Тэрбумтнууд дэлхийг аврахаар нэгдлээ

2015 оны 12 сарын 9

 

Хүн төрөлхтний хэрэглээнээс үүдсэн нүүрстөрөгчийн хий тасралтгүй ихсэж, дэлхийн дулааралд хүргэж буй энэ үед Майкрософт Корпорацийн үүсгэн байгуулагч Билл Гейтс нэгэн шинэ байгууллагын удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд багтсан нь хэн хүний анхаарлыг татаад буй юм. Түүний шинээр эхлүүлж буй шинэ бизнес нь “Breakthrough Energy Coalition” (BEC) буюу орчуулвал “Эрчим хүчний нээлтийн эвсэл” хэмээх утгатай дүйх аж.

 

 

BEC-ийн цахим хуудсыг сонирхвол, дэлхий дахинд нүүрстөрөгч ялгаруулдаггүй “цэвэрхэн” эрчим хүчний шинэ эх үүсвэр шаардлагатайг дурдсан, түүнийг шийдэх шинэ технологи эрэлхийлж буй байгууллага гэсэн ойлголтыг өгөхөөр байв.

 

Форбес сэтгүүлийн мэдээлж буйгаар, энэхүү BEC-д хөрөнгө оруулан элссэн 28 тэрбумтнуудын дунд Билл Гейтсээс гадна Фэйсбүүкийн үндэслэгч Марк Цукерберг, Хятадын Алибаба Группийн ерөнхийлөгч Жак Ма, Африкийн хамгийн чинээлэг эр болох Алико Данготе гэх мэт хүмүүс багтсан байна.

 

 

“Дэлхийн тэрбумтнуудын долларын хүчийг цэвэрхэн эрчим хүч үйлдвэрлэх хувьсалд ашиглах” зорилт бүхий BEC-ийн захирал болох Билл Гейтс өөрийн блогтоо шинэ төлөвлөгөөнийхөө талаар битүүхэн дурдаад амжжээ. Тэрээр хэлэхдээ: “Өнөөдөр бидэнд байгаа нар салхинаас гарган авч буй сэргээгдэх эрчим хүч нь нүүрстөрөгчийг ялгаруулдаггүйгээрээ цэвэрхэн эрчим хүчинд хүрэх нэгэн төрлийн гарц мөн боловч дэлхий нийтэд тулгарч буй хэрэгцээг хангахын тулд үүнээс өөр, илүү олон замуудыг ашиглаж, шинэ төрлийн эрчим хүчийг гарган авах шаардлагатай байна” гэжээ. Үүнийг зарим аналистууд цөмийн эрчим хүчийг нэвтрүүлэх талаар олон нийтэд дохио өгч байна хэмээн хүлээн авч буй юм.

 

Яагаад тэд энэхүү мэдэгдлийг цөмийн эрчим хүчтэй холбон ойлгов?

 

Эл асуултад сэргээгдэх эрчим хүчний салбарт үйл ажиллагаагаа явуулдаг АНУ-ын компани болох CleanTechnica хариулт өгч, Билл Гейтсийн сонирхоод буй эрчим хүч нь цөмийн эрчим хүч байх магадлалтай хэд хэдэн үндэслэлийг онцолжээ.

 

 

Билл Гейтс нь 2006 онд байгуулагдсан “Terra Power” компанийг эзэмшдэг бөгөөд энэ компани нь ураныг баяжуулах үе шатанд үүсдэг хаягдал бүтээгдэхүүн болох хоосон уран гэх түлшийг ашиглан илүү аюулгүй, “цэвэрхэн” эрчим хүч гарган авах технологи дээр ажилладаг компани юм байна.

 

 

Үүнээс гадна, “Terra Power” өнгөрөгч есдүгээр сарын 22-нд Хятадын Үндэсний Цөмийн Корпорацитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм.

 

 

Санамж бичгийн хүрээнд 15 жилийн хугацаанд илүү хүрдтай цөмийн реакторыг цахилгаан хангамжийн зориулалттайгаар Хятадад барьж байгуулах бөгөөд энэ нь эдийн засгийн хувьд зардал болон байгаль орчны хувьд хаягдал багатай шийдэл гэнэ.

 

 

Уламжлалт цөмийн реактор нь ашигласан түлшнийхээ 1%-ийг л ашиглах чадвартай байдаг бол хоосон ураныг ашигласан энэхүү шинэ реактор нь эрчим хүчний гарц илүү өндөртэйн дээр байгаль орчинд илүү ээлтэй сонголт хэмээн тэд үзжээ.

 

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Уур Амьсгалын Өөрчлөлтийн Конференц 11-дүгээр сарын 30-наас 12-дугаар сарын 1-ний өдрүүдэд Парист явагдаж, дэлхийн 150 гаруй улс орны төлөөлөгч нар уур амьсгалын өөрчлөлтийг хязгаарлах арга замыг хэлэлцсэн билээ. Тэгвэл энэ үеэр Билл Гейтс болон АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нар мөн л энэхүү чиглэлд хэрэгжих “Mission Innovation” хэмээх бас нэгэн санаачлагыг танилцуулсан бөгөөд дэлхийн томоохон улсуудын Засгийн Газартай 2020 он хүртэл хамтран ажиллаж, жил бүр 20 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татах төлөвлөгөөгөө танилцуулсан байна. “Вашингтон Пост”-ын мэдээлснээр, энэхүү санаачлагад 19 улс нэгдээд байгаа юм байна. 

 

 

Чуулга уулзалтын үеэр Билл Гейтс Засгийн Газрууд болон хувийн үйлдвэрлэл эрхлэгчдийн эрчим хүчний салбарт хийгдэж буй судалгаа шинжилгээний ажлуудыг хязгаарлан, танаж буй үзэгдлийг шүүмжилж, өнөөгийн технологи дэлхийн дулаарлаас 50 жилээр хоцорч явж байгаа бөгөөд, энэ асуудлыг гамшгийн хэмжээнд очихоос сэргийлэхийн тулд эрчим хүчний салбар урьд өмнө байгаагүй их хурдаар дэвшиж хөгжих шаардлагатай байгааг онцолжээ.

 

Сонирхолтой нь, BEC нь байгуулагдаж буйгаа энэ үйл ажиллагаатай цаг хугацааны хувьд давхцуулж буюу 11-р сарын 30-нд албан ёсоор зарласан юм. Тэгэхээр Билл Гейтс одоо дэлхийн дулаарлын эсрэг хоёр ч тусдаа төслүүдэд нэгэн зэрэг гар бие оролцож байгаа байх нь. 

 

Нэмж хэлэхэд, ураны ирэх онуудын ханшийг аналистууд өөдрөгөөр төсөөлж байгаа юм. Тэгэхээр ураны салбар дэлхийн тэрбумтнуудын хөрөнгө оруулах дараагийн найдвартай талбар болон хувирч буй бололтой.

 

Г.СҮМБЭЭ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна