Цэцэрлэгийг камержуулъя

2015 оны 12 сарын 8

Танилын маань хүү цэцэрлэгт явахаас сүнсээ зайлтал айдаг. Аргаа барахдаа ээж нь хаашаа ч явсан хүүгээ дагуулаад явна. Яагаад цэцэрлэгт явахаас дургүйцдэгийг нь хүүгээс асуувал “Яахын муухай ш дээ. Багш нь аймаар...” гэж бувтнахаас өөрийг хэлэхгүй. Хүүгийн цэцэрлэгээс айдаг болсон шалтгаан нь багш нь зодсон. Хүүгээс энэ талаар нь асуувал хоёр алаг нүдээ бүлтэлзүүлэх ч ам нээхгүй. Чамайг зодсон юм уу гэвэл чимээгүйхэн толгой дохино. Хаана нь гэвэл, бяцхан долоовор хуруугаараа нуруу, гэдсээ заана...

Тиймээс ч цэцэрлэгт явахаас гэртээ цоожлуулахыг хүү илүүд үздэг. Ээж нь хэчнээн завгүй ч хүүгээ зүрх муутай, эрэмдэг зэрэмдэг эр хүн болгохыг хүсээгүй. Нөхрөөсөө салсан. Хүүг нь харах хүн байхгүй. Хувийн бизнесээ алдахгүй гэсэндээ өдөр, шөнийн алинд ч хүүгээ дагуулж явахаас өөр зам түүнд үлдээгүй.

Хүүхэд л болсон хойно, сахилгагүйтнэ. Харин ээжийг хэлэх хориг нь, цэцэрлэгт чинь явуулна шүү!!!

Цэцэрлэгт камер суулгачихвал хамгийн зөв хяналт болно. Хий хоосон хардалт эсвэл хэн нэгэнд найдаж биш бид бүрэн дүүрэн хяналтаа тавих боломжтой болно гэсэн үг.

Мэдээж улсын төсөв хүнд байна. Камержуулах зардал мөнгө байхгүй гэсэн ядуугийн зовлонгоо тоочих байх л даа. Хийх хүнд санаа, хийхгүй хүнд шалтаг олдоно гэгчээр эцэг, эхчүүдээс нэг удаад хэд гуравхан төгрөг татахад тэр хэмжээний мөнгийг өлхөн олно.

Ийм асуудал олон залуу гэр бүлд бий. Өнгөрсөн жил л гэхэд ой гуравхан сартай, хөл ороогүй шахам бяцхан хүүг өмдөндөө бие заслаа гэж “Хүүхдийн клиник сувилал 41” цэцэрлэгийн багш Б.Эрдэнэболор хоолойг нь боож, гэмтээсэн учраас ял оноосон.

Түүний дараа Хан-Уул дүүргийн 190 дүгээр цэцэрлэгийн багш үгэнд нь ороогүй хоёр хүүхдийг зодож, “хүмүүжүүлсэн”. Гэхдээ энэ хэргийн гэрч нь бяцхан багачууд учраас хэн ч мэдэхгүй өнгөрөх байсан. Аз гэх үү, эз гэхийг мэдэхгүй ч, хоёр хүүгийн зодсон бичлэгийг өөр нэгэн багш хийж дэлгэсэн нь дуулиан тарьж байлаа. Гэхдээ багш нь тэрхүү бичлэгийг хийхдээ хоёр хүүгийн эрхийг хамгаалах гэсэндээ бус өөртэй нь муудалцсан өрсөлдөгчөө чадах гэсэн бичиж цацсан болж таарсан. Тухайн үед дүүргийн Боловсролын газар уучлалт гуйсан болоод өнгөрсөн.

Гэтэл өнгөрсөн долоо хоногт Дундговь аймгийн "Оюуны хөгжил" хувийн цэцэрлэгийн тогооч гэх эмэгтэй хоолоо идээгүй бяцхан “амьтныг” ээрч, мууртал нь хэрхэн зодож буйг харуулсан бичлэг ил болсон. Энэ удаад ёс зүй гаргасан багш бичлэгийг дэлгэсэн.

Орон нутгийн удирдлагууд энэ хэргийн дараа тус цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, буруутанд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Хот, хөдөөгүй цэцэрлэггүй болсон энэ цагт ийнхүү цэцэрлэгийн тоо нэгээр хасагдав.

Уг нь Хүүхдийн цэцэрлэгийн аюулгүй байдлын дүрмийн 3.9-т “Насанд хүрээгүй хүүхдэд бага насны хүүхдийг хариуцуулан өгөхийг хориглоно”, “3.10 Эмч, багш, туслах багш нар хүүхдийн биеийн байдалд байнга хяналт тавьж, түүнд халдварт өвчний шинж тэмдэг илэрвэл тусгаарлах өрөөнд шилжүүлэн хэвтүүлж, эцэг эхэд мэдэгдэнэ”, 3.11-т “Хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх нөхцөлийг бүрэн бүрдүүлж ажиллана”. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 12.7-Д “Багш нь Боловсролын тухай хуулийн 44.1-д заасан эрхээс гадна хүүхдийн сургалтын ажил, эрүүл мэнд, аюулгүй байдал, эрх ашигт сөрөг нөлөө үзүүлэх аливаа үйл ажиллагааг таслан зогсоох, хориглоход биечлэн оролцох эрх эдэлнэ” гэхчлэн заажээ.

Гэтэл аюулгүй байдлыг нь хангах ёстой хүмүүс нь аюултай “хадны мангаа” болчихоор бяцхан үрсээ бид цэцэрлэгт явуулаад байна гэж сэтгэл тайван явах уу, чононд мах хадгалууллаа гэж түгшиж явах уу?

Ийм хэрэг гарсан тохиолдолд цэцэрлэгийн эрхийг цуцлах нь нэг их оновчтой арга хэмжээ биш санагдана. Хамгийн гол нь багш нарыг хүүхэдтэй зөв боловсон харилцах, тэднийг зөв боловсон харилцаж буй эсэхэд нь байнгын хяналт тавих, гарч болзошгүй хэргээс урьдчилсан сэргийлэх нь илүү үр дүнтэй.

Тогоочдоо зодуулсан хүүд үе үе татах шинж тэмдэг илрэх болсон талаар эцэг, эх нь зовинон ярьж байна. Цэцэрлэгийг нь хаалаа гээд хүү зүгээр болох нь юу л бол. Эдгэрлээ гэхэд хүүгээ дахиад цэцэрлэгт өгөх үү, гэрт нь цоожлох уу гэсэн аль аль нь эрсдэлтэй хоёрхон сонголт л үлдээ.

Мэдээж хэрэг мэргэжлийн хяналт, аймгийн Тамгын газрын боловсролын хэлтсийнхэн аймгийн хэмжээнд хяналт тавьж чадахгүй. Тийм боломж ч байхгүй.

Тиймээс л цэцэрлэгийг камержуулъя. Шүүхүүдийг камержуулсны гарсан дэвшил нь шүүгчийн ёс зүй, шүүх хуралдааны үйл явцыг шууд утгаар нь хянах боломжтой болсон.

Цэцэрлэгт камер суулгачихвал хамгийн зөв хяналт болно. Хий хоосон хардалт эсвэл хэн нэгэнд найдаж биш бид бүрэн дүүрэн хяналтаа тавих боломжтой болно гэсэн үг.

Мэдээж улсын төсөв хүнд байна. Камержуулах зардал мөнгө байхгүй гэсэн ядуугийн зовлонгоо тоочих байх л даа. Хийх хүнд санаа, хийхгүй хүнд шалтаг олдоно гэгчээр эцэг, эхчүүдээс нэг удаад хэд гуравхан төгрөг татахад тэр хэмжээний мөнгийг өлхөн олно.

Эцэг, эхчүүд ч хүүхдийнхээ төлөө “За” л гэнэ. Элдэв болсон, болоогүй савангийн мөнгөнөөс илүү энэ л бидэнд хэрэгтэй.

Боловсролын сайдад хандахад, бүх цэцэрлэгийг камержуулах журмыг гаргаж бүрэн утгаар нь багачуудынхаа аюулгүй байдал, багш нарт тавих хяналтаа сайжруулахыг зөвлөх байна.

Өнөөдөр энэ мэт зүй бус хэргийг зүхээд өнгөрөх бус дараа дараагийн удаад гарч болзошгүй эрсдэлээс урьдчилсан сэргийлэх нь хамгаас чухал биз дээ.

Л.ТӨГС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна