Толгой угаахдаа гаргадаг 8 аюултай алдаа

2015 оны 12 сарын 8

1. Маш ихээр хөөсрүүлэх

Их хөөсөрдөг шампуниар угаавал толгойн арьс, үс сайн цэвэрлэгдэнэ гэж үздэг нь буруу юм байна. Хөөс ихэдвэл үс хуурайшиж, ширүүн болдгийг трихологч эмч (үс, толгойн эрүүл мэндийн эмч) нар анхааруулж байгаа ажээ. Ялангуяа будагтай болон химийн аргаар буржийлгасан үс хуурайшихдаа амархан байдаг тул илүүдэл флокулянт (хөөс үүсгэгч бодис) маш аюултай гэнэ.

2. Халуун усаар угаах

Олон хүн халуун ус хир сайн арилгадаг гэж үздэг. Үнэн хэрэгтээ халуун ус үсний эрүүл мэндэд тун тохиромжгүйгээс гадна гялалзсан өнгийг нь үгүй болгодог байна. Харин бүлээн ус толгойн арьсны чийглэгийг зохих түвшинд барьж, ангижруулагч болон чийгшүүлэгч төрөл бүрийн бодисууд үсэнд сайн шингэхэд эерэг нөлөө үзүүлдэг гэнэ.

3. Байнга нэг төрлийн шампунь хэрэглэх

Бүтэн жилийн турш нэг л янзын шампунь хэрэглэх нь хүлээсэн үр дүнг өгч чадахгүй. Учир нь, тодорхой хугацааны дараа үсний уутанцруудын эдгээр биоформулыг хүлээн авах чадвар буурдаг байна. Үсэндээ тохирох төрлийн шампунийг 8-10 долоо хоног хэрэглээд л сольж байвал үсний уганд пероксид, силикон зэрэг бодис хуримтлагдах аюулаас зайлсхийж болох юм байна.

4. Шампунийг хуурай үсэнд түрхэх

Толгойгоо урьдчилж сайн норгохгүйгээр шампунь түрхэх нь том алдаа. Учир нь, хуурай үсэнд ямар ч үс арчилгааны бодис огт нөлөөлдөггүй байна.

5. Шампунийг толгойныхоо нэг л хэсэгт үргэлж түрхэх

Канадын эмч нарын ажигласнаар хүмүүс шампунийг толгойныхоо тодорхой хэсэгт: голдуу зулай дээрээ түрхдэг заншилтай гэнэ. Үүнийг угаах бүрдээ өөрчилж дагзнаасаа дээш, магнайн хэсгээс дагз руугаа, чамархайн хэсэгт гэх мэтээр ээлжлэн түрхэх хэрэгтэй.

6. Толгойг хэт ихээр үрэх

Толгойн арьс маш эмзэг мэдрэмтгий тул хэт ихээр үрвэл арьсны эпидерм дэх капиллярын судаснуудыг гэмтээж, үс хугарамтгай болдог байна. Иймээс хуйханд массаж хийх маягаар даралт багатай тойрог хөдөлгөөнөөр угааж байгаарай.

7. Үсээ өдөр бүр угаах

Гоо сайхны бодисууд pH-ийн тэнцвэрт байдалд дандаа эергээр нөлөөлнө гэж байхгүй. Тэдгээрийг тодорхой дозоор зөв хэрэглэсэн үед л үсний ургалт, толгойн арьсны чийглэг байдалд сайнаар нөлөөлж, гадаад тохиромжгүй хүчин зүйлүүдээс хамгаалдаг байна. Өдөр болгон угаагаад байвал үсний өөрийн нь уян хатан чанар алдагдаж, тосны булчирхайнууд идэвхждэг. Үүний улмаас үс туг тугаараа бөөгнөрч үзэмж муутай харагддаг.

8. Нэг удаагийн угаалтанд шампунийг хэд дахиж хэрэглэх

Хэрэв шампунийг хэтрүүлэн хэрэглээд байвал толгойн арьсны хүчил-шүлтний тэнцвэрт харьцааг алдагдуулах болно. Энэ нь хуйх загатнахаас эхлээд бусад таагүй үр дагаварт хүргэж болзошгүй.

Эх сурвалж: viva.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна