Путин: Цөмийн цэнэг зөөх боломжтой

2015 оны 12 сарын 9

 

Сирид алан хядагчдын эсрэг хэрэглэсэн алсын тусгалын “Калибр” мөн агаарын байрлалын X-101 далавчит пуужингуудыг  цөмийн цэнэгээр цэнэглэх боломжтойг Оросын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ.

 

Энэ тухай Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай хийсэн ажлын уулзалт дээр яригджээ.

 

Газар дундын тэнгисээс "Ростов-на-Дону" шумбагч онгоц анх удаагаа “Калибр” далавчит  пуужинг  харвасан тухай Батлан хамгаалахын сайд илтгэлээ.

 

Владимир Путин, өөрийн ээлжинд цөмийн цэнэгээр “Калибр” мөн Х-101 (стратегийн бөмбөгдөгч  Ту-160, Ту-95 онгоцны сайжруулагдсан Х-55 далавчит пуужингийн хамт зэвсэглэгдсэн "агаар-газар" ангиллын алсын тусгалын далавчит пуужин) пуужингуудыг цэнэглэх боломжийн талаар хэлжээ.

 

Үүнийг хэлж байхдаа, Оросын алсын тусгалын шинэ далавчит пуужингийн “цөмийн” хувилбарыг хэзээ ч хэрэглэх шаардлага гарахгүй гэдэгт найдаж буйгаа Путин өгүүлсэн байна.

 

Фото: Оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

 

В.Путин: Ажил хэрхэн явагдаж байна вэ, Сергей Кужугетович? Бид та нартай жилийн эцсийн зөвлөгөөнийг бэлтгэн ярилцах ёстой. Тиймээс одоо урсгал ажлынхаа талаар ярина уу.

С.Шойгу: Владимир Владимирович, таны өгсөн тушаалын дагуу арванхоёрдугаар сарын 5-наас цохилтыг эрчимжүүлж, стратегийн бөмбөгдөгч Ту-22 онгоцнуудыг бэлтгэн Оросын нутаг дэвсгэрээс пуужингийн цохилтыг явууллаа. Газар дундын тэнгисээс "Ростов-на-Дону" шумбагч онгоц анх удаагаа “Калибр” далавчит  пуужинг харвалаа. Үр дүнд нь  нисэх хүчин, шумбагч флот амжилттай буудалт хийж, төлөвлөсөн бүх байнуудыг сөнөөлөө. “Калибр” пуужин алсын зайд өндөр үр дүнтэй зэвсэг гэдгээ дахин харууллаа. Бид пуужингийн гараа, тэдний нислэг, байнд туссаныг  хянан шалгасан. Бай нь Ракка мужийн нутагт байсан  алан хядагчдын хоёр том байрлал байлаа.

В.Путин: Шумбагч усан доороос  пуужин харвасан уу?

С.Шойгу: Тийм ээ, Владимир Владимирович, шумбагч пуужинг усан доороос харвасан. Та тавдугаар сард манай шинэ зэвсгийг агаар, ус зэрэг бүх орчинд туршин шалгах үүргийг надад өгсөн шүү дээ. Ингээд бид далайгаас Каспийн флотоос пуужинг харвасан. Одоо бид Газар дундын тэнгисээс бодит харвалтыг бодит байнуудад хийлээ. Бид өнөөдөр пуужин харвана гэдгээ Израиль, АНУ-ын түншүүдэд сануулсан. Үүнээс өмнө тэр  шумбагч онгоц Хойд флотод уг пуужинг  усан дээрээс  буудан туршсан.

В.Путин: Шумбагч онгоцноос хийсэн цохилтын тухайд pэвсэг хэрхэн ажиллаж, байлдааны  талбайд юу болсон зэрэгт дүн шинжилгээ хийх хэрэгтэй. “Калибр” ч Х-101 пуужин ч ерөнхийдөө маш сайн зэвсэг болсныг харууллаа. Энэ шинэ, орчин үеийн өндөр үр дүнтэй, нарийн тусгалтай зэвсгийг ердийн цэнэгээс гадна цөмийн  цэнэгээр тоноглож болохыг бид одоо ойлгож байна. Мэдээж, террористуудтай тэмцэхэд тэр нь хэрэггүй, хэрэг болохгүй гэж найдаж байна. Оросын арми, флотын зэвсэглэлд оруулж байгаа сайжруулагдсан зэвсэг, техникийн хувьд энэ нь мэдэгдэхүйц урагшлал юм.

3М14 "Калибр" гэх далавчит пуужинг 3М10 "Гранат" гэх пуужингийн сууринд үндэслэн бүтээсэн гэж нээлттэй эх сурвалж бичсэн байгаа. Тэр пуужингийн цогцолборыг  Зөвлөлтийн тэнгисийн цэргийн шумбагч онгоцнуудад байрлуулсан байв. Тусгал нь 2600 км юм.

Каспийн флотын командлагч контр-адмирал Сергей Алекминский “Дагестан” гэх харуулын хөлөг онгоцыг 2012 онд туршсаны дараа “Калибр” пуужингийн тусгалын тухай  анх хэлж байсан юм.

"Туршилтын дүн амжилттай байна. Хөлөг онгоц муугүй, орчин үеийн тоноглолтой. Одоо бол Оросын флотын  зэвсэглэлд байгаа хамгийн хүчтэй хөлөг онгоц. Түүн дээр далайн байг 375 км-ын  зайнаас,  эргийн байг 2600 км”ээс буудах пуужингийн цогцолборыг байрлуулсан байгаа. Ийм хүчирхэг пуужинт зэвсэгтэй далайн хөлөг онгоцнууд бидэнд байхгүй, зөвхөн шумбагч онгоцнууд л  хүчирхэг пуужинтай” гэж адмирал хэлж байлаа.

 

Энэ жил Оросын тэнгисийн цэргийн хүчин түүний тоонд Каспийн флотын  “Дагестан” гэх пуужин зөөгч хөлгөөс “Калибр” гэх далавчит пуужинг байлдааны нөхцөлд туршин “Исламын улс” бүлэглэлийн байрлалыг 1500 км-ийн цаанаас буудсан юм.

 

 

Стратегийн далавчит пуужин X-101 хамгийн анх байлдааны нөхцөлд хэрэглэгдсэн нь 2015 онд бөгөөд тэр пуужингаар Сири дэх  алан хядагчдын байрлалд цохилт өгчээ. Зарим нээлттэй эх сурвалжаар бол уг пуужин нь 5500 км-ийн  тусгалтай ажээ.

 

Ту-160 онгоцны зургаан цэнэгт төхөөрөмжид байгаа Алсын тусгалын далавчит пуужин X-101

 

Шумбагч онгоцноос харвасан “Калибр” исламын дайчдын командын байрыг устгажээ

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна