Нийслэл газрын төлбөрөөс 22.1 тэрбум төгрөг олно

2015 оны 12 сарын 8

Нийслэлийн газрыг эзэмшиж ашигласныхаа төлөө иргэн аж ахуй нэгжүүд улирал бүр газрын төлбөр төлөх ёстой байдаг. Оны сүүлийн сарын байдлаар манай улсад 17620 хуулийн этгээд газрын төлбөр төлөгч болжээ. Эдгээрээс жил бүр нийслэлийн төсөвт тодорхой хөрөнгийг суулгадаг. Гэвч энэ улирлын төлбөр төлөлт хангалтгүй байна. 

Газрын зориулалт, газрын үнэлгээний хэддүгээр бүсэд байдаг болон газрын хэмжээнээсээ хамаарч  төлбөр өөр өөр байна. Дээрх үзүүлэлтийг харгалзан нийслэлийн 6 дүүргийн газар 1 мкв 44-440 төгрөг байдаг. Энэ онд  17260 иргэн аж ахуй нэгжээс 22.1 тэрбум төгрөг газрын төлбөрт авч нийслэлийн төсөвт суулгах төлөвлөгөө байна. Гэхдээ улирал бүрийн эхний 25-ны өдөр төлөх ёстой төлбөрөө ихэнх аж ахуй нэгжүүд хийгээгүй байгааг нийслэлийн өмчийн харилцааны газраас мэдээллээ. Өөрөөр хэлбэл газар эзэмшигч иргэн, ААН байгууллага эрх үүргээ мэддэггүйгээс газрын төлбөрт алданги тооцуулах, цаашлаад хүчингүй болгуулах нөхцөл бүрддэгийг анхаарууллаа.

Газрын төлбөрөө хугацаандаа төлж барагдуулаагүйгээс цөөнгүй ААН, иргэн газар эзэмших эрхээ хүчингүй болгуулжээ. Энэ онд л гэхэд 95 иргэн ААН-ын газрыг хүчингүй болгохоор төслийн шатандаа явж байна. Тиймээс гэрээний дагуу урд онуудын болон 2015 оны газрын төлбөрийг энэ сарын 15-ны дотор төлж барагдуулан нийслэлийн Өмчийн харилцааны газар, харьяа дүүргүүдийн Өмч, газрын харилцааны албанд ирж газар эзэмших ашиглах гэрээгээ дүгнүүлж газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт үйлдэхийг санууллаа. 

Л.ХАЛИУ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна