ХЗБХ албан бусаар мэдээлэл сонсов

2015 оны 12 сарын 8

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 09.00 цагт зарлагдсан байсан ч УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан тул албан бусаар хуралдаж, Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын мэдээлэл сонслоо.

УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан шалтгаан нь, Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд орж ирээгүй байгаа гишүүдийн картыг уншуулж, ирц бүрдүүллээ гэх үндэслэл тавьж, хуралдаан даргалагчийг дэгийн дагуу хуралдаанаа зохион байгуулах ёстой гэсэн шаардлагыг бүлгийн дарга С.Бямбацогт тавьж, гишүүд нь танхимыг орхин гарсан юм. Ингэснээр гишүүдийн ирц хуульд заасан 50 хувьд хүрээгүй тул байнгын хороо Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын мэдээллийг албан бусаар сонслоо.

УИХ-аас баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд 4340 иргэн хамрагджээ. Хорихоос өөр төрлийн буюу торгох, эд хөрөнгө хураах, тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг хасах, албадан ажил хийлгэх шийтгүүлсэн 1449 ялтны хувийн хэрэг, бичиг баримтыг прокурор хянаж, 1324 ялтанд тогтоол үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна.

Хорих ялыг тэнсэж хянан харгалзсан болон шийтгэл тогтоол биелүүлэхийг хойшлуулсан нийт 5525 ялтны хувийн хэрэг материалыг прокурор хянаж 4984 ялтны ялыг хуульд хамруулан хугацааг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна