Ирвэсүүдийг зогсооно гэдэг хүнд даалгавар

2015 оны 12 сарын 8

Үндэсний супер лигийн тоглолтууд үргэлжлэн явагдсаар байна. Өчигдөр болсон тоглолтын мэдээллээс хүргэж байна.

Улирлын эхний хоёр тоглолтондоо тус тус нэг хожил, нэг хожигдолтой байсан “Баянзүрх дүүрэг Их өргөө Аравтууд” болон “Ирвэсүүд”-ийн тоглолт ширүүн болох нь тодорхой байсан. Хоёр багийн хувьд хоёулаа 2014-15 оны улирлын хасагдах шатны нэгдүгээр тойргоос мултраад байсан ч, энэ зун хүчээ багагүй зузаатгаад амжсан билээ.

Э.Цэвэлдоржоор ахлуулсан Ирвэсүүд тоглолтын эхнээс санаачлагыг авч байлаа. Т.Санчир энэ орой онцгой нэгэн тоглолтоо гаргаж 41 оноо, 8 самбараас бөмбөг авалт, 4 оновчтой дамжуулалт гүйцэтгэж багаа тэргүүлсэн бол тэдэнд туслахаар нэгдээд буй легионер тоглогч Dylan Brewer өчигдөр өөрийгөө харуулж чадлаа. Тэрээр өмнөх хоёр тоглолтонд төдийлөн сайн тоглолт үзүүлж чадаагүй байсан ч энэ удаад 29 оноо авахдаа 75 хувьтай довтолж, 5-н оновчтой дамжуулалтыг гүйцэтгэлээ. Мөн тэдэнд Э.Дорж-арилд 20 оноо, Э.Цэвэлдорж 17 оноогоогоор тусалснаар Ирвэсүүд 129:116-н харьцаатай улирлын хоёр дахь хожлоо авлаа.

“Их өргөө Аравтууд”-ын хувьд тэдний бөмбөг алдалтууд болон идэвхгүй хамгаалалт нь хожигдсон гол шалтгаан болж байлаа. Тэд тоглолтын турш багаараа нийт 27-н бөмбөг алдалт хийжээ. Түүнээс гадна сэлгээ тун хангалтгүй байсан бөгөөд сэлгээнээс гарч тоглосон тоглогчид нийлээд 13-хан оноо авсан нь бас нэгэн шалтгаан юм. Д.Мөнхтүвшин шилдэг тоглолтоо гаргаж 35 оноо 6 самбараас бөмбөг авалт 6 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн бол Ш.Сэдбазар 27 оноо, 10 самбараас бөмбөг авалт, С.Батбямба 23 оноо, 9 самбараас бөмбөг авалт гүйцэтгэн багаа тэргүүлсэн ч энэ удаад тэд хожигдлоо.

АВАРГУУД ШИНЭ УЛИРЫН АНХНЫ ХОЖЛОО АВЛАА

Үндэсний супер лигийн 2014-15 оны аваргууд болох “Альяанс-тех Харцага” шинэ улирлийг тун таагүй эхлүүлээд байсан билээ. Гол тоглогчдоо бэртэлд алдаад байгаа ч Харцагууд харин өчигдөр өнгөлөг байж шинэ улирлын анхны хожлоо авлаа.

Teeng Akol даваа гаригийн онцлох нэгэн байлаа. Тэрээр багаа тэргүүлэн 16 оноо 19 самбараас бөмбөг авалтыг гүйцэтгэснээс гадна, талбай дээр байгаа үедээ ямар нэгэн давуу байдлыг үүсгэж байсан юм. Мөн сэлгээнээс гарч тоглосон Б.Дорждамба 15 оноо 12 самбараас бөмбөг авалтаар тусалсан бол Э.Дөлгөөн мөн 15 оноо, Г.Цэнгүүнбаяр 12 оноо, Б.Нэмэхбаяр 9 оноо тус гүйцэтгэн багаараа тун жигд тоглолтыг үзүүлж 78:59 онооны харьцаатай Төв аймгийн Төв-Ургацыг буулган авлаа. Тун удахгүй ОУХМ Ц.Азбаяр, Г.Баттөр нар тоглолтонд оролцоод эхлэх юм.

Харин Төв Ургацын хувьд өчигдөр бүх зүйл тэдний эсрэг байсан гэж болно. Д.Дэлгэрням 21 оноо авсан ч бусад тоглогч нар хангалттай байж чадсангүй багаараа ердөө 27 хувьтай довтолсон бөгөөд алсын зайнаас нийт 21 удаа шидэж ердөө ганцыг нь амжилттай болгожээ. Мөн Төв-Ургац легионер тоглогчдодоо ихээхэн найдлага тавиад байгаа хэдий ч аль аль нь төдийлөн сайн тоглолтыг үзүүлж чадахгүй байсаар байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна