Гүтгэвэл гурван зүйл заалтаар эрүү үүсгэнэ

2015 оны 12 сарын 8

УИХ-аар өнгөрсөн долоо хоногт Эрүүгийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулийг тус бүр баталсантай холбогдуулж, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, Хууль зүйн сайд Д.Дорлигжав нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Хууль зүйн сайд “Шинэ Эрүүгийн хуулийг мэргэжлийн түвшинд авч үзвэл эргэлт авчирсан хууль болсон. Харин захиргааны шинжтэй 220 гаруй хуульд байсан заалтуудыг нэгтгээд Зөрчлийн тухай хуулийг багцлан гаргасан. Эдгээр хуулиудыг ирэх оны есдүгээр сарын 1-нээс мөрдөнө. Үүний өмнө зарим хуулиудыг УИХ-аар батлуулах, боловсон хүчнээ сургаж бэлтгэх, бүтэц зохион байгуулалтаа хийх зэрэг бэлтгэл ажилд салбарынхан өөрсдийгөө бэлтгэж байна” гэсэн юм.


Энэ үеэр сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авлаа.

-Эрүүгийн хуульд сонгуулийн үеэр хүн гүтгэсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж тусгасан нь улс төрчид өөрсдөдөө ашигтай байдлаар хуульчилсан юм биш үү?

Д.Ганбат: Засгийн газраас өргөн барьсан хувилбараар бол бүхэлдээ хүн гүтгэвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тусгасан байсан. УИХ, Хууль зүйн байнгын хорооны түвшинд энэ асуудлыг яриад Зөрчлийн тухай хууль руу шилжүүлсэн. Ер нь хүнийг гүтгэвэл гурван зүйл заалтаар эрүү үүсгэж байгаа. Нэгдүгээрт, сонгууль бол төрөө байгуулж байгаа явдал юм. Төрөө байгуулж байгаа явдалд гүтгэх үйлдэл гаргавал эрүү үүсгэхээр зохицуулалт оруулсан. Хоёрдугаарт, хэрэг бүрдүүлэлт, мөрдөн байцаалтын шатанд хүнийг гүтгэвэл эрүү үүсгэнэ. Гуравдугаарт, шүүх ажиллагааны явцад хүн гүтгэвэл эрүү үүснэ.

-Цаазын ялыг шинэ Эрүүгийн хуулиар халснаар бүх насаар нь хорьдог болж байна. Шоронгийн хүрэлцээ ямар байгаа юм бол?

Д.Дорлигжав: Цаазын ялгүй байх олон улсын конвенцэд Монгол Улс нэгдсэн. Энэ заалтыг өнөөдөр олон улсад хэрэглэж байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш цаазын ялтай иргэн хүсэлт гаргавал уучилж ирсэн. Энэ нь ч ялын бодлогын хувьд зөв хувилбар.

-Эрүүгийн хуульд гэрийн хорионд байлгах гэсэн заалт орж ирсэн байна. Тухайн иргэнийг гэрийн хорионд байгааг нь яаж хянах вэ?

Д.Дорлигжав: Тухайн хүний байж болох хүрээ хязгаарыг програмд оруулаад өгчихнө. Тэр хязгаараас гарвал хяналтын төвд дохио ирнэ. Гэрийн хориог зөрчвөл биеэр ял эдлэх ба хорио 7 хоногоос 5 жил хүртэл хугацаатай байх юм.

-Торгуул тооцох систем өөрчлөгдсөн тухайд ямар тайлбар хийх вэ?

Д.Дорлигжав: Хэргийг одоогийн хуулиар хохирлын хэмжээгээр нь хөнгөн, хүнд, хүндэвтэр, онц хүнд гэсэн ангилалд оруулж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан хохирлыг тооцож ирсэн. Гурван талт хэлэлцээрийн хүрээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг заасан хугацаанд шинэчилж нэмэгдүүлэхээр хөнгөн хэрэг хүнд, хүнд нь хүндэвтэр болоод байсан юм. Өөрөөр хэлбэл, тоо өөрчлөгдөхөд ялын бодлого өөрчлөгддөг байсан юм. Иймээс торгуулийг нэгжээр тооцохоор болж, нэг нэгж нь 2000 төгрөг байхаар хуульчилсан.

Мөн энэ үеэр сэтгүүлчид талийгаач С.Зоригийн эхнэр Булганыг баривчилсан хэргийн талаар болон амиа алдсан байгаль хамгаалагч залуугийн хэргийн талаар тодруулав. Үүнд сайд Д.Дорлигжав “Хууль зүйн сайд гээд шалгаж байгаа хэргийн хавтаст хэргийг үзэж хараад тэгэх гэж байна ингэж гэж байна гэж ярьж болдоггүй. Зүгээр л мэдээлэл авдаг. Шалгах ажил ямар шатандаа байна, ямар хүч хэрэгслээр ажиллаж байна гэдэгтэй танилцдаг. Би ийм л хэмжээнд мэдээлэл авсан. Байгаль хамгаалагчийн асуудалд бол анхааралд орсон, УИХ-ын дарга хүртэл үүрэг өгсөн байгаа. Надад өгсөн цагдаагийн мэдээллээр энэ байгаль хамгаалагч эзгүй хээр очоод гэнэт амиа алдчихсан. Яг тухайн үед гэрч, ойр тойрны хүмүүс байгаагүй учир шууд очоод тогтоход их түвэгтэй байгаа. Янз янзын үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл их орж ирж байгаа. Жишээ нь, сэтгэцийн хувьд асуудалтай байсан байж болохоор, зарим нь ахуй хүрээний асуудал байж болохоор, зарим нь заналхийлсэн байж болохоор гэх мэт. Цагдаагийн байгууллага асар олон мэдээллийг захаас нь тодруулахаар ажиллаж байгаа. Энэ бол илрүүлэхэд нэлээд түвэгтэй хэргийн нэг юм шиг байна гэсэн.

Булганыг барьж хорьсон хэргийн тухайд надад хэвлэлийн хэмжээний л мэдээлэл байна. Энэ дээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр батлагдсан цагдаа, тагнуулаас бүрдсэн ажлын хэсэг байдаг. Энэ ажлын хэсэг прокурорын байгууллагын шууд хяналт дор үйл ажиллагаагаа явуулдаг. Юу болоод яагаад баривчлав гэдэг дээр илүү мэдээлэл алга” гэсэн тайлбар хийсэн юм.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна