Ардчилсан хувьсгалын түүхээр гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа

2015 оны 12 сарын 8

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн хүрээнд “Ардчилсан хувьсгал 25 бүтээн байгуулалт” гэрэл зургийн үзэсгэлэн Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөө цогцолбор баганат танхимд өнөөдөр боллоо.

Гэрэл зургийн үзэсгэлэнгийн талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр хэлэхдээ Энэ 25 жилийн хугацаанд Монгол Улсын өөрчлөлтийг гэрэл зургаар харьцуулж харуулахыг оролдсон. Өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн ажил нэлээд их. 2012-2015 оны хугацаанд Чингис бондын хөрөнгөөр маш олон бүтээн байгуулалт явагдсан нь энэхүү гэрэл зургийн үзэсгэлэнгийн дийлэнх хэсгийг эзэлж байна. Тухайлбал гудамж төслийг хүн бүр мэднэ, найман хувийн зээлийн  хүрээнд олон хороолол боссон. Мөн ТҮЦ машиныг нэвтрүүлж, 46 үйлчилгээг энэ машинаас авдаг болсон. 2566 км зам тавьсан нь өмнөх 15 жилийн хугацаанд тавьсан замаас гурав дахин илүү байгаа юм.” гэсэн юм.

Энэ үеэр өнгөрсөн 25 жилийн хугацаанд гарсан өөрчлөлтийн талаар УИХ-ын гишүүдийн сэтгэгдлийг сонслоо.   

-УИХ-ын гишүүн Н.Батбаяр

-Зам харилцаагүй аль ч салбар явахгүй. Энэ ажлыг төр хийх ёстой. Хэрэв хийгээгүй бол нийслэл хот ямар харагдах вэ? хэцүү л харагдана тийм биз. Хот босно гэдэг чинь гудамж нь гоё, зам нь сайхан болохыг хэлдэг юм. Одоо орон нутгийн замын асуудлыг шийдвэрлэх ёстой. Зам сайжирсан нэг жишээ бол Хөвсгөл аймаг гэж хэлж болно. Өнгөрсөн наадмаар хүн болгон амрахаар явлаа. Яагаад ингэсэн бэ гэхээр гурван үндсэн шалтгаантай юм. Нэгдүгээрт хамгийн сайхан байгальтай, хоёрдугаарт зам сайтай болсон, гуравдугаарт наадмаар таван өдөр амардаг болчихсон учраас тэр.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан

-Өнгөрсөн 25 жилийн хугацаанд бүтээн байгуулалт хамгийн эрчимтэй явагдсан. Үүний жишээ хамгийн цөөхөн барилга баригдсан аймагт гэхэд 350 орчим сууц шинээр барьсан. Харин хамгийн олон нь 1600 орчим орон сууц ашиглалтанд оруулсан байна. Нийслэлд гэхэд 80 мянган орон сууц баригдаж ашиглалтанд орууллаа. Гэр хорооллын иргэдийг цэвэр ус бохирын шугамаар хангаад хувьчилж авсан газар дээрээ амины орон сууц барьж байгуулах бололцоог бүрдүүлж өгөхөөр ажиллаж байна. Энэ бүгд ардчилсан хувьсгал байгуулагдсан 25 жилийн хугацаанд хамгийн том бүтээн байгуулалтын нэг юм. 

Т.ДАВААНЯМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна