Монгол туургатны боксын тэмцээн бямба гаригт эхэлнэ

2015 оны 12 сарын 8

Монгол туургатны боксын анхдугаар их наадмын хэвлэлийн бага хурал энэ сарын 11-ний өдрийн 13.00 цагт Чингис хаан зочид буудлын хурлын танхимд болно


“Дэлхийн монголчуудын глобал нийгэмлэг”( World Mongolians Global Association) санаачлан Монголын боксын холбоо дэмжин, хамтран зохион байгуулах Монгол туургатны боксын анхдугаар их наадам энэ сарын 12-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болох гэж байна. Монгол бөхийн өргөөнд болох энэ удаагийн тэмцээнд БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Буриад, Халимаг, Тува, Монгол Улсын 18-40 насны шилдэг боксчид Олон улсын AIBA дүрмийн дагуу оролцоно. Тэмцээн 49 кг, 52 кг, 56 кг, 64 кг, 69 кг нийт 6 жинд явагдах бөгөөд жин тус бүрт Монгол Улсаас 4 бусад улсаас 1 тамирчин оролцоно.

Тэмцээний шагналын сан нь Азийн орнуудын дунд зохиогдож байсан тэмцээнүүдээс өндөр тооцогдох мөнгөн шагналтай аж. Тухайлбал, зургаан жин тус бүрд цомын эзэд тодрох бөгөөд Гранпри шагналын эзэн 750 крат сорьцтой шилжин явах алтан цомыг гардах бол жин тус бүрт эхний байруудад 1500-500 ам.долларын мөнгөн шагналтай.

Тэмцээнийг зохион байгуулах коммисийн даргаар Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Э.Бадар-Ууган ажиллаж байгаа юм. Дэлхийн 196 орныг өөрийн холбоондоо нэгтгэсэн боксын спортыг Монгол туургатан дор өргөн дэлгэрүүлэн хөгжүүлж, таниулан сурталчлахаар ийнхүү Монгол туургатны боксын анхдугаар тэмцээнийг хийх болсон талаараа зохион байгуулагчид онцоллоо.

Дэлхийн 196 орныг өөрийн холбоондоо нэгтгэсэн Боксын спортыг Монгол туургатан дор өргөнөөр дэлгэрүүлэн хөгжүүлэх, таниулан сурталчлах, бие бялдрын өв тэгш хүмүүжил олгох, шилдэг тамирчдын залуу халааг бэлтгэх улмаар Олон улс, Тив, Дэлхийн хэмжээнд болон “РИО 2016” мөн “ТОКИО 2020” Олимпийн наадмуудад тухайн орныхоо нэрийг мандуулахаас гадна МОНГОЛ ХҮН гэдэг нэрийг Дэлхийн хэмжээнд дуурсгаж Монгол туургатан хүн бүхнийг нэгэн сэтгэлд эвлэлдэн нэгдүүлэх зорилготой юм.

Хөтөлбөр:

12.11: Баг тамирчдыг хүлээн авна.

  • 20:00 цагаас Техникийн зөвөлгөөн

12.12:

  • 07.00-08.00 Нэгдсэн жин үзлэг
  • 09.00-10.00 Сугалаа
  • 13.00 Урьдчилсан тулаан 24 хос

12.13:

  • 07.00-07.30 Жин үзлэг
  • 15.00 Хагас шигшээ тулаан 12 хос

12.14:

  • 07.00-07.30 Жин үзлэг
  • 16.00 Шигшээ тулаан
  • * Хүрэл медалийн төлөө 6 хос
  • * Алтан медалийн төлөө 6 хос
  • 21.00 Үдэлтийн хүлээн авалт (Чингис хаан зочид буудал)

12.15: Зочдыг үдэн гаргах.

Тэмцээнд AIBA дүрмийн дагуу 1975-1996 оны хооронд төрсөн 19-40 насны тамирчид оролцоно. Мөн Олон улсын боксын холбооны дүрмийн дагуу тоглолт 3 минутаар 3 раунд-р явагдах юм байна.

НЭМЭЛТ:

Монгол туургатны боксын анхдугаар их наадмын хэвлэлийн бага хурал энэ сарын 11-ний өдрийн 13.00 цагт Чингис хаан зочид буудлын хурлын танхимд болно.

Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна