Ховд Өлгий хоёр холбогдоогүй байна

2015 оны 12 сарын 8

Сэтгүүлч:
Ховд

“Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төсөл” хэрэгжээд л хэрэгжээд л байна. Эдүгээ Ховдоос Булган сумын Ярантын боомт буюу хил хүрчихсэн. Энэ чиглэлийн зам тавигдаад, өгөөж, ач холбогдлыг нь ард нийтээр сайшаах төлөвтэй. Харин Өлгий-Ховдын чиглэлийн 189.7 километр зам нэг л тодорхойгүй байсаар байна. Бодит дээрээ удирдах үйл ажиллагааны олхиогүй байдал, хийж бүтээхээр шалгарсан компаниудын  гүйцэтгэл хоёроос үүдэлтэй ажээ. Зам тээврийн сайдын зөвлөлийн хуралдааны тэмдэглэлд энэ талаар тодорхой өгүүлж, шинэ чиглэл өгөгджээ.

Ийнхүү хуралдахын өмнө дээрх авто замын барилгын ажлын гүйцэтгэл болон ажлын техникийн хяналт, зөвлөх үйлчилгээний хэрэгжилтийг шалгаж дүгнэлт гаргасан аж. Энэ дүгнэлтээр уг ажил огт урагшлаагүй, ер нь цаашид урагш муутай байсан учир Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржхандад дараах арга хэмжээг авахыг үүрэг болгосон байна. Энэ нь “Гүйцэтгэгч компаниудын ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, дараагийн гүйцэтгэх чадвар бүхий компанийг сонгож  ажлыг жигд явуулах”-ыг даалгасан байжээ.  Үүнийг дэлгэрүүлэн өгүүлэхийн өмнө  бичих тайлбар бий. Монголын баруун хязгаарыг урдаас нь хойш холбох энэ том төслийн тендерийг Азийн хөгжлийн банкнаас зарласан. Ихэнхдээ энэ ажлын гүйцэтгэлийг хятад компаниуд авдаг байна. Өлгий-Ховдын чиглэлийн энэхүү замын төслийг дөрвөн багц болгож тендер шалгаруулсан юм билээ. Дөчөөд компани энд үнийн санал өгч, ажлыг гүйцэтгэх эрхийн төлөө уралджээ. Эдгээр дөрвийг ч мөн л хятад компаниуд авч. Ингэхдээ нэг компанид гурван багцыг нь өгч. Нэг компани ихэнх багцийг авч тэгээд ажил урагшлахгүй байгаа асуудал үүдсэнээс салбарын сайдын дэргэдэх сайдын зөвлөл хүртэл хуралдаж, асуудлыг шийдэхээр дээрх шийдвэрийг гаргажээ. Түүнд “Хашаатын даваа-Толбо сум чиглэлийн гуравдугаар багцын 60 километр, Цагааннуур-Улаанбайшинтын чиглэлийн дөрөвдүгээр багцын 25,8 километр автозамд төлөвлөгөөний дагуу машин механизм, тоног төхөөрөмж, ажиллах хүч оруулж ирээгүй бөгөөд зам барилгын ажил огт эхлээгүй байгаа тул гүйцэтгэгч компанитай байгуулсан гэрээнүүдийг цуцлахыг зохион байгуулахыг даалгажээ.

Бас, зөвлөх “Ай Си Ти Сайн Консалтинг” ХХК нь төслийн хүрээнд хэрэгжүүлэх хяналтын ажил хангалтгүй байгаа тул тус компанитай байгуулсан хяналтын ажил гүйцэтгэх гэрээг цуцлахыг чиглэл болгожээ.

Түүнчлэн төслийн нэгдүгээр багцын 50 километр замын барилгын ажлын гүйцэтгэгч “Эйч Кэй Би Интернейшнл Холдинг”, “Чайна Хуаши Энтерпрайз” компанид хугацаатай үүрэг даалгавар өгч, ажлын явцыг дахин шалган танилцуулахыг даалгасан байгаа юм. Энд мөнөөх “Чайна Хуаши Энтерпрайз” компани бас асуултын тэмдэгтэй явж байна. Эдний тухайд бол энэ ажлаа л дөнгөвөл дөнгөхөөр бодит дүр зурагтайг сайдын зөвлөлөөс тодорхой ойлгуулчихаж.

Ингээд,  Азийн хөгжлийн банкнаас зарласан уг тендерт оролцсон, тухайн зам барилгын ажил гүйцэтгэхэд тавигдах шаардлага хангасан, гүйцэтгэж чадахгүйг нь  хурлаар тодорхойлсон “Чайна Хуаши Энтерпрайз”-аас өөр компанитай гурав, дөрөвдүгээр багцын ажлыг гүйцэтгэх гэрээ, мөн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, хяналтын ажил гүйцэтгэх гэрээг зохих шийдвэрүүдийг гаргуулан журмын дагуу шууд байгуулахыг чиглэл болгон ажлыг хариуцсан Газрын дарга Р.Онон, Д.Доржханд нарт даалгажээ.

Сайдын зөвлөлөөс, дэгээр цаг хугацаа алдсан, хяналт тавиагүй, уялдаа холбоо муу ажилласан төслийн нэгжийн удирдах албан тушаалтанд арга хэмжээ авахыг Төрийн нарийн бичигтээ даалгасан байна.

Аймгийн төвүүдийг авто замаар холбосны гавьяа хэнийх вэ гээд л шуугицгааж байна. Бодит дээрээ авто замаар холбогдож амжаагүй, иймэрхүү мундраатай нь бас байж л байна. Энэ нь Зам тээврийн яамны удирдлага, дээд шатанд бус, дунд тушаалтнуудын орон зайд бугшсан байдалтай тун холбоотой байж мэдэхээр байгаа нь ажлын удаашрал, эс мэдэгч царайлсан дүр төрхөөс тодорхой харагдахаар. Харин ч хаа алс Сүхбаатар аймгаас сонгогдсон М.Зоригт сайд Ховд Өлгийн хязгаар дахь замын энэ асуудалд ажил хэрэгч хандаж байгаа нь талархалтай. Яаж ч бодсон дөчийн дөчин компани тендерт орж байгаа дөрвөн багц замын гурвыг нь нэг хятад компани авчихаад иймэрхүү нүүр царайтай сууж байгааг хараад сэтгэл нь тэвчихгүй байгаа биз ээ.

Д.БОЛД

ЭХ СУРВАЛЖ: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна