“Монгол кино” нэгтгэл 80 жилийн түүхийг бичлээ

2015 оны 12 сарын 8

“Монгол кино” нэгтгэл анх 1935 онд байгуулагдаж байсан. Тухайн үед манжийн дарлалаас дөнгөж гараад, 400 мянган хүн амтай  байсан аж. Энэ үед дэлхий нийтээрээ Монгол гэж үндэстэн байхгүй болсон гэж боддог байсан.ч “Монгол хүү” кино бидний өв соёлыг сэргээн харуулсан гэж болно. Учир нь Оросуудын бүтээсэн энэхүү кинонд монгол жүжигчид тоглож, Орос, Америкт гаргасан гэдэг. Тэр үед уг киногоор дамжуулан Монгол гэдэг үндэстэн мөхөөгүй байна шүү гэдгийг харуулж чадсан юм. Энэ киног үзсэн үзэгчид “Чингисийн монголчууд мөхөөгүй юм байна”, “Саран дээр байгаа мэт амьдралтай, жижигхэн морьтой улсууд байна” гэх мэтээр ярьцгааж байсан аж. Гэхдээ “Орос, Хятадыг дагах гэсэн хоёр л сонголт байна, гэвч монголчуудын нүдэнд эрх чөлөө гэрэлтээд байна. Энэ ард түмэн хэзээ нэг цагт эрх чөлөөтэй болох байх” гэж “Нью Йорк таймс” тэргүүтэй Америкийн олон сонинд нийтэлж байсан байна.

Үүнээс хойш 1945 онд бүрэн хэмжээний уран сайхны кино болох “Цогт тайж”-ийг “Монгол кино” нэгтгэл бие даан хийсэн байна. Өнгөрсөн хугацаанд бүхий л төрөл жанарын 2000 орчим бүтээл хийсний 230 нь уран сайхны, 400 нь орчуулгын, 1450 нь баримтад кино аж. Эдгээр уран бүтээлээс Монгол киноны үе үеийн уран бүтээлчдийн сэтгэл оюунаас ундарга авсан “Ардын элч”, “Сэрэлт”, “Энэ хүүхнүүд үү”, “Хөхөө гэрлэх дөхлөө”, “Тунгалаг Тамир”, “Мандухай сэцэн хатан” зэрэг олон сайхан бүтээл Монголын кино урлагийн өнгө төрх, нүүр царай болж мөнхөрсөн байдаг. Харин баримтад киноны тухайд 1935 оноос хойш Монгол оронд болж өнгөрсөн түүхэн гол гол үйл явдлуудыг кино хальсанд буулгаж өгсөн нь өнөөдөр төдийгүй ирээдүй хойчид ч Монголын түүхийн гайхамшигт баталгаа болж үлдсэн байдаг байна.

Анхдагчдын тавьсан суурин дээр дараа, дараагийн үе өсөн өндийж, бүтээж туурвисаар монгол кино 80 нас хүрчээ. Түүхэн ойг тохиолдуулан “Цогт тайж”, “Монгол хүү” киноны эрдэм шинжилгээний бага хурал, 80 жилийн түүх өгүүлсэн “Монгол кино” ном болон нээлттэй өдөрлөг, “Гайхамшигт дэлгэц” төсөл хэрэгжүүлж, ойн баяраа энэ жилийн турш тэмдэглэсэн юм. Харин эдгээр арга хэмжээний хаалт болох “Монгол киноны шилдэг дуунууд” тоглолт өнгөрсөн бямба гаригт боллоо. Түүхэн замналыг бичилцсэн ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл нэгэн танхимд цуглаж, тайзнаа тэдний бүтээсэн киноны дуунууд эгшиглэж нэгэн үдшийг хамт өнгөрүүлсэн юм.

Ийнхүү ололт амжилт, алдаа дутагдлаа хэлэлцсэн уран бүтээлчид, тэр дундаа “Монгол кино” нэгтгэлийн хамт олонд 80 насны ойн баярын мэнд хүргэе.   

Т.ДАВААНЯМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна