Д.Эрдэнэбат: Дэлгүүрүүдийг нэгдсэн сүлжээнд оруулах цаг болсон

2015 оны 12 сарын 8

 

Аж үйлдвэрийн яам болон “Монголын жижиг, дунд дэлгүүр эрхлэгчдийг дэмжих холбоо”-той хамтран “Монголын худалдаа эрхлэгчдийн зөвлөгөөн”-ийг Төрийн ордны Их танхимд өнөөдөр /2015.12.07/-нд зохион байгууллаа. Тус зөвлөгөөнийг нээж Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат үг хэлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ “Монгол Улс 1990-ээд оноос зах зээлийн эдийн засагт шилжсэнээр дэлхийн 20–иод улстай 200  хүрэхгүй сая ам.долларын худалдаа хийж байсан  бол өнөөдөр дэлхийн 140 гаруй улстай 10-11 тэрбум ам.долларын худалдаа хийж байгаа нь тус салбарын өсөлтийн цар хүрээг илтгэж байна.

 

Аж үйлдвэрийн яам байгуулагдсанаас хойш богино хугацаанд үйлдвэр, худалдааны салбарын бодлогыг цогц байдлаар тодорхойлж, тус салбарыг төр, шинжлэх ухаан, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурласан, дэвшилтэт техник, технологи, инновацид суурилсан, өндөр бүтээмж, өрсөлдөх чадвар бүхий хөгжлийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх зорилт тавин “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”, бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны стратегийг боловсруулж, Монгол Улсын Их Хурал, Засгийн газраар батлуулаад байна. Бид цаашид үйлдвэрлэгч, хэрэглэгчийг холбосон эдийн засгийн үр ашигтай худалдааны сүлжээ, борлуулалтын тогтолцоог хөгжүүлэх, ижил үнэ, стандарт, технологи, үйлчилгээ бүхий борлуулалтын сүлжээ бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Жижиглэн худалдаанд дэвшилтэд техник, технологи, сүлжээ дэлгүүрийн стандартыг нэвтрүүлэх, худалдаа, үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид болон төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжин ажиллана” хэмээн онцоллоо.

 

Тус зөвлөгөөний зорилго нь худалдааны салбарын хөгжлийг боловсронгуй болгох, үндэсний үйлвэрлэгчдийг дэмжсэн сүлжээ дэлгүүрийн тогтолцоог бүрдүүлэх, үндэсний үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчдийн үүрэг оролцоог нэмэгдүүлж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оршиж байгаа юм.

 

Зөвлөгөөнд төрийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, худалдаа эрхлэгчид, үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч ложистикийн компаниуд зэрэг төр, хувийн хэвшлийн 800 орчим төлөөлөгч  оролцлоо.

 

ЭХ СУРВАЛЖ: WWW.ANBULEG.MN