МАН: Урвалт итгэлийг үгүй хийж байна

2015 оны 12 сарын 8

УИХ-ын сонгуулийн хуулийг өөрчлөхөд 20 хоногийн хугацаа үлдээд байгаа энэ хариуцлагатай цаг үед сонгуулийн хуульд зайлшгүй шаардлагатай тодорхой өөрчлөлтүүдийг оруулах ёстой гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ онцоллоо.

УИХ сонгуулийн хуулийн хэлэлцэх эсэхийг шийдээд 10 гаруй хоног өнгөрсөн ч тодорхой ахиц гараагүй байгаа юм. Харин УИХ дахь МАН-ын бүлэг дараах байр суурь барьж буй аж. Нэгдүгээрт, сонгуулийн саналыг хар машинаас гадна гар тооллогоор давхар тоолж баталгаажуулах ёстой гэж МАН-ын бүлэг үзэж байна. Хар машины хэвийн үйл ажиллагааг хөндлөнгийн байгууллагаар урьдчилан баталгаажуулах зохицуулалтыг Сонгуулийн хуульд тусгах ёстой. Санал тооллогын хар машинд эргэлзэж байгаа ард түмний эргэлзээг тайлах ёстой. Төрийн эрх мэдэлд ард түмний мэдэлд байлгахын тулд хяналтын тооллогыг заавал гараар хийх нь эргэлзээг тайлна гэж үзжээ.

Хоёрдугаарт, МАН-ын бүлэг намыг биш хүнийг сонгодог тогтолцоог дэмжинэ гэж шийдсэн. Үндсэн хуулийн 21.2-т "УИХ-ын гишүүнийг иргэд шууд сонгоно" гэж заасан. Иргэд УИХ-д өөрсдийг нь төлөөлөх гишүүнээ өөрсдөө мэдэж сонгох ёстой. Намын нэрийн ард ямар хүнийг дугуйлж байгаагаа ард түмэн мэдэхгүй байна. Намын жагсаалтаар орж ирсэн зарим хүмүүс улс орон, ард түмний нийтлэг эрх ашиг гэхээсээ зөвхөн намдаа, намын удирдлагадаа үйлчлэх тохиолдол гарч байна.

Гуравдугаарт, УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүн өөрийн нам, эвслээс гарвал эргүүлэн татдаг тогтолцоог бүрдүүлэх ёстой гэж МАН-ын бүлэг үзэж байна. УИХ-ын гишүүн хариуцлагатай байх ёстой. Олон түмний итгэлийг хүлээж УИХ-д сонгогдсоныхоо дараа өөр намд урваж байгаа нь төрийг наймааны хэрэгсэл болгож, ард иргэдийн итгэлийг үгүй хийж байна.

Дөрөвдүгээрт, сонгуулийн зөрчил маргааныг хурдан хугацаанд шийддэг болъё. Дахин болон нөхөн сонгуулийн хугацааг хуульд тодорхой зааж өгөх ёстой. Сонгуулийн хууль зөрчсөн хүмүүст хүлээлгэх хариуцлагыг чангатгая гэдэгт МАН-ын бүлэг санал нэгджээ. 2012 оны сонгуулийн маргаан одоо болтол дуусаагүй дөрвөн жил үргэлжилж байна. Тухайлбал, Говьсүмбэр, Говь-Алтай, Дархан-Уул зэрэг аймагт маргаан үргэлжилж байна гэж бүлгийн дарга хэллээ. Дархан-Уул аймагт болсон ИТХ-ын нөхөн сонгуулийн эхнийх нь хүчингүй болсон. Хоёр дахь санал хураалтаар 200 хүний саналаар тухайн нэр дэвшигч төлөөлөгч болсон. Энэ нөхөн сонгуульд ганцхан Ардчилсан нам оролцож, бусад намыг оролцуулаагүй. Засгийн эрх барьж байгаа нам хууль зөрчиж иргэдийн сонголтыг өөрчилдөг байдлыг зогсоох ёстой гэжээ.

Тавдугаарт, Сонгуулийн ерөнхий хороо/СЕХ/-г татан буулгаж, төв газар болгохыг МАН-ын бүлэг дэмжихгүй. Сонгуулийн хуулийн төсөлд сонгуулийн асуудлыг түр комисс хариуцахаар оруулж ирсэн. СЕХ бол Үндсэн хуульд заасан бүтцийн байгууллага. Тиймээс энэ байгууллага өөрийн гэсэн бие даасан хуультай, эрх зүйн байдал, бүрэн эрх нь хараат бус, тогтвортой байх ёстой. Энэ байгууллага хамтын шийдвэр гаргадаг зөвшилцлийн байгууллага байх ёстой. Дэлхийн бүх оронд ийм жишиг байдаг. Гэтэл хуулийн оруулсан энэхүү түр комисс сонгуулийн үед ажиллаад татан буугдах учраас хариуцлага хүлээхгүй болох нь. Түр комиссын дэргэд Сонгуулийн улс төрийн зөвлөл гэж байгуулах нь буруу гэжээ.

Зургадугаарт, саналын хуудсанд нам, эвсэл, нэр дэвшигчийг бичихдээ УИХ-д суудалтай, суудалгүйгээр нь ялгах биш Улсын Дээд Шүүхэд бүртгүүлсэн дарааллыг баримтлах ёстой гэж үзсэн байна. УИХ-д өргөн баригдсан төслөөр парламентад хамгийн олон суудал авсан нам нь саналын хуудасны эхэнд бичигдэнэ гэжээ. Улс төрийн намуудыг парламентад суудалгүй, суудалгүйгээр нь ялгаварлах нь буруу гэж мөн үзсэн аж.

Дээрх мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өгөв.

-Хар машинд итгэхгүй байна гэлээ. Ард түмэн хар машинд итгэхгүй байгааг та нар яаж мэдэж байна вэ. Судалгаа явуулсан юм уу. Хар машины код Монголд байдаггүй гэсэн дам яриа байдаг. Энэ эргэлзээг улс төрийн намууд тайлж болдоггүй юм уу. Сонгуулийн сурталчилгаа эхлээгүй байтал нүүрс тараах зэргээр ажил эхэлчихлээ. Энэ асуудалд ямар байр суурь барьж байна вэ?

С.Бямбацогт: Хар машины эргэлзээг тайлъя гэдэг асуудлыг Монголын ард түмэн, МАН хүсэж байгаа. Үнэхээр шударга сонгууль явуулдаг юм бол яагаад хар машины тооллогыг гараар давхар тоолоод тохирч байна уу, зөрж байна уу гэдгийг тайлж болдоггүй юм бэ. Нэг удаа тоолоод үзье таарч байвал дараа, дараагийн сонгууль хар машинаар явуулъя гэхэд хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ нь өөрөө хардлагыг улам дагуулж байгаа. Кодын асуудал хөндөж байна. Төрийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна уу гэдгийг сонгууль шийддэг. Гэтэл сонгуулийн дүнг гаргадаг хар машины код, програм нь хэний мэдэлд байна вэ, хэний өмч вэ гэдэг эргэлзээтэй. Өөртэй чинь адилхан ойлголттой л байгаа. Програм код нь гадны улсын өмч байдаг гэж... Төрийн эрх барих үйл ажиллагаагаа гадны улсын өмчөөр шийдүүлж байгаа нь үнэн бол ямар асуудал болж хувирах вэ, ойлгохын аргагүй байгаа. Тийм учраас энэ эргэлзээг тайлах ёстой.

Сонгууль болоогүй байхад нүүрс тарааж байгаа тухай яригдах болсон. Сонгуулийн жил эхэлсэн үед спортын тэмцээн зохион байгуулах, үзлэг оношлогоонд хамруулах, үнэ төлбөргүй бараа материал тараах нь хориотой гэдэг. Үүнээс наана зохицуулсан зохицуулалт байхгүй. Тийм учраас сонгогчдын саналыг авахын тулд итгэл үнэмшил, үзэл бодол үнэт зүйлээрээ сонгуульд өрсөлдөх болохоос эд материал тарааснаар итгэл хүлээх асуудал үүсэхгүй л байх. Гэхдээ яах вэ өгснийг нь ав, авсан хойноо сонголтоо хийх эрх нь ард түмэнд бий.

Ч.Хүрэлбаатар: Хар машиныг хэвлэл мэдээллийнхний өмнө харуулж байгаад IT –гийн залуусыг оруулж ирж байгаад асуудалгүй байна гэдгийг олон нийтийн өмнө баталгаажуулчих л ёстой юм. Машин нь хаана байгаа нь ч мэдэгдэхгүй байгаад эргэлзээ бий. Тийм учраас МАН-ын бүлэг хар машиныг хөндлөнгийн байгууллагаар баталгаажуулах гэдэг асуудлыг тавьсан.

-Сонгуулийн тогтолцоон дээр аль хувилбарыг нь дэмжиж байна вэ. Хүнээ сонгох ч дотроо бас ялгаатай байгаа?

С.Бямбацогт: 48х28-д хүнийг нь сонгох хувилбар байгаа. О.Баасанхүү нарын өргөн мэдүүлсэн төсөлд 38 нь тойргоос сонгогддог, 38 нь нэг тойргоос сонгогддог гэсэн ч бас л хүнийг нь сонгох тогтолцоо. 28-ыг бүсчлээд таван бүс болгоод нэр дэвшигчээ нэр дэвшүүлнэ. Энийг бас ярилцаж болно, гол нь хүн дугуйлдаг байх зарчмыг МАН-ын бүлэг барина.

Үндсэн хуульд УИХ-ын гишүүнийг иргэд нийтээрээ чөлөөтэй шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, 4 жилийн хугацаагаар сонгоно гэж заасан. Энэ нь УИХ-ын гишүүнийг шууд сонгоно гэсэн үг. Одоо үйлчилж байгаа хуулиар шууд бус нам дугуйлж намын нэрийн ард өөр хүмүүс орж ирж байгаа.

-УИХ, орон нутгийн сонгуулийг хамтад нь зохион байгуулахаар Р.Бурмаа нарын боловсруулсан төсөлд суусан. Бүлэг дэмжих үү. Бүх хэсэг дээр гараар хяналтын тооллого хийхийг шаардаж байна гэсэн үг үү?

-Саналын хуудас тоолдог 1700 орчим машин байдаг гэж ярьдаг юм билээ. Түүний дүнг нэг удаадаа гараар тоолж үзээд эргэлзээгээ тайлъя гэдэг үүднээс бүх машин дээр хяналтын тооллого хийхийг шаардаж байгаа.

Орон нутгийн сонгууль, УИХ-ын сонгуулийг хамтад нь зохион байгуулах шаардлагагүй гэж МАН-ын бүлэг үздэг. Яагаад гэвэл, УИХ-ын 76 мандат дээр 700 гаруй хүн нэр дэвшдэг. Сум, аймаг, нийслэл, дүүргийн ИТХ-ын 7800 орчим мандат дээр 25 мянга орчим хүн нэр дэвшдэг.
Хоёр сонгууль хамт нэг өдөр болохоор нэлээн урт саналын хуудсан дээр олон хүнийг дугуйлах болно. Энэ тохиолдолд сонгогчид зөв саналаа өгөх бололцоо хаагдах, нууцлал алдагдах, эргээд сонгуулийн маргаан гарвал ялагдсан хүмүүсийн маргаан улс төрийг тогтворгүй байдал руу оруулчихвий гэдэг болгоомжлол байгаа учраас тусад нь зохион байгуулах ёстой гэсэн байр суурийг МАН-ын бүлэг барьж байна.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна