Марафончдын амжилт Дохад үргэлжлэв

2015 оны 12 сарын 8

Катарын Доха хотноо энэ сарын 4-ий өдөр болсон хэт холын марафон гүйлтийн 50 км-ийн ДАШТ-д амжилттай оролцсон манай баг тамирчид өнөөдөр эх орондоо ирлээ.

Манай баг тамирчид энэ удаагийн ДАШТ-д таван хүний бүрэлдэхүүнтэй анх удаа оролцож, багийн дүнгээр V байр эзэлсэн амжилтыг үзүүлсэн юм. Мөн эмэгтэйчүүдийн 50 км- ийн уралдаанд спортын мастер Г.Хишигсайхан 3 цаг 32 минут 02 секундын амжилтаар АНУ, Хорват, Канад, Израилийн тамирчдын араас тавдугаар байрт орсон. Бусад тамирчдын хувьд Б.Алдармаа 24, Д.Бадамхатан 25, эрэгтэйчүүдээс ОУХМ Б.Доржпалам 20, Л.Лхагва 29 дүгээр байрт тус тус оржээ. 50 км-ийн эрэгтэйчүүдийн ангилалд 48, эмэгтэйчүүдэд 32 тамирчин оролцжээ.

Монголын хэт холын марафон гүйлтийн холбооны тамирчид энэ онд уулын жимийн марафоны ДАШТ, 24 цагийн гүйлтийн ДАШТ, 50 км-ийн гүйлтийн ДАШТ-д анх удаа оролцож өндөр амжилтыг үзүүлээд байна. Тус холбоо ирэх онд уулын жимийн гүйлтийн олон улсын тэмцээнийг эх орондоо зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж.

Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна