МАХН даргаа шадар болгох уу?

2015 оны 12 сарын 8

Улс төрийн хүрээнд өчигдрөөс эхлэн МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ч.Сайханбилэгийн танхимд Шадар сайдаар ажиллахаар болсон гэсэн мэдээлэл цацагдаад байгаа. Тиймээс энэ асуудлаар МАХН-ын нарийн бичгийн дарга Н.Эрдэнэжамъяанаас тодруулахад “Тийм асуудал МАХН дотор яригдаж байгаа. Албан ёсоор Ерөнхий сайдад өргөн барьсан зүйл байхгүй” гэсэн юм.

Н.Энхбаяр Шадар сайд болохоор З.Энхболдтой ярьж тохирсон гэсэн албан бус мэдээлэл саарал ордноос сонсогдож байна. Хэрэв энэ мэдээлэл үнэн бол Н.Энхбаяр Шадар сайдаар, Ц.Оюунбаатар Эрүүл мэнд, спортын сайдаар томилогдох бололтой.

МАХН-ын зүгээс Л.Жамбалжавыг Эрүүл мэнд, спортын сайдаар томилуулахаар өргөн барьсан ч Ерөнхий сайд хүлээж аваагүй. Л.Жамбалжав “news.mn” сайтад өгсөн ярилцлагадаа яагаад Ерөнхий сайд зөвшөөрөөгүй талаар асуугаад, болж бүтээх талаас нь яриад өгөөч гэж намынхаа даргаас гуйсан талаар дурдсан байсан. Гэвч, Н.Энхбаяр түүний хүсэлтэд хариу өгөөгүй нь цаанаа өөрөө Шадар сайд болох сонирхолтой байсан гэлтэй. Юутай ч Ч.Сайханбилэгийн танхимд Н.Энхбаяр Шадар сайдаар орж ирэхийг харах л үлдэж байна. МАН-ын хувьд МАХН-тай нийлж, нэгдэх тухай яриа ид өдөлж байгаа болохоор түүнийг сайд болоход төдийлөн эсэргүүцэхгүй биз.

Т.ДАВААНЯМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна