Тайлангаа өгсөн бол ямар нэг хариуцлага хүлээхгүй

2015 оны 12 сарын 8

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болсон. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр мэдээлэл хийлээ. Тэрбээр:

-Засгийн газрын хуралдаанд Сангийн сайд Б.Болор Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн явцын талаар танилцуулга хийлээ. 2015 оны наймдугаар сарын 7-нд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль батлагдсан. Энэ хуулийг хэрэгжүүлэх журмыг Засгийн газар наймдугаар сарын 31-ны өдрийн хуралдааны 348 дугаар тогтоолоор баталсан юм.

Иргэдийн болон хуулийн этгээдийн нуун дарагдуулсан хөрөнгө орлого, үйл ажиллагааг ил тод болгох байдлыг дэмжих зорилготой. Тодорхой хэмжээгээр орлого, хөрөнгөө нуун дарагдуулснаа тайлагнасан нөхцөлд захиргааны болон хуулийн оногдох арга хэмжээ, татвараас чөлөөлөх юм. Дээрээс нь далд эдийн засгийг ил болгох үүднээс энэ хуулийг санаачилсан. Энэ хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Сангийн яамнаас шат дараатай арга хэмжээ авсан байна. Хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж, арга зүйн зөвлөгөө өгч, олон нийтэд сурталчилжээ. Энэ хугацаанд нийтдээ 5600 гаруй хүмүүс тайланг ирүүлснийг Сангийн яам хүлээн авчээ. Бэлтгэл ажлын хүрээнд иргэдийн мэдүүлэх мэдүүлгийн маягтыг бэлэн болгож, Монголын татварын алба.мн сайт ажиллуулсан аж. Иргэдэд хуулийн зөвлөгөө өгөх, сурталчлан танилцуулах сургалт зохион байгуулах ажлыг удаа дараа явуулсан байна гэлээ.

Сангийн яаманд аж ахуйн нэгжүүдийн тайлан, мэдүүлэг төвлөрч байгаа бөгөөд нийтдээ 860 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө орлогын үйл ажиллагаа ил болжээ. Харин ТЕГ-т нийт 3.5 их наяд төгрөгийн хөрөнгө орлогын үйл ажиллагаа ил болсон аж.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэх хугацаа энэ оны 12 дугаар сарын 31-нд дуусна. Хууль үйлчлэх хугацааны сүүлийн хоногуудад иргэд хөрөнгөө мэдүүлэх гэж яарч байгаа. Сангийн яам, ТЕГ-ын мэдээлж байгаагаар сүүлийн 21 хоногт хөрөнгөө мэдүүлэх иргэдийн тоо нэмээд өсч, хөрөнгө орлого ил болох үйл ажиллагаа нийт 5 их наяд төгрөгт хүрэх болов уу гэсэн тооцоотой байгаа юм байна.

Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар дээрх мэдээлэл танилцуулгатай холбогдуулан шийдвэр гаргасан байна.

“2015 оны дөрөвдүгээр сарын нэгнээс өмнө орлогоо болон үйл ажиллагаа нуун дарагдуулсан нөхцөлд ил болгож, мэдүүлэгчийн энэ оны II, III, IV улирлын тайлан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хуульд хамаарагдах учраас ямар нэг хариуцлага хүлээлгэхгүй хууль мөрдөж ажиллахыг холбогдох байгууллагад даалгалаа.

2015 оны дөрөвдүгээр сарын нэгнээс өмнө нуун дарагдуулсан хөрөнгөө хэрхэн бүртгүүлэх тал дээр УБЕГ-т үүрэг өгсөн. Энэ нь нотариатын баталгаажуулсан бичиг баримтаар бүрдүүлнэ. Эдийн засгийн ил тод байдлын хууль хэрэгжих цөөн хугацаа үлдэж байна. Үүнд иргэд, олон нийтийг өргөнөөр хамрагдан оролцохыг, Сангийн яам, ТЕГ, УБЕГ-ын зүгээс ард иргэдэд хандаж суртал ухуулгаа сайн хийхийг Засгийн газрын зүгээс даалгасан шийдвэрийг гаргалаа хэмээн Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч онцлов.

Т.НОМИН


Засгийн газрын даваа гаригт/12.07/ болсон ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

 


Монгол Улсын Эдийн засгийн гадаад харилцааны хөтөлбөрийг баталлаа

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны тогтоолоор эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх зорилгоор Монгол Улсын Эдийн засгийн гадаад харилцааны хөтөлбөрийг боловсруулах шаардлагатай гэж үзэн Засгийн газарт чиглэл өгсөн юм.

Гадаад хэргийн сайдын тушаалаар хөтөлбөрийн төсөл боловсруулах ажлын хэсгийг төр, хувийн хэвшил, судалгааны байгууллагын төлөөллийг оролцуулан байгуулж, төслийг боловсруулжээ. Хөтөлбөрийн төсөлд гадаад зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх, шинээр зах зээл нээх, үндэсний аж ахуйн нэгжүүдийн экспортод чиглэсэн бизнесийн үйл ажиллагааг дэмжих, байгальд ээлтэй дэвшилтэт технологи нэвтрүүлж, аж ахуйн нэгжийн өрсөлдөх чадварыг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад чиглэсэн үйл ажиллагааг зорилт болгон тусгасан байна.  

Хөтөлбөр болон арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, уг хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгасан холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болголоо.

Сангийн сайд Б.Болорын танилцуулснаар хуулийг хэрэгжүүлэх явцын үр дүнд 861.065.7 сая төгрөгийн хөрөнгө орлого, үйл ажиллагаа ил болж, 111.055.1 сая төгрөгийн татвараас чөлөөлөгджээ. Харин зөвхөн аж ахуйн нэгжүүд төдийгүй хувь хүн, НӨАТ, цалин зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагааны бүртгэл хийж буй Татварын ерөнхий газарт 5785 тайлан ирснээс энэ оны 12 дугаар сарын 7-ны байдлаар 3,5 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого, үйл ажиллагаа ил болсноос 800 тэрбум төгрөг нь зөвхөн сүүлийн долоо хоногт бүртгэгдсэн байна.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн тайланг танилцууллаа

Хувь хүн, хуулийн этгээдийн нуун дарагдуулсан хөрөнгө, орлого, үйл ажиллагааг ил болгон мэдүүлэхэд  дэмжлэг үзүүлэх, мэдээллийг бүртгэх асуудлыг нэгдсэн байдлаар зохицуулах зорилгоор УИХ-аас батлан гаргасан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журмыг Засгийн газрын 348 дугаар тогтоолоор баталсан. Хуулийн хэрэгжилтийг хангах, түүнийг олон нийтэд таниулах арга хэмжээг зохион байгуулж, иргэдэд мэдээлэл хүргэх www.iltod.mta.mn цахим хуудас ажиллуулж, зөвлөгөө, мэдээлэл өгч байна. Хуулийг хэрэгжүүлж буй хувь хүн, хуулийн этгээдэд үйлчлэх төрийн албан хаагчдыг томилон холбогдох нууцын баталгааг гаргуулжээ. Татварын албаны хүрээнд 750 орчим улсын байцаагч, нийгмийн даатгалын 60 гаруй ажилтан, улсын бүртгэлийн 70 орчим албан хаагч, санхүүгийн 30 гаруй мэргэжилтэн, гаалийн 25 ажилтан ажиллаж байна. Сангийн сайд Б.Болорын танилцуулснаар хуулийг хэрэгжүүлэх явцын үр дүнд 861.065.7 сая төгрөгийн хөрөнгө орлого, үйл ажиллагаа ил болж, 111.055.1 сая төгрөгийн татвараас чөлөөлөгджээ. Харин зөвхөн аж ахуйн нэгжүүд төдийгүй хувь хүн, НӨАТ, цалин зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагааны бүртгэл хийж буй Татварын ерөнхий газарт 5785 тайлан ирснээс энэ оны 12 дугаар сарын 7-ны байдлаар 3,5 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого, үйл ажиллагаа ил болсноос 800 тэрбум төгрөг нь зөвхөн сүүлийн долоо хоногт бүртгэгдсэн байна.

Хуралдаанаар 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө гаргасан зөрчлөө Ил тод байдлын тайлангаар мэдүүлсэн этгээдийн 2015 оны 2,3,4 дүгээр улирлын санхүү, татвар, нийгмийн даатгалын тайланд ил тодын тайлантай холбогдуулан өөрчлөлт орохоор бол уг асуудал Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд хамрагдах тул хариуцлагаас чөлөөлж, хуулийг хэрэгжүүлж ажиллахыг холбогдох хууль хэрэгжүүлэгч байгууллагуудад үүрэг болголоо. Ил тодын тайланг энэ оны 12 дугаар сарын 31-ийг хүртэл авах юм.

Журам шинэчлэн баталлаа

“Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцагчдад тэтгэлэг олгох тухай журам”-ыг шинэчлэн баталлаа.

Улсын хэмжээнд 81 мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад 200 гаруй мэргэжлээр 42 мянга орчим суралцагч суралцаж байгаа бөгөөд үйл ажиллагаа явуулж байгаа сургалтын байгууллагуудын 49 нь төрийн өмчит, 32 нь төрийн бус өмчийн аж ахуйн нэгж, байгууллага байна.

Засгийн газрын 2007 оны 294 дүгээр тогтоолоор Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчдад тэтгэлэг олгох журмыг баталсан бөгөөд өнгөрсөн 8 жилийн хугацаанд энэ журамд ямар нэгэн нэмэлт, өөрчлөлт ороогүй байна.

Тэтгэлэг олгохдоо суралцагчийн хичээлийн ирцийг тооцохоор журамд тусгасан нь суралцах идэвх, чармайлтыг нэмэгдүүлэх, тэтгэлгийг суралцагчийн картанд шууд шилжүүлэн олгосноор сургалтын байгууллагууд тэтгэлэг авах суралцагчдын тоог бодит бусаар мэдээлэн санхүүжилт авахаас сэргийлж, төсвийн үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. Мэргэжлийн боловсролын 1 ба 2.5 жилийн, техникийн боловсролын 1.5 ба 3 жилийн сургалтад хамрагдаж байгаа 24 хүртлэх насны суралцагчдад тэтгэлэг олгохоор журамд тусгажээ. Хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд онолын болон дадлагын сургалтад 75 хувиас доошгүй ирцтэй оролцсон суралцагчдад тэтгэлэг олгох юм.

Үл хөдлөх хөрөнгийг балансаас балансад шилжүүллээ

Төрийн өмчийн хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, төрийн байгууллага хооронд балансаас балансад шилжүүлэх үл хөдлөх хөрөнгийн жагсаалтыг баталлаа. Дархан-Уул аймаг дахь хорих 435 дугаар ангийн гуанзны барилгыг Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албанд, Иргэний нисэхийн ерөнхий газрын балансад бүртгэлтэй “Жаргалант” сэргээн засал, сувиллын цогцолборын зарим байгууламж, дэд бүтцийг Онцгой байдлын ерөнхий газарт, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын барилгыг тус аймгийн Шүүхийн шинжилгээний алба, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын харьяа Баян-Өлгий аймаг дахь албанд шилжүүлэхээр боллоо. “Жаргалант” сэргээн засал, сувиллын цогцолборын балансаас балансад шилжүүлээгүй үлдсэн хэсгийг дахин үнэлж, нээлттэй дуудлага худалдаагаар худалдахыг Төрийн өмчийн хороонд даалгалаа.  


Товч мэдээ:

  • Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар 2015 оны 12 дугаар сарын 14-15-нд БНХАУ-ын Жэнжоу хотод болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн 14 дүгээр хуралдаанд ажиглагчаар оролцох үеэр баримтлах удирдамжийн төслийг хэлэлцээд Ерөнхий сайдаар батлуулахаар тогтлоо.

  • Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай Засгийн газрын 2012 оны 98 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Улсын онцгой комиссын бүрэлдэхүүнд “Хууль зүйн дэд сайд” гэснийг “Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга” гэж өөрчиллөө.

  • Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

  • Хөгжлийн хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зарчмын хувьд зөвшөөрч, УИХ-ын холбогдох байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо.

  • Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т заасныг үндэслэн Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Ш.Алтангэрэлийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдаар Б.Дэлгэрмааг томилуулах асуудлыг хэлэлцэн дэмжээд, энэ тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтлоо.

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна