээгээр бол 2013 онд Босфорын хоолойг 74300 хөлөг онгоц гаталжээ. 2015 онд Азов болон Хар Тэнгисийн боомтуудаар ачаа эргэлт өмнөх оныхоос 5.2 дахин нэмэгдсэн тоо гарчээ. ОХУ-ын Транснефть компанийн мэдээгээр 2014 онд ОХУ 24.6 сая тонн нефтийг Хар тэнгисээр тээвэрлэсэн байна.

 

Турк ОХУ-ын хөлөг онгоцуудыг Босфорын хоолойгоор  гатлахад хориг тавих магадлал бага боловч ийм зүйл боллоо гэхэд олон улсын хэмжээний том асуудал үүсэх нь гарцаагүй. Гэвч  Турк ОХУ-ын цэргийн онгоц  хилийг нь хэдхэн секунд зөрчсөнийг тэвчээгүйг бодвол юу болж болохыг таамаглах аргагүй.

 

Н.ЭНХ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна