С.Эрдэнэ эмчлүүлэхээр БНСУ-ыг зорьжээ

2015 оны 12 сарын 8

“Засгийн газар манай компанийн үйл ажиллагааг дэмжихгүй дарж байна” гэсэн үндэслэлээр “Эрдэнэс тавантолгой” компанийн ажилтан С.Эрдэнэ өөрийгөө шатааж, эрүүл мэндээ хохироосон явдал өнгөрсөн сард гарсан.

Гэмтэл судлалын үндэсний төвд эмчлүүлж байсан тэрээр өчигдөр гэр бүлийнхний хамтаар БНСУ-ыг зорьжээ. С.Эрдэнийг дагаж эхнэр нь, хоёр хүүхэд нь мөн эмч дагалдаж явсан байна. Эмчилгээний зардал хийгээд, байрлах буудлын зардал, онгоцны тийз зэрэг нь нийлээд 130 орчим сая төгрөг болсон аж. Эдгээр зардлыг бүгдийг “Эрдэнэс тавантолгой” компаниас гаргуулж авсан гэх мэдээлэл байна.

Уг нь С.Эрдэнийг Монголдоо эмчлэх бүрэн боломж байсан ч өөрөө БНСУ-д очиж эмчлүүлэх хүсэлт гаргасан тул “Эрдэнэс тавантолгой” компани бүхий л боломжоор хангаж, дагалдаж яваа бүхий л хүмүүсийнх нь зардлыг хүртэл даасан нь энэ бололтой. Хүний эрүүл мэнд нэгдүгээрт тавигдах асуудал тул зардлыг нь даасан нь тэр биз. Гэхдээ ухаангүй үйлдэл нэгэн гэр бүлийг хүнд байдалд оруулаад зогсохгүй төрийн өмчит компанийн санхүүд ч хүндрэл учруулж байгааг ойлгох ёстой. Хэрвээ тэр өөрийгөө шатаах алхмыг сонгоогүй бол өнөөдөр эрүүл саруул байх байлаа. Алдагдал хүлээн хүндхэн нөхцөлд ажиллаж байгаа “Эрдэнэс тавантолгой” компани ч 130 сая төгрөгийг ийм байдлаар зарлагдаж, үрэн таран хийхгүй байв. Эцсийн дүндээ энэ зардал татвар төлөгчдийн халааснаас л гарч байгаа шүү дээ.

Д.БОРХҮҮ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна